Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар  2024/ШЦТ/15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.Ганзориг нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц  овогт Б-ын Ганзоригт холбогдох 2440000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны ... дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, 30 настай, дөрвөд, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн .. сум .. дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ************** регистрийн дугаартай Ц  овогт Б-ын Ганзориг

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ганзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ганзориг 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Б  сумын ... дугаар баг .. тоотод оршин суух Э.Гомбын гэрт бусадтай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Н.Нямсүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар жижиг хуванцар сандлаар түүний толгойн хэсэгт нэг удаа цохиж толгойн хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Н.Нямсүрэнгийн “...Уугаад юм яриад сууж байтал орой 00 цаг болохын алдад манай нөхөр Ганзориг намайг хардаад гичий минь гээд хэлэхээр нь би зөрүүлээд нэг удаа алгадсан чинь босож ирээд хуванцар жижиг сандал аваад миний толгой руу нэг удаа цохисон чинь толгойноос цус гарсан тэгтэл Оюун-Эрдэнэ эмнэлэгт дуудлага өгсөн. " гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)

 

Гэрч А.Оюун-Эрдэнийн Манай найз Ганзориг, Нямсүрэн нар орой 21 цагийн үед манай гэрт орж ирсэн. Бид нар Валентины баяр гээд жоохон ууж сууцгаасан юм. Эхнэр Нямсүрэнтэй нь би нэг дарс хувааж уусан. Манай нөхөр Гомбо, Ганзориг нар бол том Сэрүүн нэртэй пиво ууж байсан. Тэгээд нөхөр нь 00 цаг өнгөрч байхад жоохон согтсон уу яасан эхнэрээ хардаад байгаа бололтой жоохон маргалдах гээд хэрүүл хийгээд байсан. Тэгтэл эхнэр нь Ганзоригийг алгадсан чинь Ганзориг босож ирээд хажуудаа байсан хуванцар сандлыг аваад толгой хэсэгт нь нэг удаа цохиод авсан чинь толгойноос нь цус гарахаар нь би цагдаа дуудсан" гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас)

 

Гэрч Э.Гомбын Тухайн өдөр манай гэрт 21 цагийн үед манай найз болох Ганзориг, эхнэр Нямсүрэн нар орж ирсэн. Орж ирээд манай эхнэр Оюун-Эрдэнэ Нямсүрэнтэй 1 дарс хувааж уусан. Би Ганзоригтой 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво хувааж уусан. Ганзориг тэгээд 00 цаг болж байхад эхнэр Нямсүрэнтэй маргалдаад хэрэлдэх гээд байсан. Би яг юунаас болоод маргалдах гээд байгаагийн сайн мэдээгүй гэнэт л эхнэр нь нэг удаа Ганзоригийг алгадаад авсан чинь уурлаад босож ирээд манай гэрийн жижиг хуванцар сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл Нямсүрэнгийн толгойноос цус гарсан чинь манай эхнэр эмнэлэг дуудсан." гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай  дүгнэлтэд

 

1. Н.Нямсүрэнгийн   биед  толгой   хэсгийн   язарсан   шарх   бүхий   гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-н 16-17-р хуу)

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед эхнэр Нямсүрэнгийн хамтаар хажуу хашааны найз болох Гомбын гэрт орсон. Бид нар Валентины баяр болж байсан болохоор бид 2 хамт ороод эхнэр Нямсүрэн Гомбын эхнэр Оюун-Эрдэнэтэй хамт нэг шил дарс хувааж уусан. Би Гомботой 2.5 литрийн том Сэрүүн нэртэй пивыг хувааж уусан. Тэгээд цаг ч нилээн орой болж 00 цаг өнгөрч байхад би жоохон согтоод эхнэр Нямсүрэнтэй жоохон ам мурийж хэрүүл хийсэн. Тэгтэл эхнэр өөдөөс намайг 1 удаа алгадаад авахаар нь уур хүрээд босоод хажууд байсан хуванцар сандлаар толгой хэсэгт нь 1 удаа цохиод авсан чинь толгойноос цус гарсан чинь Гомбын эхнэр Оюун-Эрдэнэ эмнэлэг дуудсан чинь цагдаа нар хамт ирэх шиг болоод намайг цагдаа руу авч ирсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Ганзориг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нямсүрэн нь “Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулахгүй. Надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн (хх-н 36-р хуу) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх   нөхцөл байдалд тооцсон болно.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Цоохор овогт Баттулгын Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР