| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2020/0176/Э/ |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00016
2020 07 06 2020/ДШМ/16
Г.П-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолтой Г.Пд холбогдох 2038000510181 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Пгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт Г-гийн П, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн .......оны ... дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар РД81121710/.
Шүүгдэгч Г.П нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч Т.Б-ийг зодож, баруун 3 дугаар үүдэн шүдэнд булгаралт, зүүн хөмсгөнд сорви, дух ясанд цууралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Барнууд овогт Г-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Пгээс 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дунд хариад овогт Дагийсүрэнгийн Нямдорж /РД70011611/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Пд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.П давж заалдах гомдолдоо: ... Т.Б-ийг зодсон гэх үйлдэлд анхан шатны шүүх надад 800,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан билээ.
Миний бие дээрх торгуулийн мөнгийг төлөх чадваргүй ба Т.Билгүүнийг зодсон, шүдийг нь булгалсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тухайн үед Т.Билгүүнийг 1 удаа алгадсан. Гэтэл шүдийг нь булгалсан байсан гэсэн байна. Тухайн шүд нь одоо ургасан байгаа. Насны онцлогоор шүд нь унасан байхад намайг булгалсан мэтээр гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие алгадсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч шүдийг нь булгалсан, тархи толгойг нь гэмтээсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул торгуулийн ялаас хөнгөрүүлж өгнө үү. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийж чадахгүй байгаа ба эхнэр цалингийн зээлтэй байдаг тул үүнийг харгалзан үзнэ үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.П нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч Т.Бийг зодож, баруун 3 дугаар үүдэн шүдэнд булгаралт, зүүн хөмсгөнд сорви, дух ясанд цууралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүрлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч Т.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Д.Нямдорж, М.Даваажаргал, Б.Дагийсүрэн, О.Пүрэвжав нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Пг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Пгийн “...миний бие дээрх төлбөрийг төлөх чадваргүй ба Билгүүнийг зодсон, шүдийг нь булгалсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, ...Билгүүнийг 1 удаа алгадсан гэтэл шүдийг нь булгалсан байсан гэсэн байна. ...одоо булгалсан гэх шүд нь ургасан байна. ...насны онцлогоор шүд нь унасныг намайг булгалсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...төлбөрийг хөнгөлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлаас үзэхэд түүнд шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, өөр төрлийн ялаар солих хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж заахдаа биелэгдээгүй торгох ялын ямар хэмжээг хэдий хугацааны хорих ялаар солих талаар ойлгомжгүй заажээ.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй бичигдсэн байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дээрх заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...биелүүлээгүй бол” гэсний дараа “шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ