Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б***,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.С***, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.А***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ц*** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б*** нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч Э.Б*** нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/282 дугаар тушаалаар “...өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцсан, мөн дээд газрын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, намын хурал зохион байгуулсан, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр төрийн албанаас халагдсан. 

3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1099 дүгээр албан бичгээр “гомдолд дурдсан асуудлаар шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг авч, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай” 128/ШЗ2022/1408 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэснээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Миний бие ажиллах хугацаандаа дээд байгууллага, удирдлагаас өгсөн хууль зүйн үндэслэлтэй үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, өөрийн хуулиар хүлээсэн ажил, албан тушаалын үүргээ биелүүлж, хуулийн дагуу ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүрэг түp орлон гүйцэтгэгч С.С*** нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс ажилдаа томилогдсон цагаас хойш хууль бус шаардлага тавьж, чи өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж янз бүрийн байдлаар ажлын байрны дарамт байнга үзүүлдэг байсан.

Дээрх хууль бус шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа удаа дараалан тайлбарлан хэлсэн боловч Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч С.С*** нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4 жилд нэг удаа зохион байгуулдаг хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцсон бичлэгийг намын хурлын зохион байгуулалтад оролцсон гэж гүтгэж, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн зүйлийг нам, улс төрийн албан тушаалтантай харьцуулж, хууль бус шийдвэр гаргаж, хууль зүйн үндэслэлгүйгээр төрийн албан хаагчийг Дэлхий нийтэд болон Монгол Улсын хэмжээнд нүүрлэж буй Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлаас халж, төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд маш их гомдолтой байна.

Миний бие Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг хүлээн авч танилцаад тушаалыг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд гомдолд дурьдсан асуудлаар шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1099 дугаартай хариуг авсан.

Өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02379 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 5,432,692 төгрөгийг гаргуулж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1712 дугаартай магадлалаар хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02379 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1712 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Э.Б*** нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчаар төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа дээд шатны байгууллагаас өгсөн хууль зүйн үндэслэлтэй үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, өөрийн хуулиар хүлээсэн ажил, албан тушаалын үүргийг хуулийн хүрээнд биелүүлж ажиллаж байсан. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг, үр дүнгийн биелэлтийг дүгнэсэн дүгнэлтээр А үнэлэгдсэн баримтаар нотлогдоно.

Ардчилсан намын хүн, намын хурал зохион байгуулсан гэсэн хууль бус үндэслэлээр Э.Б***-г албан тушаалаас нь хууль зүйн үндэслэлгүй халж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Э.Б*** нь ямар нэгэн намын хуралд оролцоогүй, намын хурлыг зохион байгуулаагүй. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд иргэн хүний хувьд оролцсон байхад намын харьяалалгүйгээр хурал зохион байгуулсан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй.

Э.Б*** нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалыг хашдаг байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*** нь Баянгол дүүргийн 6 дугаар хороонд бүртгэлгүй байсан гэж байна. Энэ нь худал тайлбар. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанд Э.Б*** нь тухайн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн мөн байсан гэдэг нь нотлогддог.

Хэрэгт гаргаж өгсөн СД бичлэгт Э.Б*** нь зохион байгуулагчийн хувиар биш иргэний хувьд тус хуралд оролцож хаалган дээр зогсож байгаа бичлэг авагдсан. Ардчилсан намын хурал зохион байгуулсан зүйлгүй. Хуульд зааснаар орон нутгийн сонгуулийн дараа хорооны Засаг даргыг томилох болон хорооны иргэдийн Төлөөлөгчдийг томилох хурал 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм билээ. Үүний дагуу хурлыг даргалсан н.И гэрчээр мэдүүлэг өгөхдөө тус хороонд уг хурлыг зохион байгуулах боломжгүй учраас тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар намын хурал зохион байгуулагдаагүй, иргэдийн Нийтийн Хурлын даргалагч өвчтэй байсан тул миний бие бусад төлөөлөгч нарын хүсэлтийн дагуу тус хуралдааныг даргалсан гэдгээ мэдүүлсэн. Үүгээр намын хурал биш гэдэг нь тогтоогддог.

Удирдлагаас өгсөн хууль зүйн үндэслэлтэй үүрэг даалгаврыг төрийн жинхэнэ албан хаагч биелүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 17 цаг 30 минутаас хойш ажлын бус цаг гэж тооцогддог. Тухайн 6 дугаар хорооны Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч С.С оройны 20 цагийн үед залгаж ажлаа хий гэсэн шаардлагыг тавьсан. Тухайн үед ажлын цаг дууссан тул маргааш хийе гэдгээ хэлсэн байдаг. Энэ нь хурлын протоколд бий. 6 дугаар хорооны Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч С.С Ардчилсан намын хүн гэдэг байдлаар Э.Б***-г удаа дараа шахаж, ажлаа өг гэдэг байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хурлын протоколоор нотлогддог. Ардчилсан намын хурлыг зохион байгуулж, оролцсон гэж халсан боловч бодит байдал дээр тус хурал нь намын хурал бус иргэдийн Нийтийн Хурал байсан. Аль ч нам орон нутгийн сонгуульд ялсны дараа иргэдийн Нийтийн Хурлаа хуралдуулж, төлөөлөгчөө сонгож, төлөөлөгч нараасаа даргаа сонгодог. Тус хуралд оролцсон Э.Б***-гийн сонгох, сонгогдох эрхийг Баянгол дүүргийн Засаг даргаас хязгаарлах эрх байхгүй. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хорооны оршин суугч гэдэг утгаар тухайн хуралд оролцсон нь албан

тушаалтай нь хамааралгүй.

Тус хуралд Э.Б*** оролцсоноор хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж зөрчигдсөн нь тодорхой бус байдаг. Харин ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өмнө нь Ардчилсан намд ажилладаг байсан гэсэн үндэслэлээр хавтгайруулж халсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Иргэн Э.Б***-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчаар томилж, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн болно.

 Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т "энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал" гэж заасан ба нэхэмжлэгч Э.Б***-ийн хувьд энэ ангилалд хамаарч буй төрийн жинхэнэ албан хаагч юм.

Мөн хуулийн 37 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг заасан ба 37.1.4-т "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, 37.1.10-т Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж заасан байна.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т "Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно", 39.1.13-т "Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно" гэж тус тус заасан байдаг.

Гэтэл Э.Б*** нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намын хурлын зохион байгуулалтад оролцсон нь бичлэгээр тодорхой бичигдсэн байдаг ба өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд түгээсэн байна.

Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй талаар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлд өргөдөл ирсэн байдаг.

Үүний дагуу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн ёс зүйн зөвлөл хуралдаж, өргөдөл гаргагч С.С болон 6 дугаар хорооны зохион байгуулагч Э.Б***-тай уулзаж, холбогдох тайлбарыг авч ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл үйлдэж шийдвэр гарсан.

Иймд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-оос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/285 дугаар тушаалаар 6 дугаар хорооны зохион байгуулагч Э.Б***-г албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд зааснаар зохион байгуулагчийн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.4-т “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх”, 37.1.10-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж заасан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйлийг зааж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох”, 39.1.13-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх” гэж заасан. Нэхэмжлэгч Э.Б*** нь намын зохион байгуулалттай хуралд оролцож, Төрийн албаны тухай хуульд заасан хориглох зүйлсийг хийсэн.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд тухайн иргэдийн Нийтийн Хурал нь Засаг даргын тайлангаа тавьсан хурал байсан. Тус хуралд ажлын чиг үүргийн дагуу оролцоогүй гэсэн байдаг. Гэвч 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч н.И нь гэрчээр оролцохдоо хорооны иргэдийн Нийтийн Хурлыг иргэдийн Нийтийн Хурлаас зохион байгуулсан, чиг үүргийн хувьд Э.Б***-нд ямар ч оролцоо байхгүй гэсэн байдлаар тайлбарласан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хаягийн лавлагаа зэргээс үзвэл Э.Б*** нь Сүхбаатар дүүргийн иргэн байдаг. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын оршин суугаа газрын лавлагаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг гэсэн лавлагаа ирсэн байдаг. Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцох боломжгүй. Иргэдийн Нийтийн Хурал нь тухайн хорооны оршин суугчид хуралдаж тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг хурал. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн намын хурлын бичлэгийг хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн. Бичлэгт намын зохион байгуулалттай хурал, гаднаас хүн оруулахгүй гэж хаалган дээр байгаа хүн хэлдэг. Тус бичлэгт Э.Б*** байгаа нь харагддаг. Иргэдийн Нийтийн Хурал байсан бол 6 дугаар хорооны иргэдийг чөлөөтэй оролцох эрхээр хангах байтал хаалган дээр зогсоод хүмүүсийг оруулахгүй байдаг.

6 дугаар хорооны Засаг даргаас Э.Б*** нь үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэж Ёс зүйн зөвлөлд хандсан байдаг. Ёс зүйн зөвлөлийн хуралд Засаг дарга болон Э.Б***-аас тайлбар авахад Э.Б*** ажлын цаг дууссан тул очих шаардлагагүй гэсэн байдаг нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэдэг харагддаг.

Төрийн албаны үндсэн зарчим болох улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын үйл ажиллагаанаас ангид байх үүргээ биелүүлээгүй Э.Б***-г ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Э.Б***-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр “Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ардчилсан намын хурал зохион байгуулсан, оролцсон гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Тухайн өдөр болсон гэх хурал нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал байсан. Тус хуралд би 6 дугаар хорооны иргэний хувиар оролцсон.

2. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг, үр дүнгийн биелэлт “А” үнэлэгдсэн байхад удирдлагаас өгсөн үүрэг дуулгаврыг биелүүлдэггүй зэрэг үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Э.Б***- нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар тус дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/282 дугаар тушаалаар “...өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцсан, мөн дээд газрын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, намын хурал зохион байгуулсан, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр төрийн албанаас халагдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/283 дугаар болон 2021 оны Б/282 дугаар тушаал болон холбогдох бусад баримтаар,

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С-аас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлд хандан гаргасан өргөдлийн дагуу Баянгол дүүргийн Ёс зүйн зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдан “харилцаа хандлагын хувьд дутагдалтай”, “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх зэргийг зөрчсөн”, “улс төрийн ... үйл ажиллагаанд оролцсон”, “цаг бүртгэлийн төхөөрөмжийн бүртгэлээр цаг ашиглалт хангалтгүй”, “онцгой үед утсаа салгаад алга болдог” зэрэг үндэслэлээр уучлалт гуйх болон албан тушаалаас халах саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар тушаалд нэхэмжлэгчийг “...өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцсан, мөн дээд газрын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, намын хурал зохион байгуулсан, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан хэдий ч хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр албан бичгээр “2022 оны 1 дүгээр сараас эхлэн хурууны хээний төхөөрөмжийн дата баазыг шинэчилсэн бөгөөд ... Э.Б***-ийн цаг бүртгэлийн мэдээлэл устсан” болох нь,

Гэрч, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч М.И-ийн мэдүүлэг, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02/164 дүгээр албан бичиг, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-ээс 7 дугаар тогтоол, хэргийн оролцогчдоос шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн СД бичлэг болон Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22111001000178 дугаар иргэний үнэмлэхний лавлагаа болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч Э.Б*** нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин сууж байсан, намын хурал зохион байгуулсан гэх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус хороонд иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан зохион байгуулагдсан болох нь,

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С-аас гаргасан өргөдлийн дагуу дүүргийн Ёс зүйн зөвлөлөөс “өөрийн цахим хуудаст улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцсан, мөн дээд газрын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй” хэмээн үзсэнийг үндэслэн хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий захиргааны акт болох Б/282 дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Э.Б***-ийн өөрийн хувийн “Kharchin EB” фэйсбүүк цахим хуудастаа “сонгуулийн шоу улам урлаг шиг болоод байнадаа” гэх зэргээр бусдын цахим хаягтаа оруулсан мэдээллийг хуваалцсан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13-д заасан “... цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх” гэж заасныг ямар байдлаар зөрчсөн буюу төрийн бодлоготой холбоотой ямар асуудлаар албан бус байр суурь илэрхийлсэн болох хийгээд хэн гэдэг улс төрийн нам, нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл түгээсэн болох, тухайн бичвэртэй холбогдуулан аливаа нам, нэр дэвшигчид ямар нэг байдлаар хохирол учирсан эсэх зэрэг нөхцөл байдлыг  хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан үүргийнхээ хүрээнд нотлох, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, шүүхэд эл талаарх тайлбар холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу гаргаж өгөөгүй болох зэрэг үйл баримт тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн,

Хөдөлмөрийн тухай хуулийн  127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 62 дугаар зүйлийн 62.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх  хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйхэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь маргаан бүхий захиргааны акт болох “Э.Б***-г албанаас халах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчээс нийгмийн сүлжээн дэх өөрийн хувийн цахим хуудаст бусдын бичсэн постыг хуваалцсан нь “төрийн бодлоготой холбоотой ямар асуудлаар албан бус байр суурь илэрхийлсэн” хийгээд “хэн гэдэг улс төрийн нам, нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл түгээсэн” болох, “дээд газрын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй” гэж хэн гэдэг албан тушаалтнаас хэзээ өгсөн, ямар үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй болох, намын хурал зохион байгуулсан гэх үйл баримт нь Хорооны иргэдийн Нийтийн Хурал биш байсан гэдгийг болон нэхэмжлэгчийн ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй гэх үйл баримтыг хуульд заасан журмын дагуу хангалттай тодорхой тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас халсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б***-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200  төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА