Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар  2024/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н *******т холбогдох 2440000000017 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., ... хамт Хэнтий аймгийн Д  сум .. дугаар баг ... гэх газар оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ************* регистрийн дугаартай Б овогт Б-н *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед Хэнтий аймгийн Б  сумын ... дугаар баг .. тоотод оршин суух Б.*******ын гэрт согтуугаар ирж түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гадаа гарсны дараа нүүр лүү мөргөж хөмсөг орчмын язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Б.*******ын Би тухайн өдөр хөдөөнөөс 19 цагийн үед гэртээ ирээд амрах гээд зүүн орон дээрээ хэвтэж байхад гаднаас ******* гэх залуу орж ирээд мэнд ус мэдээд орон дээр суугаад юм яриад сууж байхад 2-3 минутын дараа гаднаас ******* гэх залуу орж ирсэн. Орж ирээд чи арчаагүй муу новш хүн чанаргүй муу дөрвөд чи чамд их тус болж байсан гээд агсан согтуу тавих шинжтэй болоод ирэхээр нь би найз уучлаарай гээд тэвэрч аваад хажуудаа суулгаад тэгтэл босож яваад баруун орон дээр суугаад ахиад л арчаагүй хүн чанаргүй дөрвөдүүдийг бүгдийг ална гэх мэт согтуу тэгээд байхаар нь эхнэр голоор ороод та 2 найзууд байж яах гээд байгаа юм гэхэд нээх нэмэргүй хэлж байгаа үгийг ч тоохгүй тасарсан байдаг юм уу албаар тэгээд байсан юм уу мэдэхгүй байна. Би тэгээд хүүхдүүдийн хажууд дараа гээд дагуулаад гарсан чинь ******* гэх залуу салгаад боль гээд байхад зууралдаад бид 2 унасан. Тэгээд босож ирээд учраа олох гээд зогсож байхад хажуунаас шууд нэг удаа нүүр лүү мөргөсөн. Тэгтэл эхнэр зодолдох гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн байсан юм билээ. Тэр үед цагдаа ирээд *******ыг авч яваад намайг эмнэлэгт очиж үзүүл гэсэн" гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)

 

Гэрч Б.*******ын “...Тэгээд Нарлагт байх *******ын гэр лүү очиход ******* унтах гээд зүүн орон дээрээ хэвтэж байсан. Би түрүүлж ороод араас ******* орж ирээд агсан согтуу тавих гээд эхэлсэн. *******ыг чи арчаагүй сэтгэлгүй чиний ээжийг ажил явдлаар очиход баярлалаа ч гэж очоогүй гээд уурлаад агсраад байсан. Тэгтэл хүүхдүүд байна гээд ******* гадагшаа аваад гарсан. Гадаа гарахаар нь би араас нь гараад боль гэхэд зууралдаад газар унасан. Унахаар нь би салгаад боль гэтэл одоо учраа оллоо гээд өөд өөдөөсөө хараад юм ярьж байгаад гэнэт *******, *******ын нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь шууд голоор нь ороод хоёр тийш нь түлхээд тэгтэл *******ын эхнэр цагдаа дуудсан байсан юм уу бүү мэд цагдаа нар ороод ирсэн. Тэгээд цагдаа *******ыг авч яваад ******* эмнэлэг явсан. Би гэр лүүгээ *******ын эхнэрээр хүргүүлсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай 

 

1. Б.*******ын биед зүүн хөмсөг орчмын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт (хх-н 14-15-р хуу)

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* нь “... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учраа олсон.  Найз маань ирж уучлалт гуйсан” гэж мэдүүлсэн (хх-н 31-р хуу) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх   нөхцөл байдалд тооцсон болно.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б-н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР