Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар  2024/ШЦТ/19

 

 

 

 


                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Т.Энхмандах, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэдийн төлөөлөгч Ц.*******

Шинжээч Ц.Долгорсүрэн (цахимаар)

Хохирогч М.******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч А.Мөнхзул нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овогт Б-н *******д холбогдох эрүүгийн 2340000490065 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 26 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., ... хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **************** регистрийн дугаартай Л овогт Б-н *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг  ... тоотод оршин суух Б.*******ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******ыг хэл амаар доромжлолоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед би 10 цагийн үед суман дээр эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд ирээд *******ийнхоор ороход ******* согтуу сууж байхаар нь найзуудтайгаа дараа нь орно гээд гарсан. ******* хаалган дээр ирээд намайг заамдаад явуулахгүй болохоор нь “чи яах гээд байгаа юм, чи согтсон байна унтаарай” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд дэлгүүр орж сүү, хадаг аваад буцаад хажуу гэрт нь ирээд нэлээн хүлээж байгаад одоо унтаа байлгүй дээ гээд *******э, ******* би нар 4 цагийн алдад орсон. Би ганцаараа гэрийн зүүн талаар суусан. *******э, ******* нар баруун талаар суусан. ******* зүүн урд нь сууж байсан. Тэгээд бид хэд суугаад цай, хоол идээд, гурван хундага татсан. ******* над руу агсраад “чаддаг юм бол зодчих” гээд намайг байлгахгүй өдөж хатгаад байхаар нь би гараад тамхи татаад байж байхад араас гарч ирээд дахиад өдөөд болохгүй болохоор нь зүгээр цаашаа явъя гэж нэг түлхсэн. Тэгээд буцаж ороод арга ядаад гэрийн баруун талаар *******ийн хажууд гарч суусан. Араас ******* орж ирээд *******э ******* хоёрын голд нь суухаар нь ашгүй холдлоо доо гэж байсан чинь “танайх удам муутай, танай ээж чинь хүн биш чи аавгүй биз дээ” гээд намайг доромжлоод байсан. Би нэг л мэдэхэд хутгаа бариад салгалаад зогсож байсан. Би яг хутгалснаа сайн санахгүй байгаа. Би өөрөө түргэн дуудсан” гэв.

Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би найрын өдөр буюу 09 сарын 31-ний орой очсон. 10 сарын 01-ний өглөө найранд суусан. Тэгээд өдөр, шөнөжингөө суугаад маргааш өглөө болсон. 10 сарын 02-ны өглөө 11, 12 цагийн үед ******* ирээд гараад явсан. Би гэр дотор гарч ороогүй сууж байсан. Тухайн үед ******* орж ирээд сууж байсан. Муудаад, сайндаад байх зүйл бол ер нь болоогүй. Би баруун талд суухад миний дээд талд *******, *******э гэх хоёр залуу сууж байсан. ******* болохоор тэр дээр ширээний хажууд мах огтлоод сууж байсан. Тэгээд би цай уугаад явъя гэж бодож байсан юм. Цайгаа авахаар бостол цай асгарчихлаа гэж сандартал нүүр ам руу цус үсрээд байсан. Өөр зүйл бол мэдэхгүй хутгалуулчхаад бараг ухаан санаа алдагдчихаад байсан.” гэв.

Эрүүгийн 2340000490065 дугаартай хэргээс

 

1.Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө, 10 цагийн үед найз Даваадоржийн гэрийн найраар ороод гарахад ******* нилээн согтсон  байдалтай сууж байсан. Би ороод цай уучхаад буцаад гараад дэлгүүр ороод сүү авчхаад харих санаатай гарахад араас ******* гарч ирээд танайхан бол хүн биш, танай хамаатнууд хүн биш чи аавгүй гээд заамдаад авахаар нь чи согтсон байна гэр рүү орж унт гээд яваад өгсөн. Би дэлгүүр орчхоод айлаар ороод жоохон сууж байгаад буцаад 13 цагийн үед буцаж ирээд их хүнтэй байхаар нь хажуу гэр болох гэх айлд хүлээгээд суусан. Бас манай хэдэн найзууд ирэх болохоор хүлээж байгаад хамт оръё гэж бодоод хүлээсэн юм. Тэгж байгаад 16 цагийн үед манай найзууд болох *******э, эхнэр ******* нарын хамтаар орсон. Гэрт нь ороход *******, ******* хоёр сууж байсан. Бид 3 орж суугаад хоол идээд цай уугаад сууцгаасан. Тэгж байтал хүүхэд уйлаад эхнэр гараад хажуу гэр рүү орсон. Тэгээд бид 4 үлдээд би тэгээд *******ид гарын бэлгээ өгөөд суусан. ******* тэгээд жижиг мөнгөн аягаар *******э бид хоёрт 3, 3 хийж өгсөн. Тэрийг нь уучхаад би ууцны махнаас огтлоод идээд сууж байтал ******* өглөөний ярьснаа дахиад яриад чи аавгүй, би ээжгүй танай хамаатан ах дүү нар хүн биш гээд чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй чам шиг юм чаддаггүй юм гээд нилээн согтуу над руу дайраад байсан. Би нэг мэдсэн гартаа хутга барьчихсан салгалаад зогсож байсан. *******ын гуянаас цус гарч байсан. Энэ явдал бол маш хурдан болоод өнгөрсөн. Би бүр гайхаад хүүе хаая гэх дуунаар хөлийнх нь цусыг даралцаад боолцсон. Тэгээд л би гэх эмчийг дуудаад хөлийг нь боогоод машинд нь өргөж суулгаж өгөөд эмнэлэг явуулсан. ...Би тухайн үед сандраад айгаад өөрөө дүрчихсэн тэгээд сугалаад авсан байх гэж бодоод л тэгж мэдүүлсэн. Тэгэхээс яг үнэндээ бол яг хутгалснаа мэдэхгүй хутгаа сугалж авснаа ч мэдэхгүй байгаа юм. Энэ үйл явдал маш богинохон хугацаанд болоод өнгөрсөн. Гэнэт л хүмүүс орилолдоод явчихаар нь ухаан ороод хартал би гартаа хутгатай, *******ын хөлөөс цус гарч байсан. Тэгээд л цусыг нь дарж боолцоод Эрзоригтой хамт анхны тусламж үзүүлсэн. Сумын эмч руу өөрөө би яриад дуудаад машинд нь өргөж суулгаад эмнэлэг явуулсан. Хамт суугаад явах ухаанаа олохгүй араас би алхаад эмнэлэг орсон. Тухайн үед бол маш их сандарсан айсан байсан. Би гэрт нь ороод жижиг мөнгөн аягаар гурав л татсан байсан. Мөнгөн аяга нь бол жижигхэн би талд нь ортол уугаад л өгөөд байсан. Бараг эрүүл байсан. Манай аав маань 2013 онд зуурдаар нас барсан юм. Аав маань тухайн үед нэг найзтайгаа хамт явж байгаад мотоциклтой унаад тархиндаа гэмтэл аваад хурхираад унтаж байгаа хүн шиг байхаар нь тэндээ хоноод маргааш нь өглөө нь эмнэлэг дуудаад тэгээд тусламж авах хугацаа оройтоод бурхан болсон юм. Би хүүхэд жоохон байсан болохоор тэр явдлыг сонсоод нэг хэсэг шокноос гарахгүй аавгүй гэж бодоод хүүхдүүд бас аавгүй гээд байдаг болохоор их хэцүү байсан. Ээж маань ах бид хоёрыг өсгөх гээд л их л зовж зүдэрсэн. Би тэр явдлыг бол мартаж чаддаггүй их эмзэг болж өссөн. Тэгээд энэ асуудлыг сөхөөд аавгүй, танайхан хүн биш ээж чинь хүн биш гээд байхаар надад сэтгэл дотор их эвгүй болоод байсан юм. Тэгээд тэр өдөр орой 16 цагийн үед ороод сууж байхад өглөө тийм зүйл яриад байсан байж дахиад хүмүүсийн хажууд тэгж яриад байхаар надад маш их эмзэг тусаад байсан. Нэг л мэдэхэд би тийм зүйл хийсэн байсан. Нэг хэсэг л шокноос гарч чадаагүй. Ер нь амьдын хагацал гэдэг бол маш их уй гашуу их хэцүү юм билээ. ...Би бол барагтай уурлаж бухимдаад байдаггүй. Их тайван хүн байгаа юм. Одоо бараг миний багцаагаар эмчилгээний эм тариа, ойр зуурын шаардлагатай зүйл, хоол унд гээд 6.000.000 төгрөг зарцуулсан. Манай ээж Бямбасүрэн эмнэлгээс гартал нь сахиж хамт байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136 хуудас/

2. Хохирогч М.*******ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би эхнэр хүүхдийн хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Галшар суманд найз *******ийн гэрийн найранд орох гээд ирсэн. Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найрын 2 дахь өдөр үргэлжилж байсан юм. Орой 18 цагийн үед *******ийн найз гэх 2-3 залуу гаднаас орж ирсэн юм. Би ч өглөөнөөс хойш архи уусан болохоор нэлээн согтож байсан. Би босоод нэг залуугийнх нь хажууд суутал гэнэт миний зүүн гуянаас цус олгойдоод эхэлсэн. Би тэгээд л ухаан алдсан цаашаа юу болсон талаар санахгүй байна. Сая сэрэхэд эмнэлэгт сэрлээ. Би маш их согтолттой байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Маргаж муудсан зүйл бол байгаагүй. ... гийн согтолт гайгүй байсан. Гаднаас орж ирээд их удаагүй тийм зүйл болсон. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 хуу/

3.Хохирогч М.*******ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******ийн гэрт 15 цагийн үед ирсэн. Би ирээд найранд сууж байгаад 10 сарын 01-ний шөнө 03-04 цагийн үед унтаад өглөө 07 өнгөрөөгөөд боссон юм. Тэгээд босоод гэрийн найранд очсон болохоор жоохон ууж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой хэдэн цагийн үед гэдгийн санахгүй байна. Гаднаас *******ийн найзууд болох *******, Од-Эрдэнэ, Мөнгөнтулга, *******ын эхнэр нар  дөрвүүлээ орж ирсэн. Орж ирээд цай хоол идээд сууцгаасан. Би Од-Эрдэнэ, Эрзориг нарын доор суугаад ******* болохоор тэр хоёрын дээд талд нь суугаад мах идэж байх шиг байсан. Маргаан бол нээх болоогүй гэж бодож байна. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон юм үсрэх шиг болохоор цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус дээшээ олгойдож байсан. Гараараа би цусаа тогтоох гээд дараад тэгээд л цус нь их гараад ирэхээр нь би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн. Ер нь 5-6 сая төгрөг эм тарианд зарцуулсан байх. Би бол сайн мэдэхгүй байна. Одоогоор бол миний гаргаж өгсөн нэхэмжлэлээс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Би 18,029,435 төгрөгийг гаргуулж авахаар 2023 оны 12 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар дахиад 4,155,000 төгрөгийн нэхэмжлэл өгөөд нийтдээ 21,955,000 төгрөгийг *******ас нэхэмжилж байгаа. Надад 21,955,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140 хуудас/

4.Гэрч Б.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би шинэ гэр бариад тусдаа гараад гэрийн найр хийж байсан юм. Тухай өдөр бол найрын хоёр дахь өдөр байсан юм. Манай гэрт *******, *******, *******э бид 4 сууж байсан. Эхнэрүүд нь гадуур гал тогоо хавиар нөгөө гэрээр байсан. М.******* бол 10 дугаар сарын 01-ний орой ирээд ууж эхэлсэн. Маргааш өглөө нь босоод л шууд уусан болохоор нэлээн согтолттой байсан. Бид 3 бол харин согтолт гайгүй байсан. Хүн орж ирэхээр л ******* жоохон агсраад л байсан. Тэгээд би аятайхан бай гээд зөндөө хэлсэн найр наадамд ирчхээд аятайхан суучих гэхэд овоо гайгүй үгэнд ороод буцаад л агсрах гээд байсан. Би гэрийн хойд талд суугаад миний хажууд *******, цаана нь Од-Эрдэнэ, Од-Эрдэний цаад талд ******* сууж байсан юм. *******, ******* хоёр бол нээх маргалдсан зүйл байхгүй ******* нь жоохон үгээр идээд байгаа бололтой уул нь энэ хоёр бол ах дүүсийн хүүхдүүд болохоор би нээх ч тоогоогүй. ******* ууцны хажууд мах идээд сууж байхаар нь би архи хийж өгөх гээд архи газраас авах гээд тонгойтол нүдний үзүүрт ******* өндийж босоод ******* руу очих шиг болоход ******* цаашаа гээд түлхэх шиг л болсон. Би архиа аваад эргээд хартал *******ын гуянаас цус гарч байсан. Би харчхаад шоконд ороод юу ч дугарч чадахгүй суугаад байсан чинь ******* гэх залуу гаднаас орж ирээд хутгалуулсан хэсгийн дээд талаар нь уяа маарал хоёроор боогоод ******* бид хоёр хамт өргөлцөөд машинд суулгаж өгөөд эмнэлэг явуулсан. ...Уул нь маргалдаж муудаад сүртэй зүйл болоогүй ******* *******ыг жоохон үгээр идээд хамаатан саднуудаа яриад л байх шиг байсан. ******* бол 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирсэн байсан. Ирсэн өдрөө шөнөжин уугаад маргааш хоёр дахь өдөр нь бас уугаад нилээн согтолттой байсан. Бусад нь бол гаднаас дөнгөж орж ирээд нээх удаагүй гэхдээ мөнгөн аягаар 3, 3 уулгаад сууж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 хуу/

 5.Гэрч М.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн өдөр ******* найзын хамтаар орой 16 цагийн үед найз *******ийн гэрийн найранд очсон. Ороход *******, ******* хоёр сууж байсан. Ороод ******* бид хоёр хоол цай идээд бас мөнгөн аягаар 3, 3 аяга уугаад сууж байхад ******* ах жоохон агсрах маягтай нилээн согтолттой харагдаж байсан. Тэгэхэд ******* ууцнаас мах идээд сууж байсан. ******* ах босох гэхэд ******* цаашаа cyy гээд түлхэх шиг болсон тэгтэл л *******ын хөлөөс цус гараад сүйд болохоор нь Мөнгөнтулга эмнэлэг дуудсан байх. Энэ үед гаднаас ******* гэх залуу орж ирээд хөлийн уяа маарлаар боогоод ******* тэр хоёр өргөөд  машинд суулгаад явсан. Энэ хоёр ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Тухайн үед бол сүртэй маргалдаад муудаад байсан зүйл байхгүй. Бид хоёр гэрт нь ороод нээх удаа ч үгүй л байсан. ******* ах нилээн согтсон болгон руу агсрах гээд байсан. Би дөнгөж ороод хоол цай идээд мөнгөн аягаар гурав гурван аяга архи уучхаад л сууж байсан. Их согтсон зүйл бол байхгүй. ...Цаашаа суу гээд түлхэхдээ хутгаараа дүрчихсэн юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 хуу/

6.Гэрч Ч.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн өдөр найз *******ийн гэрийн найранд 17 цагийн үед ганцаараа очсон. Намайг очиход  гэрт *******э, *******, *******, ******* 4 сууж байсан. Би орж хоол цай идэж уучхаад гадагшаа гараад тамхи татаад зогсож байхад гэрт дотор хүмүүс шуугилдаад явчихаар нь ороод очтол Мөнгөнзулын зүүн гуянаас цус гарч байхаар нь шууд ширээн дээр байсан маарлыг аваад хөлийнхөн зүсэгдсэн хэсгийн дээд талаар нь боогоод тэгтэл цус нь тогтохгүй тэгээд би *******тай хамт өргөөд машин суулгаж өгөөд өргөлцөөд эмнэлэг орсон. ...Дараа нь эмнэлгийн гадаа ******* ирээд надад найз нь мах идээд сууж байгаад цаашаа гэхдээ хутгатай гараараа түлхээд дүрчихсэн гэж хэлж байсан. ... Намайг орж ирэхэд гайгүй л сууж байсан. ******* ах бол нэлээн согтолттой байсан. Би орж ирээд  удаагүй байсан болохоор сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 хуу/

7.Гэрч А.*******гийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр найзуудынхаа хамтаар бид 2 хүүхдүүдээ дагуулаад хамт орсон. Би гэрт ороод цай хоол унд идээд хүүхдүүд гадаа гараад тоглохоор нь би араас нь гараад гадаа сууж байсан. Анх бид нарыг орсноос хойш л наалдаж суугаад л манай нөхөр ******* руу чи яахын гээд л өдөх маягтай л юм яриад байхаар нь би та их согтсон байна шүү гэж хэлээд хажуунаас нь босоод гараад яваад өгсөн. *******ийнд анх орох гээд хашаан дотор нь байхад гадаа *******ыг ******* заамдаж аваад чи хаачих гээд байгаан гээд л зүгээр байлгахгүй байхаар нь салаад л цаашаа яваад өгсөн. Тэгээд орсноос хойш бас хажууд нь ирж налж суугаад л болохгүй манай хүн арай холдоод хүртэл суусан. Тэгээд сүүлдээ цай хоол идчхээд би хүүхдүүдээ харах гээд гадаа байхад л гэнэт шаагиад л яваад өгсөн. Би тухайн үед яг юу болсон талаар бол самгардаад сандраад мэдээгүй. *******ын хөлөөс нь цус гараад л байсан. Удаа ч үгүй эмнэлэг ирээд л аваад явсан. Манай нөхөр бол даруухан. Хүн зүгээр байхад өдөж хоргоож ийм байдалд л хүргэчихлээ гээд л бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 хуу/

8.Гэрч Х.ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр орой 17 цагийн үед *******ийн гэрт найзууд нь болох *******, *******э, ******* нар орж ирсэн. Би *******ийн гэрт нь байж байгаад орж гараад гал тогоо барьж байсан гэрээр л байсан. Намайг  гэрээс орж гараад байхад тэр хэд цай хоол унд идээд л сууж байсан. Гэрт маргалдаж муудсан зүйл бол нээх ажиглагдаагүй. Гэнэт л хүмүүс орилолдоод л явахаар нь ороод очтол манай нөхрийн гуянаас цус гарч байсан. Юу болчхов оо гэтэл Мөнгөнтулга хутгалчхлаа гээд манай нөхөр тэгж байсан. Хэн эмнэлэг рүү ярьж дуудсаныг мэдэхгүй нээх удаагүй эмч гэх хүн яваад ирсэн. Эмнэлэг рүү эмч машиндаа хэвтүүлээд аваад явсан. ******* бол согтолт гайгүй байсан. Орж ирээд нээх удаагүй байсан, Манай нөхөр бол жоохон согтолттой байсан. ... ямар ч байсан маргаан болоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 хуу/

9.Гэрч С.ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн асуудал болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчимд нөхөр бид хоёрын хуримын баярт ирсэн хүмүүс манайд байсан юм. Тэр хүмүүс дунд ******* гэдэг залуу байсан ******* нь согтуу байсан найранд ирсэн хүмүүс рүү агсраад байсан тэгээд би нэг хашаанд байдаг хадам ээжийн гэр лүү орсон тэгээд хэсэг байж байгаад эргээд гэр лүүгээ ороход манай гэрийн баруун хэсэг шалаар их хэмжээний цус гоожсон байсан тэгээд би гэрт байсан хүмүүсийн байгаа байдлаас нь ажиглаад *******ыг гуя руугаа хутгаар дүрүүлсэн байна гэж мэдсэн юм. ******* түүний эхнэр *******, *******, ******* түүний эхнэр , *******э нар байсан. Би яг асуудал болох үед гэртээ байгаагүй хажууд нэг хашаанд байдаг хадам ээжийн дээ байсан. Баруун хөлөөс цус гарсан байдалтай, их хэмжээний согтуу байсан өөрийн гэсэн ухаангүй хүн юм хэлэхэд ойлгох чадваргүй байсан. ******* нь эрүүл байсан тухайн асуудал болохоос өмнө манайд орж ирээд удаагүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163 хуу/

10.Гэрч Б.ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн асуудал болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд ******* нь миний утас руу залгаад та ******* гэх айлд хурдан хүрээд ирээч гэсэн тухайн өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан учраас яаралтай очсон юм. Тэгээд намайг *******ийн гадаа очиход гэрээс нэг хүн өргөөд гараад ирсэн би өргүүлж гарч ирсэн хүнийг машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг явсан, эмнэлэг дээр очиж биед нь үзлэг хийхэд зүүн хөлийн гуяыг боосон байсан тухайн боолтыг тайлахад гуяны дотор талд хутгалуулсан шинэ шархтай байсан шархнаас нь цус олгойдож гарч байсныг боолт хийж цусыг тогтоон шархыг цэвэрлэж 4 оёдол тавьсан тэгээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү утсаар ярьж мэдэгдэн хагалгааны баг гарч орой 22 цагийн орчимд аймгийн төвөөс хагалгааны баг ирж хагалгаа хийсэн. *******, ******* нар *******ыг түшиж гарч ирээд машины арын суудал дээр хэвтүүлэн эмнэлэг рүү хамт явцгаасан. Их согтолттой байсан хүний хэлж ярьж байгааг ойлгох чадваргүй цус тогтоох тариа хийлгэхгүй хоёр гараа савчаад нүүр ам руу цохичих гээд байсан. ******* нь тухайн үед согтуу байсан гэх зүйл ажиглагдаагүй нэлээн сандарсан байдалтай ойр зуурын зүйл дөхүүлж өгөөд гүйгээд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 хуу/

 

11.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  №56 тоот шинжээчийн

1. М.*******ын биед зүүн гуяны дунд 1/3 хэсгээр гуяны артерийг гэмтээсэн хутгалагдсан шарх, зүүн гуяны артерийн /A.Femoralis/ судасны тасрал, урагдал, зүүн хөлийг дунд чөмөгний доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид зүүн хөлийг дунд чөмөгний доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 4.17.103.2-д зааснаар тогтонги 65% алдагдуулна.

  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1-р хх-н 41-42 хуу/

 

12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  №94 тоот шинжээчийн

1. Иргэн М-ын ******* /****************/-нь 2023 оны 10 дугаар 02-ны өдөр бусдад хутгалуулж зүүн хөлөө тайруулсан гэх хэрэгт тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд хор уршиг учирсан байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлага бага гэх дүгнэлт /1-р хх-н 173-174 хуу/

 

13.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 4-7 хуу/

14.Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-10 хуу/,

15. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-н 11 хуу/

16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 181 дугаар хуудас/

17. Нэхэмжлэх хуудасны хуулбар /1 хх-ийн 209 дүгээр хуудас/

18. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээний хуулбар /1 хх-ийн 210 дугаар хуудас/

19. “Монголиан флюор спар” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/236 дугаартай тодорхойлолт /1 хх-ийн 212 дугаар хуудас/

20. Б.*******ын малын А дансны тодорхойлолт /1 хх-ийн 184 дүгээр хуудас/

21. Б.*******ын оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх-ийн 185 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг буюу хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг хохирогч М.******* болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нар хүлээн зөвшөөрч маргаагүй бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхзул “Б.*******ын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд болон шүүгдэгчийн мэдүүлгээс үзвэл тухайн хэргийн нөхцөл байдал нь хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж шүүгдэгчтэй зүй бус харилцсаны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж  тус тус мэтгэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг хутга барьж хүний биед хүнд гэмтэл учруулсан нь буруу гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн ... сумын .. дугаар баг ... тоотод оршин суух Б.*******ийн гэрт хохирогч М.*******ын гуян тус газар хутгалсан үйлдлийн улмаас хохирогч М.*******ын биед “...зүүн гуяны дунд 1/3 хэсгээр гуяны артерийг гэмтээсэн хутгалагдсан шарх, зүүн гуяны артерийн /A.Femoralis/ судасны тасрал, урагдал, зүүн хөлийг дунд чөмөгний доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл учирсан. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  №56 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход улсын яллагчийн зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ гэмт хэрэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах/ гэмт хэргийг үйлдсэн гэх дүгнэлт, тайлбарууд аль аль нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.

Прокурорын зүйлчлэл, хууль зүйн дүгнэлтийн талаар:

Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэхэд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн, хохирогчид хохирол учруулахыг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх объектив болон субъектив шинжийг шаарддаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд үйлдэл, үр дагавартаа хэрхэн хандсан болохыг тодорхойлдог гэм буруу, сэдэлт, зорилго гэсэн сэтгэхүйн элементүүдийг тухайн үйл баримттай харьцуулах, магадлах аргаар шалгах үйл ажиллагаа юм.

Прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлэг, хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үйл ажиллагаатай хэрхэн уялдан холбогдож байгаа нь тодорхой бус байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрт хохирогч М.*******, шүүгдэгч Б.*******, гэрч Б.*******, М.*******э гэсэн дөрвөн хүн байсан ба болж өнгөрсөн үйл явдлыг дараах байдлаар тодорхойлсон.

Хохирогч М.******* “...маргаан бол нээх болоогүй гэж бодож байна. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон зүйл үсрэх шиг болохоор цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус дээш олгойдож байсан” гэж,

Шүүгдэгч Б.******* “...******* өглөөний ярьснаа дахиж яриад чи аавгүй, би ээжгүй танай хамаатан ах дүү нар хүн биш гээд чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй, чам шиг юм чаддаггүй юм гээд нилээд согтуу над руу дайраад байсан. Би нэг мэдсэн гартаа хутга барьчихсан салгалаад зогсож байсан” гэж,

Гэрч Б.******* эхний мэдүүлэгтээ “...*******, ******* хоёр нээх маргалдсан зүйл байхгүй, ******* нь жоохон үгээр идээд байгаа бололтой, уул нь энэ хоёр ах дүүсийн хүүхдүүд болохоор би нээх тоогоогүй. ******* ууцны хажууд мах идээд сууж байхаар нь би архи хийж өгөх гээд архи газраас авах гээд тонгойтол нүдний үзүүрт ******* өндийж босоод ******* руу очих шиг болоход ******* цаашаа гээд түлхэх шиг л болсон. Би архиа аваад эргээд хартал *******ын гуянаас цус гарч байсан” гэж,

Хоёр дахь мэдүүлэгтээ “...******* гэрийн зүүн талд миний хажууд сууж байхад ирээд л өдөөд чи аавгүй, танай аав үхсэн биз дээ танай ээж чинь хүн биш танайхан бол хүн чанаргүй гээд их зүйл яриад байсан. ...ер нь хоромхон зуурт л болж өнгөрсөн. Намайг ширээн доороос архи аваад өндийх хооронд болсон...” гэж,

Гэрч М.*******ийн “...******* ах жоохон агсрах маягтай нилээд согтолттой харагдаж байсан. Тэгэхэд ******* ууцнаас мах идээд сууж байсан. ******* ах босох гэтэл ******* цаашаа суу гээд түлхэх шиг л болсон тэгтэл *******ын хөлөөс цус гараад сүйд болохоор нь ******* эмнэлэг дуудсан байх...” гэж тус тус дүрслэн мэдүүлсэн.

Дээрх мэдүүлгүүд нь болж өнгөрсөн үйл явдлыг харснаараа анхдагч болоод шууд мэдүүлгэн нотлох баримтад хамаарах ба шүүгдэгчийг хохирогчийн эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийснийг нотолсон үйл баримтыг дурдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийн тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинж байдал, гэмт хэрэг гарах үеийн хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, хохирогчийн гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс үйлдэлдээ хандаж буй  хандлага буюу гэм буруугийн хэлбэр зэрэг нь эрүүгийн хуульд заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголтын шалгуур шинжийг хангаагүй байна.

Тодруулбал: Санаа сэтгэл сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол, балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт хийх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгоно.

Тэгвэл хэрэгт авагдсан гэрч Б.*******, М.*******э нарын “******* жоохон агсрах маягтай нилээн согтолттой харагдаж байсан ...тухайн үед сүртэй маргалдаад байсан зүйл байхгүй ...******* нь Мөнхзулыг цаашаа гээд түлхэх шиг болсон гэж” мөн энэхүү үйл баримтыг дамжмал байдлаар гэрчлэн мэдүүлсэн гэрч Ч.*******ийн “...дараа нь эмнэлгийн гадаа ******* ирээд надад найз нь мах идээд сууж байгаад цаашаа гэхдээ хутгатай гараараа түлхээд дүрчихсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн миний үйлчлүүлэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Харин дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт  “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнийг улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгодог.

Шүүгдэгч Б.*******ын хохирогчийг “цаашаа” гэж хутгатай гараараа түлхэж буй үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Иргэдийн төлөөлөгч Н.*******гийн “хутга барьж хүнд гэмтэл учруулсныг буруу гэж үзэж байна” гэх дүгнэлт нь хэрэгт шүүхээс хийсэн дүгнэлттэй тохирч байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд

 

  1. Улаанбаатар хотод зочид буудалд байрласан төлбөр 1,200,000 төгрөг
  2. Улаанбаатар хотод орон сууц хөлсөлсөн төлбөр 3,000,000 төгрөг
  3. Ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөг
  4. Протез /хиймэл эрхтэн/ төлбөр 10,000,000 төгрөг
  5. Эмийн зардал 229,435 төгрөг
  6. Хөдөлмөрийн хөлсний зөрүү 4,020,000 төгрөг
  7. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгохоор Улаанбаатар хот руу очиж буцсан зардал 135,000 төгрөг
  8. Шүүх хуралдаанд ирж буцах зардал 541.000 төгрөгийг  шүүх хуралдааны шатанд нэмж нэхэмжилсэн.

Үүнээс шүүгдэгч нь протез буюу хиймэл эрхтэн хийлгэсэн төлбөр болох 10,000,000 төгрөг төлсөн баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бол сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгохоор Улаанбаатар хот руу очиж буцсан зардал 135,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй болно.

    

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс эмийн зардал 229,435 төгрөг, шүүх хуралдаанд ирж, буцах зардал 541,000 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдож байна гэж үзэж шүүгдэгчээс 770,435 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг 1 цагийн хугацаагаар завсарлуулж дээрх хохирлыг нөхөн төлсөн болно.

Шүүх дараах үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэв. Үүнд:

Улаанбаатар хотын Раба гэх зочид буудалд 15 хоног байрлаж 1,200,000 төгрөгийн төлбөр гарсан талаарх нэхэмжлэх нь хуулийн шаардлага хангаагүй буюу хүлээн авагчийн дансны дугаар буруу бичигдсэн, регистр хэсэгт хувь хүний регистрийн дугаар бичигдсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хохирогч талаас няцааж үгүйсгээгүй.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт айлын хажуу өрөө 30 хоногийн хугацаанд 3,000,000 төгрөгөөр хөлсөлж суусан гэх гэрээ урд нь бичигдэж, бөглөгдсөн /орон сууцны байршил, гэрээний хугацаа, хөлслүүлэгчийн нэр, утасны дугаар/ байх ба харин төлбөр хэсгийг 3,000,000 гэж, хөлслөгчийн нэр утасны дугаар зэргийг шинээр нөхөж бичжээ. Энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар гэм буруутай этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй. Ийнхүү төлөх ёстойг нотолсон баримт нь хохирогчийн цалин хөлсний цэс түүнтэй адилтгах баримтууд юм. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчийг “Монголиан флюор спар” ХХК-нд сарын 1,200,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилдаг гэх тодорхойлолт, ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн боловч энэ нь дутуу авсан гэх цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулахад хүрэлцээтэй нотлох баримт биш юм.

Хохирогч нь шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин болох 3,600,000 төгрөгийг нэхэмжилсэн атлаа хөдөлмөрийн хөлсний зөрүү болох 4,020,000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилж байгаа нь  ойлгомжгүй тул эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д нийцэж байгаа эсэхийг тодруулахаар дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан боловч дээрх эргэлзээг арилгаж чадаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэлэлцэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхзул нь “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хоёр хүүхэдтэй, эх нь хөдөлмөр чадвар алдалтын группэд байдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг, үр дагавар учирсныг бодитойгоор дүгнэж, нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 2. “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн.” Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас гадна хохирогчид учирсан хохирол, хор уршиг буюу шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч зүүн хөлөө тайруулж хөдөлмөрийн чадвараа тогтонги 70 хувь алдсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

             

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ялтай тул шударга ёсны зарчимд хамгийн ойр нэмэгдэл ял болох нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шүүгдэгчид оногдуулсан болно.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, ажлын өргөн 4 см, ажлын зузаан 2 мм  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овогт Б-н *******д холбогдох эрүүгийн 2340000490065 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

              2. Шүүгдэгч Л овогт Б-н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, ажлын өргөн 4 см, ажлын зузаан 2 мм 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт  шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

   7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

   8. Хохирогчийн зочид буудалд байрласан, орон сууц хөлсөлсөн, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний зөрүү, сэтгэцэд учирсан хор уршиг нөхөн төлүүлэх төлбөр зэрэг иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.