| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00327/И |
| Дугаар | 142/ШШ2021/00370 |
| Огноо | 2021-04-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2021/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С-н нэхэмжлэлтэй,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагч Ж.Г, хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Гтай 2005 онд танилцан гэр бүл болж, 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд том охин Г.Т, 2015 онд бага охин Г.М төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж бэлгийн харилцаа таарамжгүй, хэрүүл маргаантай байсаар 2 жил тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Г.Т, Г.М нарыг өөрийн асрамжинд авна гэж байсан боловч хоорондоо ярилцаж тохирон охидыг аавынх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Стой 2005 онд нэг гэрт орж 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд том охин Г.Т, 2015 онд бага охин Г.М нар төрсөн. Д.Стой таарч тохирохгүй болж хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Г.Т, Г.М нарыг өөрийн асрамжинд авахаар Д.Стой тохиролцсон болно. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ж.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Г гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлаж байна.
Зохигчид 2005 онд танилцан хамтран амьдарч 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 277 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин Гын Т 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, охин Гын М 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн зохион байгуулагчийн олгосон ам бүлийн тодорхойлолт, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаар “Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, 0125361 /Г-277/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Г.Тгийн 0000812690 /Г-1357/ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Г.Мгийн 6101001205 /0000167078/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай байсан бөгөөд бэлгийн харьцааны тохиромжгүй байдал зэргээс тусдаа амьдраад 2 жил болсон хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Гын Т, 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Гын М нар нь төрсөн цагаасаа эцэг эхийн хамт амьдарч байсан бөгөөд зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, охин Г.Тгийн шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан эцэг Ж.Гын асрамжинд охидыг үлдээхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг ба хариуцагч Ж.Г нэхэмжлэгч Д.Сос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.С Ж.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Гын Т 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Гын М нарыг эцэг Ж.Гын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ