| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0038/э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
2024 04 11 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2404000000029 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2-9 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хуцаа хэсгийн ... дугаар гудамжны ...тоот хашаанд оршин суух,
урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялаас 23 хоногийн ялыг биеэр эдлүүлж, 38 хоногийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, Б овгийн Б-ийн Э /РД:/.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Багануур дүүргийн ... дүгээр хороо, Хуцаагийн .. дугаар гудамжны .. тоот гэрээсээ хохирогч Э.Г-рыг “танихгүй хүн байж гэрт орж ирлээ” гэсэн шалтгаанаар хөөж гаргах явцдаа хашааны үүд хэсэгт нуруунд нь хутгаар 4 удаа хатгаж, гэмтээн эрүүл мэндэд нь ар нуруу, зүүн дал, баруун талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-наас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ архи уугаад тасраад унтаж байхад манай найз М гаднаас манайд орж ирсэн байсан. Тэгээд намайг дуудаж сэрээгээд “танай нөхөр гээд хүн ирээд байна” гэж хэлсэн. Сэрээд харахад 50 гаран насны эрэгтэй хүн манай гэрийн хойморт сууж байсан. Тэгээд би тэр хүнд хандаж “та манай гэрээс гараач ээ, би таныг танихгүй юм байна” гээд дээлнээс нь чирээд аваад гарсан. Би араас нь гараад хашаанаас гаргах гэхэд намайг “нөхөргүй 4 хүүхэдтэй юм байж юун сүртэй юм бэ” гээд хашаанаас гарахгүй байхаар нь миний уур хүрээд гэртээ ороод гал тогооны шүүгээнээс шар модон бариултай хутга аваад Г-ыг айлгах гэж нуруу хэсэгт нь 2-3 удаа хатгасан. Тэгээд хүүхдүүд гэрт хашхираад байхаар нь гэртээ орсон. Тэгээд удалгүй аавынд ороход нөгөө Г гэх хүн байсан ба хувцасыг нь тайлаад харахад нуруу хэсгээс нь цус гарчихсан байсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/,
Хохирогч Э.Г-рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Д.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-р хуудас/,
Шүүгдэгч Б.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, холбогдох баримт /хх-ийн 70-92-р хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн баримт /шүүх хуралдаанд өгсөн/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 96-133-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хуцаагийн .. дугаар гудамжны .. тоот хашааны үүд хэсэгт хохирогч Э.Г-ыг “танихгүй хүн байж гэрт орж ирлээ” гэсэн шалтгаанаар хөөж гаргах явцдаа хутгаар нуруунд нь 4 удаа хатгаж, гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд учирсан ар нуруу, зүүн дал, баруун талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Э-гийн хохирогчийн нуруу хэсэгт хутгаар 4 удаа хатгасан үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:
- Хохирогч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад манай 3 дугаар ангийн хүүхэд ирэхгүй болохоор нь асуух санаатай ангийнх нь хүүхэд байдаг Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хуцаа хэсгийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд байсан монгол гэрт явж ороход 25-30 орчим насны нэг эрэгтэй хүн сууж байсан. Зүүн талын орон дээр нэг эмэгтэй хүн цаашаа хараад хэвтэж байсан. Тэгээд би хүүгээ асуухад орж ирээгүй гэсэн. Би тухайн залуутай юм яриад “чи хаанахын залуу вэ, юу хийдэг вэ” гэхэд нөгөө залуу “хөдөө малчин” гэсэн. Тэгээд намайг гэрээс гараад явахад Э гэх эмэгтэй араас гарч ирснээ миний нуруу хэсэгт 3-4 удаа хутгалсан. Тэгээд байж байхад “болиоч ээ” гэж 2 жоохон хүүхэд орилсон. Би тухайн үед өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 16-ны орой намайг ажлаасаа ирэхэд манай гэрт зүс таних хүн сууж байсан. Би тэр хүнийг гэртээ харь гэхэд гарахгүй байхаар нь яасан талаар асуухад “танай охин намайг хутгалчихлаа” гэсэн. Хувцасыг нь тайлаад харахад нуруу хэсэгт нь 3 удаа хатгасан шархтай, цус гарч байсан. Тэр үед манай охин Эорж ирээд тэр залууг гэрт байсан галын төмрөөр нуруу хэсэг рүү нь 1 удаа цохихоор нь би тэр төмрийг нь булааж аваад орон доогуур шидсэн. Манайд ирсэн байсан М гэх залуу “хашааны гадна Э тэр залууг хутгалсан” гэж байсан. Манай охин Э 5 сартай хүүтэйгээ амьдардаг, байнга архидан согтуурдаг, архи уусан үедээ хүн рүү юу таарснаа шиддэг. Эрүүл үедээ гайгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
- Гэрч Д.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тамхи татчихаад Эрдэнэчимэгийн гэрт ороход гаднаас орж ирсэн эрэгтэй хүн багананы хажууд согтуу сууж байсан. Харин Э хүүхдээ тэврээд шатаана гээд зуухны хажууд зогсож байсан. Би тэгэхээр нь хүүг нь булаагаад авсан. Э тэр хүнийг “манайхаас гар зайл” гээд гэрийнхээ үүд хүртэл чирч босгоод араас нь түлхээд гарсан. Тэгээд гарсны дараа хаалгаа онгойлгосон байхаар нь хаах гээд очтол Э тэр хүнийг хутгалчихлаа гэсэн ба хашааны гадна хаалганы үүдэнд нөгөө эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Би Э-ийг татаж авсан. Тэр эрэгтэй хүн зүүн талын гэр рүү яваад орчихсон. Тэгээд би гэрээс гараад 00 орох гээд явж байхад зүүн гэрийн хатавчны хажууд газарт хүрэн бор иштэй хутга байхаар нь Э-ийг гарч ирээд авчихаж магадгүй гэж бодоод аваад гэрийн ард байсан саарал амбаарын үүд хэсэг рүү шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч 370,400 төгрөгийн зардал гарсан тул яллагдагч Б.Э-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай: “1.Э.Г-ын биед ар нуруу, зүүн дал, баруун талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас/,
- 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолд: “...хүрэн бор өнгийн модон бариултай, бариулын урт 12 см, ажлын хэсгийн урт 14 см, нийт урт нь 26 см урттай хутга 1 ширхэг, 72 см урттай дэгээ төмөр 1 ширхэгийг хураан авсан” гэжээ /хх-ийн 11-р хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...Иргэн Б.Б-ээс “Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хуцаа хэсгийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд манай охин Э хамт архи уусан хүнээ хутгалсан байна” гэжээ /хх-ийн 2-р хуудас/,
- Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр: “... Б.Э нь 2.97 хувийн согтолттой” гэжээ /хх-ийн 12-р хуудас/
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Улсын яллагчаас: “...Хохирогч Э.Г нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 370,400 төгрөгийг бүрэн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай” гэв,
Хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардал болох 370,400 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шийдвэрт дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтуудад: Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялаас 23 хоногийн ялыг биеэр эдлүүлж, эдлээгүй 38 хоногийн ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсон” гэжээ /хх-ийн 89-92-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд “Шүүгдэгч Б.Э нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-р хуудас/ зэрэг баримтууд авагдсан байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хуцаагийн .. дугаар гудамжны .. тоотод орших хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс шүүгдэгч Б.Э-т оногдуулсан ял дээр нэмж 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.
Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хүрэн бор өнгийн модон бариултай, бариулын урт 12 см, ажлын хэсгийн урт 14 см, нийт урт нь 26 см урттай хутга 1 ширхэг, 72 см урттай дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-ийн Э-т 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-т шүүхээс оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хуцаагийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд түүнд тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Э-т мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, дээрх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тус шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Г нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, гомдол, саналгүй гэсэн болохыг, мөн шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардал болох 370,400 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсаныг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүрэн бор өнгийн модон бариултай, бариулын урт 12 см, ажлын хэсгийн урт 14 см, нийт урт нь 26 см урттай хутга 1 ширхэг, 72 см урттай дэгээ төмөр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН