Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2021/00372

 

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К банк нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.С-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6 060 015.21 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг, нийт 6 065 015.21 төгрөгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ”К Б” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К Б, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Ч.Б, Ж.С нар нь К Бтай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ19-20 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 10 000 000.00 /Арван сая/ төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9.0 хувийн хүүтэй, МОН2301 төслийн зээлийн орон байрны нөхцөл сайжруулах зориулалтаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Банк зээлдэгчийн К Бин дахь 2035041552 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг хапгуулахаар барьцааны гэрээ байгуулсан тухайд:

Зээлдэгч Ч.Б, Ж.С нар нь К Бтай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр №БГ19-20 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Улсын бүртгэлийн Ү-2101009688 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000146695 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, шанд баг 24 гудамж 08 тоот хаягт байршилтай, 50.0 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай байршилтай, Улсын бүртгэлийн Г-2101000169 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000008689 тоот гэрчилгээтэй өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.

Зээлийн эргэн төлөлт, өр төлбөрийн үлдэгдлийн тухайд:

Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4 208 157.72 /сая хоёр зуун найман мянга нэг зуун тавин долоон төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 3 945 949.58 /Гурван сая есөн зуун дөчин таван мянга есөн зуун дөчин есөн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 680.64 /Зургаан мянга зургаан зуун наян төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг тус тус төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй ба 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 5 791 842.28 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 262 179.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 5 993.39 төгрөг нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6 060 015.21 /Зургаан сая жаран мянга арван таван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг болно.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтыг нотариатчаар гэрчлүүлэхэд 5 000.00 /Таван мянган/ төгрөгийн зардал гарсан тул нотариатчийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Мөн зээлдэгч Ч.Б 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр нас барсан тул хариуцагчаар татсанаасаа татгалзсан.

Иймд зээлдэгч Ж.Сгаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6 060 015.21 төгрөг, нотариатын зардал 5 000.00 төгрөг, нийт 6 065 015.21 төгрөгийг гаргуулж, “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр №БГ19-20 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр барьцаалуулсан улсын бүртгэлийн Ү-2101009688 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000146695 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, шанд баг 24 гудамж 08 тоот хаягт байршилтай, 50.0 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх, тус хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2101000169 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000008689 тоот гэрчилгээтэй өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Жалбуу овогтой С би 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр К Бнаас 10 000 000 төгрөг авсан. Орон байр сайжруулах нөхцөлтэйгөөр орон байшингаа барьцаалж зээл авсан нь үнэн. Энэ үед миний гэр бүлийн хүн Чойжил овогтой Б нь өөрийн нэр дээр зээл авсан.Эхнэр болох би хамтран зээлдэгчээр оролцсон. Ингээд зээлээ цаг тухайд нь төлж байсан. Нөхөр минь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бурхан болсон. Энэ үед би 5 дахь хоног дээр нь банкинд хандаж эдийн засагч Дашмаа гэдэг хүнд очиж хэлсэн. Учир нь би насаараа ажил хийгээгүй. Бие муутай учир их сандарч бүх зээлтэй банк руугаа хандсан. Гэвч 72 цагт мэдэгдэх ёстой гээд хүлээж сонсоогүй. Ингээд би болж бүтэхээр нь төлсөөр ирсэн. Хоёр охин 1, 2 дугаар курст суралцдаг, өр ширтэй үлдсэн ч би төлөөд л байсан. Сүүлдээ бага охиноо сургуулийг нь төгсгөж чадаагүй. Аавынх нь оронд ажилд нь оруулсан боловч охин минь хүнтэй сууж хүүхэд төрүүлээд ойрхон 2 хүүхэдтэй болсон. Суусан хүн нь орон байргүй өр зээлтэй хүн байсан. Сүүлд мэдсэн. Надад илүү гарах мөнгө олдохгүй болсон. Би зээлээ яаж ийгээд төлнө гэж бодож явсан. Гэвч яг хэзээ, яаж өгөх нь тодорхойгүй болсон. Би их хэмжээний өр зээлтэй байгаа. Гэвч энэ банкаа би хийсээр байсан. Одоо учраа олохгүй болчихлоо. Ажил хийх гэхээр ажил олдохгүй. Байнга бие өвдөж зүрх өвддөг. Хот суурингаас хол эрүүл агаарт дуу чимээгүй тайван бай гээд хөдөө голдуу байдаг болсон. Уул нь тэтгэвэрт гарчихвал гээд нийгмийн даатгалаа төлж яваад бас төлж чадахаа болиод зогсчихсон. Үнэндээ яах учраа олохгүй хэзээ яаж төлөх аргаа олохгүй байна. Хувь хүмүүст өшөө их өр ширтэй үлдсэн одоо ч шүүхэд өгнө гээд зөндөө асуудалтай байгаа. Учир нь манайх хувиараа блок хийж үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд 2 оюутантай болохоор юм хийж байхад орлого ордог байсан. Бас нөхөр ажилтай болохоор хүмүүсээс зээлдэж өр зээл банкнаас зээл их авдаг байсан. Гэнэт нөхөр маань нас барж бүх юм толгой хөмөрсөн мэт болж их өртэй үлдсэн. 2 охин минь том нь төгссөн. Бага нь сургуулиа төгсөж амжаагүй. Амьдрахын эрхэнд хоёулаа хүн хартай суусан боловч илүү гарах юмгүй. Том нь ажилгүй бага хүүхэдтэй, одоо төрөх гэж байгаа. Бага охин 2 ойрхон хүүхэдтэй, сарын дикретний 450 000 авдаг надад илүү юу ч олддоггүй. Амьдрал ийм болсон. Уул нь бага ч багадахгүй олдсон мөнгөө хугацаа хэтэрсэн ч хийдэг байсан. Төлөхгүй гэж боддоггүй байсан. Миний энэ асуудлыг харж үзэх боломж байдаг бол туслаач, арга олдохгүй болчихоод ийм байдалд хүрлээ. 2 эгч маань миний аргагүй байдлыг харгалзан тэтгэвэрийн хэдэн төгрөгөөсөө илүүчилж 250 000 төгрөг өгнө гэсэн. Уг нь 2024 онд дуусах ёстой зээл гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.Б, Ж.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6 060 015.21 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг, нийт 6 065 015.21 төгрөгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нас барсан шалтгаанаар Ч.Баас татгалзаж, хариуцагч Ж.Сд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Ж.С зээл авсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрөө хүнд өвчний улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй, 2 оюутан охинтойгоо бөөн өр ширтэй үлдсэн, аргагүй байдлын улмаас бага охиноо сургуульд сургаж чадалгүйгээр аавынх нь оронд ажилд оруулж өр төлбөрөө төлж байсан. Охид гэр бүл болж илүүчлэх зүйлгүй болсон гэсэн тайлбарыг гаргаж байна.

К Б зээлдэгч Ч.Б, хамтран зээлдэгч Ж.С нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ19-20 дугаартай зээлийн гэрээ байгуулагдан 10 000 000 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай, Хот байгуулалт Мон2301 төслийн зээлийг олгосон бөгөөд мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 24-8 тоот хаягт байрлах Ү-2101009688 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хувийн сууц, Г-2101000169 улсын бүртгэлийн дугаартай 942 м.кв газрыг барьцаалуулсан болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлээ төлж байсан бөгөөд  Ч.Б 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсанаар орлогын эх үүсвэргүй болж зээл буцаан төлөхөд хүндрэл гарч эхэлжээ. Гэсэн хэдий ч хариуцагч Ж.С зээлээ хугацаа хоцроосон ч төлсөөр байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээл төлөгдөөгүй болох нь талуудын тайлбар, зээл зээлийн хүүний тооцоолол, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т банкны эрх хүлээн авагч нь банкийг төлөөлөх, удирдах эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд шүүхэд бүрэн төлөөлж оролцож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шаардах эрхтэй.

Хариуцагч Ж.С өөрийгөө хүнд өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар ч орлогогүй гэж тодорхойлсон боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн зээл хойшлуулах тухай хүсэлтээ банкинд болон банкны эрх хүлээн авагчид албан ёсоор гаргаагүй байх тул түүнийг зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул хариуцагч Ж.Сд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд зээлийн эргэн төлөлт хоцорч, зээлээ төлөх талаар байнга сануулж байсан талаар хариуцагч маргаагүй тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 5 000 төгрөгийг хариуцагч Ж.Сд хариуцуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр  заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 24-8 тоот хаягт байрлах Ү-2101009688 улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбайтай амины орон сууц, мөн хаягт байрлах Г-2101000169 нэгж талбарын дугаартай 942 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Сгаас 111 990.24 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан К Б зээлдэгч Ч.Б, хамтран зээлдэгч Ж.С нарын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ19-20 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.Сгаас 6 065 015.21 төгрөг /Зургаан сая жаран таван мянга арван таван төгрөг хорин нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.С шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 24-8 тоот хаягт байрлах Ү-2101009688 улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбайтай амины орон сууц, мөн хаягт байрлах Г-2101000169 нэгж талбарын дугаартай 942 м.кв газраар үүргийн гүйцэтгэл хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Сгаас 111 990.24 төгрөг /Нэг зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн төгрөг хорин дөрвөн мөнгө/ гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ