| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00339/И |
| Дугаар | 142/ШШ2021/00413 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2021/00413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.М-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагч Ц.М /Орхон аймгаас онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Цацрал овогтой Мтай танилцаж хамтран амьдарч бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү М.Э төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хүүгээ эцгээр нь овоглосон. Хүүхдийнхээ эцэгтэй таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдраад арван сар болж байгаа тул Цацрал овогтой Маас хүү Эт тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цацрал овогтой М миний бие А.Мтай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хамтран амьдарч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү М.Э төрсөн нь үнэн. Үзэл бодол таарч тохироогүйн улмаас хоёр тийш болж, тусдаа амьдарч байгаа бөгөөд миний бие хүүхдээ бодож эргэж нийлэн амьдрах хүсэлтэй байгаа боловч нэхэмжлэл гаргагч А.Мгийн энэхүү нэхэмжлэл гаргасан хүсэлтийн дагуу хүүдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Ц.Мт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Мын Эт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 онд танилцаж дотно харилцаанд орсон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Мын Э төрсөн, одоо эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, “Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, хүү М.Эын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан ба 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Мын Эын төрсөн эцэг нь хариуцагч Ц.М мөн болох нь түүний шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг болон хүү М.Эын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй, тэтгэлэг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу хүү М.Эыг сар бүр тэжээн тэтгүүлэхээр эцэг Ц.Маас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагч Ц.Маас 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шүүхийн шийдвэрт заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Мын Эыг эх А.Мгийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Э ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ц.Маас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Маас 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ