Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2021/00428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.М-д холбогдох

179 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч Ч.М /Орхон аймгаас онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “С К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чулуунзагд овогтой М нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 61386 тоот скаймедиа үйлчилгээний гэрээг С К ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээ гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Ч.М нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 05 дугаар сарын үйлчилгээний төлбөр 35 950 төгрөг, төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 140 000 төгрөг, нотариатын зардал 3 500 төгрөг нийт 179 950 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Скаймедиа корпараци ХХК нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн компанийн Скаймедиа үйлчилгээг авч, төхөөрөмжийн үнийг төлсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Энэхүү компани нь 2020 оны 04 дүгээр сард урамшуулал зарласан гэж нэмэлтээр өөр өрөөнд салаалах төхөөрөмж тавьж өгсөн.Тухайн сард Юнившн үйлчилгээ хэрэглэх боломжтой болсон учир 2020 оны 05 сараас үйлчилгээг зогсоолгосон. Юнившн үйлчилгээг авах болсноос хойш дээрх компанийн үйлчилгээнээс татгалзсан. Гэтэл Скаймедиа компани нь урамшуулал зарлан үнэгүй олгож байсан салаа төхөөрөмжөө үнэтэй байсан мэт нэхэмжлэл гаргаснаас гадна огт бидэнд танилцуулж байгаагүй төхөөрөмжийн үнийг нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн төхөөрөмжийг худалдан авах үнийн талаар талууд урьдчилан тохиролцоогүй, төхөөрөмжөө үнээр худалдаж байгаа бол хэдэн төгрөг болох, тухайн төлбөрийг хэдий хугацаанд төлж барагдуулах талаар огт мэдэгдэж байгаагүй, гэрээ ч байгуулаагүй атлаа надад худалдсан мэт төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн төхөөрөмжийг тавиулаад хэд хоноод ашиглаагүй учир буцаан өгч болно. Урамшуулал гэж үнийг нь ч хэлэхгүй надад өгчихсөн төхөөрөмжөө 1 жилийн дараа үнэтэй байсан мэт нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн салаа төхөөрөмжийг тавиулснаар үйлчилгээ нэмэгдэнэ гэж сард 10 000 төгрөг нэмж авна гэж тайлбарлан урамшуулалд нь гэж төхөөрөмж өгсөн атлаа одоо 140 000 төгрөгний үнэтэй төхөөрөмж худалдсан мэт нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Харин үйлчилгээний үлдэгдэл төлбөр 35 950 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С К ХХК нь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын үйлчилгээний төлбөр 35 950 төгрөг, төхөөрөмжийн үнэ 140 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 3 500 төгрөг, нийт 179 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ч.М 2020 оны 05 дугаар сарын үйлчилгээний төлбөр 35 950 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, 2020 онд урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд салаа төхөөрөмжийг суурилуулан сар бүрийн төлбөрт 9 900 төгрөг нэмэгдэх, 3 жилийн хугацаанд тасралтгүй хэрэглэвэл үнэгүй олгох нөхцөлтэй байсан. Гэтэл энэ айл бүтэн ашиглаагүй. Төхөөрөмж өөрийн гэсэн үнэ өртөгтэй байдаг гэж тайлбарладаг.

            Хариуцагч Ч.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: С К ХХК-тай 2016 онд гэрээ байгуулсан нь үнэн. 2020 оны 05 дугаар сарын хэрэглээний төлбөр 35 950 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин ямар ч төлбөрийн нөхцөл тохироогүй, гэрээ байгуулаагүй, ямар хугацаанд яаж ашиглах нь тодорхойгүй энэ талаар тайлбарлаагүй байж төхөөрөмжийн үнэ нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Урамшуулалаар үнэгүй суурилуулж байгаа харин төлбөр дээр 10 000 төгрөг нэмж гарна гэж хэлж байсан бөгөөд уг төхөөрөмж нь хуучин байсан гэж  тайлбарлаж байна.

            2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Ч.М нь С К ХХК-тай үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 61386 дугаартай гэрээгээр нотлогдож байна./хх 5/

            Талууд сарын суурь хураамж 25 000 төгрөг байхаар гэрээнд харилцан тохиролцсон байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 2020 оны 06 дугаар сар хүртэл хариуцагч Ч.М бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж байсан болох нь С К ХХК-ний 2020 оны 05 дугаар сар болон 06 дугаар саруудын төлбөрийн нэхэмжлэхээр нотлогдож байна.

            Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд 3 жилийн хугацаатай ашиглавал салаа төхөөрөмжийг үнэгүй хэрэглүүлэх, сарын суурь хураамжийн төлбөр 9 900 төгрөг нэмэгдэх нөхцөлтэйгээр шинээр төхөөрөмж суурилуулсан боловч хэрэглэгч 1 сар хэрэглээд цаашид ашиглаагүй тул төхөөрөмжийн үнийг гаргуулна гэж нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бол хариуцагч Ч.М нэмэлт төхөөрөмж суурилуулах үед  бидний хооронд  ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, уг төхөөрөмжийг  ашигласны төлбөрт сар бүр төлбөр нэмж гарна гэсэн нөхцлийг хэлж энэхүү үйлчилгээг 1 сар хэрэглэсэн гэж тайлбарладаг.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтыг /урамшуулалт хөтөлбөртэй холбоотой баримт болон нэмэлт гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, нотариатын үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн атлаа холбогдох баримтгүй/ шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй,  дээрхи хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд иргэний эрх зүйн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг нотлох баримтгүй байх тул төхөөрмжийн үнийг гаргуулах шаардлага болон гэрээнээс үүдэн гарсан зардал болох нотариатын үйлчилгээний төлбөрийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

            Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх нь хэрэглэгчийн үүрэг байх тул хариуцагч Ч.Маас 35 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 143 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 034 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Маас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С К ХХК-д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Маас 35 950 /гучин таван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч  С К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 143 500 /нэг зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 034 /зургаан мянга гучин дөрөв/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Маас 4 550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С К ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг  хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ