Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000128 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт С-ийн Г, Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, хувиараа тогооч хийдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч С.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цайны газрын үүдэнд Ө.З-ын гээсэн Хаан банкны *** дугаартай дансны виза картыг ашиглан тус данснаас 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20,200 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг Оргил худалдааны төвийн 1 давхарт байрлах АТМ496 автомат теллер машинаас 395,000 төгрөгийг бэлнээр гарган авч, нийт 415,200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1,  3 дахь тал),

- Хохирогч Ө.З-ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цайны газар хоол идээд өөрийн Хаан банкны *** дугаар дансны виза картаар тооцоогоо хийгээд картаа газар унагаж гээсэн. Тухайн цайны газар маргааш нь очиж асуухад миний картыг уншуулсан эрэгтэй байхгүй өөр хүн байсан болохоор сайн мэдэхгүй байсан. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ж худалдааны төвд байрлах Хаан банк орж шинэ карт захиалсан, хуучин картаа хаалгаагүй байсан. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний данснаас 395,000 төгрөг гарсан байхаар нь банкны ажилтнаас асуухад цагдаагийн байгууллагад ханд гэсэн. ...Картын нууц дугаарыг надаас өөр хүн мэдэхгүй, цайны газар миний картыг уншуулсан эрэгтэй хүн мэдэж байгаа. ...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дансанд байсан 21,500 төгрөгийг карт уншуулж худалдан авалт хийсэн, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэг удаагийн гүйлгээгээр 395,000 төгрөгийг АТМ-аас авсан байсан. ...Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. ...Миний картыг уншуулсан хүнийг харвал танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),

-  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

- Хохирогч Ө.З-ын Хаан банкны *** дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 24-42 дахь тал)

- Хохирогч Ө.З-ын эзэмшлийн Хаан банкны виза картыг шүүгдэгч С.Г-оос хураан авч, хохирогч Ө.З-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 59-60 дахь тал),   

- Шүүгдэгч С.Г-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн үед би Ү найзынхаа ажиллуулж байсан Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах цайны газарт туслах тогооч хийгээд давхар кассан дээр сууж байсан.  ...хохирогч З гэх хүн цайны газраас 3 ширхэг хуушуур, 1 аяга цай авч, тооцоогоо Хаан банкны картаар хийсэн. Тооцоогоо хийхэд нь би картын нууц дугаарыг нь мэдсэн /нууц дугаар нь 0227 гэж санаж байна/. Хохирогч З цайны газраас гараад явсан ба би хэсэг хугацааны дараа гадаа үүдэнд тамхи татаад зогсож байтал цайны газрын үүдэнд цасан дээр ногоон өнгийн Хаан банкны карт байхаар аваад цайны газар руугаа орсон. Тухайн Хаан банкны картыг пос машин дээр уншуулаад кодыг нь хийхэд сүүлд үйлчлүүлсэн Зоригтбаатарын Хаан банкны карт мөн байсан. ...Орой нь ажлаа тараад ...картын үлдэгдлийг шалгахад 20,000 орчим төгрөг байхаар нь 100 граммын архи, тамхи аваад дуусгасан. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн картад мөнгө орсон эсэхийг шалгахад 395,000 төгрөг байхаар Сонгинохайрхан дүүрэгт байдаг Оргил худалдааны төвийн Хаан банкны АТМ-аас 395,000 төгрөгийг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цайны газрын үүдэнд Ө.З-ын гээсэн Хаан банкны *** дугаартай дансны виза картыг ашиглан тус данснаас 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20,200 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг Оргил худалдааны төвийн 1 давхарт байрлах АТМ496 автомат теллер машинаас 395,000 төгрөгийг бэлнээр гарган авч, нийт 415,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байна.

Хохирогч Ө.З нь өөрийн Хаан банкны картыг хаяж, шүүгдэгч С.Г нь тухайн картыг олсон хэдий боловч тэрээр хохирогч Ө.З-ыг цайны газраар үйлчлүүлж тооцоо хийх үед тухайн картын нууц дугаар мэдэж авсан, улмаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр тухайн картыг ашиглаж хохирогч Ө.З Хаан банкны *** дугаарын данснаас зарлагын гүйлгээ хийх, бэлэн мөнгөний машинаас бэлнээр мөнгө гаргуулан авч байгаа үйлдэл нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжгүй бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч С.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан 415,200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул түүний энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч С.Г “...хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялаа эдэлж дууссан болох нь хавтаст хэргийн 67 дахь талд авагдсан “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-оор тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Г нь анх удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг холбогдсон, гэмт хэргийн улмаас 415,200 төгрөгийн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирохоос гадна эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр улсын яллагчийн хорих ялын саналыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Э овогт С-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г-т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР