Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00448

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.А-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг эцэг Б.Б-д олгох эрхийг шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1 110 000 төгрөг гаргуулах, тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Бхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, гэрч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Атэй 2005 онд танилцан гэр бүл болж 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд том охин Б.Г, 2009 онд бага охин Б.Л тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Г, Б.Л нарыг өөрийн асрамжинд авч, эхээс нь тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Э.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б нь 2005 оноос хойш Э.Атэй гэр бүл болж амьдрах хугацаандаа 6 удаа абортонд орж, 2 охин төрүүлсэн. 2017 оноос хойш энэ хоёрын гэр бүлийн амьдрал дунд 1 хүн будлиулж байгаа. Гэр бүлийн батлах салгах шаардлага байхгүй. Э.Аийг абортонд ороод удаагүй байхад нөхөр нь согтуу ирж зодоод хэвтэрт 7 хоносон байсан. Тухайн үед би ажилтай, хүүхдүүд бага энэ хоёр тусдаа байдаг учир мэдээгүй. Энэ мэтээр яривал асуудал маш их байгаа учир охиныхоо 2 үрийг амар амгалан байхыг ерөөж зөвхөн төрөөс бидэнд боломж баталгаа болгож өгсөн гэр бүлийн батлахыг салгахгүй байхыг хүсэж товч тайлбар бичлээ. Э.А гэр бүлийн батлахаа салгахгүй, зөвхөн би 2 үрийнхээ ээж хууль ёсны гэр бүлтэйгээ явсаар байх болно. Би нөхөртөө салах зүйл хэзээ ч гаргаж байгаагүй гэж 2 охиноо санаад уйлж сууна. Сүүлийн 2 жил хүүхэдтэй уулзуулахгүй, ээжтэйгээ уулзах хүүхдийн эрх зөрчигдөж байгааг би дурьдаж байна. Иймд төрийн минь хуульч та бүхэн минь зөвөөр тунгаан шүүж шийдвэрээ гаргана уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Э.А нь Б.Бтай 2005 онд танилцаж хамт амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр том охин Б овогтой Г, 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бага охин Б овогтой Л нар төрсөн. 2004 онд ЕБС-ыг төгсөөд Сутай дээд сургуульд хууль зүйн судлалаар суралцаж байхдаа Б.Бтай танилцсан. Том охиноо төрүүлж сургуулиа орхисон. Өөрийн сурах эрмэлзэлдээ хөтлөгдөн хүүхдээ төрүүлсэн ч дахин элсэлтийн шалгалт өгч 2007 онд Монгол Улсын Их сургуулийн аялал жуулчлалын менежментийн ангид элсэн суралцсан. Хүүхдийн мөнгөө оролцуулан сургалтын төлбөрөө төлж суралцаж байгаад 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу 2 дугаар курстээ жилийн чөлөө авсан. Б.Бтай хамт амьдарч байхдаа зодуулж, сэтгэл санааны дарамтанд байдаг байсан. Энэ байдлаа ээж, дүү, ах, дүү, хамаатан садан, найз нөхөддөө огт хэлж байгаагүй. Хүүхдүүдээ өнчрүүлэхгүй элэг бүтэн сайхан амьдрахын тулд Б.Бгийн ааш араншинг тэвчиж, гайгүй болох байх гэж найдан итгэж хүлээсэн. Миний энэ сэтгэлийг Б.Б огт ойлгодоггүй. Зодож, дарамтлах нь улам ихэссэн. Өвөл айлын хажуу өрөө түрээслэн дулааны улиралд Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу баг 3-9 тоотод гэртээ амьдардаг байсан. Уг хашаагаа зарж миний хөгшин аавын хурдан удмын хул азарга, бид 2 малаа зарж мөнгө нэмж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 20-4 тоот хашаа байшинг худалдаж авсан. Б.Б нь надтай хамт амьдарч байхдаа одоо амьдарч байгаа эмэгтэйтэйгээ дотно харилцаа байсан. Намайг өөр шигээ бодож хардаж сэрддэг байгаад 2014 оноос одоо болтол тусдаа амьдарч байна. 2012 онд жирэмсэн болоод зулбачихсан байхад хэвтэрт ортол зодсон. Сэтгэл санааны дарамт биеийн зовиураас болоод сав хөөсөнөөс болж сэтгэцэд өөрчлөлт орсон. Б.Б энэ байдлыг мэдсээр байж эмчлүүлэх арга талыг огт боддоггүй. Намайг хүн шиг үздэггүй. Зодож нүдэн уур бухимдлаа гаргах хэрэгсэл мэт үздэг. Ээж минь миний өвчнийг эмчлүүлэх гэж хөөцөлддөг. Б.Б намайг хайрлаж хүндэлдэг байсан бол сургуулиа төгсөөд ажил төрөл хийж, гэр бүлдээ нэмэр болох байсан. Гэтэл одоо ээжээрээ асруулан 2 охинтойгоо уулзаж чадахгүй амьдарч байна. Охидыг минь Б.Б хүмүүстэй ирж хүчээр авч явсан. Тэрнээс хойш охидуудтай минь огт уулзуулаагүй. Өвчтэй ч гэсэн би эх хүн. Охидуудаа санаад өвчин минь сэдэрдэг. Б Б гэрлэлтээ цуцлуулан, хүүхдээ авах нэхэмжлэл гаргасан байна. Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл нэгэнт ирсэн учраас шийдвэрлэх нь ойлгомжтой. Б.Бтай танилцахдаа эрүүл саруул байсан. Эрүүл саруул болгож үр хүүхэдтэйгээ тав тухтай уулзаж, элгээ дэвтээмээр байна. Эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа боловч эрүүл болохгүй байгаа болохоор 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эмч нарын зөвлөгөөнөөр орж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтайгаар группт орсон. Одоо би байнгын эмчилгээ хийлгэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхэд 1 удаа эргэж ирдэггүй. Эмчилгээний эм тарианы зардлыг ээж гаргадаг. Мөн группын мөнгөөрөө зохицуулдаг. Мөнхийн үйлс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1 110 000 төгрөг, ажил хийх боломжгүй учраас Б.Бгаас тэтгэмж тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.Б миний бие Э.Аээс тусдаа амьдраад олон жил болж байна. Бага охин Б.Лг 1 нас 4 сартай байхаас нь буюу 2010 оны намраас хойш тусдаа амьдрах болсон. Учир нь Аийн сэтгэцийн байдлаас болсон. Өөрөөр хэлбэл намайг элдвээр хэлж, хутга барьж дайрах гэх мэт олон асуудал болдог байсан нэг удаа хөл рүү сэрээ зоож байсан, ер нь гэр дэх эд зүйлийг хагалж, бүтэн эд хогшил байлгадаггүй. Энэ байдлаас болж 2 охиныг айх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээр хүүхдийн эрх ашиг зөрчигдөх болсон. Ер нь хамт амьдрах ямар ч боломжгүй байлгадаг байсан. Мөн 2 охиныг дараалан ийш тийш авч явдаг байсан. Хамгийн сүүлд бага охин Б.Лг Улаанбаатар хот руу авч яван баригдаж байгаа барилгын үл таних манаач дээр орхисон байсныг очиж авч ирэн үүнээс хойш ер 2 охиноо уулзуулж байгаагүй. Хааяа том охины сургууль дээр очиж уулздаг байсан. Би энэ хүнийг олон удаа эмчлүүлж, хувийн эмнэлэгт 200 000-250 000 төгрөгөөр олон удаа хэвтүүлсэн, өөрийн эд хөрөнгө болон мал адууг зарж сүүлд Улаанбаатар хотын сэтгэцийн эмнэлэгт хүртэл үзүүлж байсан. Ер нь удамших хандлагатай сэтгэцийн өвчтэй гэдгийг нь нууж ээж нь надтай гэрлүүлсэн. Би энэ хүнийг нэг ч удаа зодож байгаагүй, надаас болж өвчтэй болоогүй. Би өөрөө өнчин өссөн болохоор 2 охиноо өнчрүүлэхгүй гэж их хичээсэн. Гэвч аргагүйн эрхэнд тусдаа амьдрах болсон надаас тусдаа амьдраад Э.А нь нөхөртэй болж, хүүтэй болсон гэсэн. Э.Аийн гаргаж буй тэтгэмж тогтоолгох болон эмчилгээний зардал 1 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Эийг гаргасан сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Б нь Э.Аээс тусдаа амьдраад олон жил болж байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулж, 2 охин Б.Г, Б.Л нарыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэл гаргасан. Цаашид миний бие Б.Б нь 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, мөн өдийг хүртэл авч хэрэглэж буй хүүхдийн мөнгийг цаашид 2 охиндоо зориулах хүсэлтэй байх тул хүүхдийн мөнгө олгодог банкинд асрамжилж буй эцэг Б.Бд олгож байхыг даалгах шийдвэр гаргуулах, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд охин Б.Г, Б.Л нарт тэтгэлэг тогтоож, төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг эцэг Б.Б надад олгох эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүүхдүүдийн төрөөс олгож байгаа мөнгийг нэхэмжлэхгүй, харин тэтгэлэг гаргуулах шаардлагаа дэмжиж, мөн би Э.Аийг тэжээн тэтгэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Охид өсөж том болж байгаа тэр хэрээр зардал өсөн нэмэгдэж байна. Сургуульд соёлд сургаж ээжийнх нь мөрөөдлийг биелүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа болон шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Аээс нэхэмжлэгч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн төрөөс олгож буй мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, охидоо өөрийн асрамжинд авах хүсэлтэй бөгөөд гэр бүл болсноос хойш үүссэн дундын эд хөрөнгийн оногдох хэсэг гаргуулах, хурдан удмын азрагаа авах хүсэлтэй. Б.Б газраа дур мэдэн захиран зарцуулсан тул Э.Ат оногдох хэсгийг олгох ёстой гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн мөнгийг охидыг асрамжилж буй эцэг Б.Бд олгож байхыг даалгах, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулах, охин Б.Г, Б.Л нарыг өөрийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэгийг эх Э.Аээс гаргуулах шаардлагаа дэмжиж, хариуцагч Э.Аийг тэжээн тэтгэхээс татгалзаж байгаа тул хүүхдэд төрөөс олгодог хүүхдийн мөнгийг шилжүүлж авахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагч Э.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн чадвар 70 хувьтай тогтоогдсон байнгын эмчилгээ хийлгэдэг бөгөөд Мөнхийн үйлс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1 110 000 төгрөг, ажил хийх боломжгүй учраас Б.Бгаар тэжээн тэтгүүлж тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах, хурдан удмын азрагаа буцаан авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган талууд мэтгэлцэж байна.

Зохигчид 2005 онд танилцаж, хамт амьдран 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 575 дугаартай гэрчилгээ авсан, гэрлэгсдийн дундаас охин Бгийн Г 2006 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, охин Бгийн Л нь 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагааны хуулбар, хүүхэд эрүүл өсөж байгаа талаар “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.Л Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд, Б.Г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд тус тус суралцдаг тухай тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүхээс  эвлэрүүлэх хугацаа олгож тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон нэхэмжлэгч Б.Б хамтран амьдрагчтай болж өөр амьдрал зохиосон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал, ээнэгшин дассан орчин нөхцөл, эцэг, эхийн эрүүл мэндийн байдал, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан охин Б.Л, Б.Г нарыг хамтад нь эцэг Б.Бгийн асрамжинд байлгах нь зүйтэй.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, охин Б.Л, Б.Г нарыг эх Э.Атэй уулзуулж байхыг нэхэмжлэгч Б.Бд даалгаж шийдвэрлэв.

            Хүүхдэд төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг шилжүүлэн авахаас нэхэмжлэгч нь татгалзсан бөгөөд охид эх Э.Атэйгээ уулзах, байнгын харилцах боломжтой тул уг тэтгэмжийг эцэг, эхийн хэн аль нь авч хүүхдүүдэд зориулан хэрэглэх боломжтой гэж үзлээ.

            Харин хүүхдийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Э.А хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, нийгмийн халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй, эмчилгээ сувилгаа тогтмол хийлгах шаардлагатай байдаг 2 охиноос гадна төрсөн хүүгээ асрамжилдаг, нэхэмжлэгч Б.Б тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхлэдэг, охидыг 2011 оноос хойш өөрөө өсгөж хүмүүжүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан болно.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Э.А паранойд шизофрение өвчний улмаас 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь тогтоолгож, нийгмийн халамжийн тэтгэмж авдаг ба байнгын эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Мөнхийн үйлс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1 110 000 төгрөг гаргуулах, ажил хийх боломжгүй учраас Б.Бгаас тэтгэмж тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох худалдан борлуулсан газраас оногдох хэсгийг гаргуулан авах, хурдан удмын азрагаа буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэр бүл 2011 оноос хойш тусдаа амьдрах болсон шалтгаан нь Э.Аийн сэтгэцийн өвчнөөс үүдэлтэй бөгөөд хамт амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч Б.Б тайлбарладаг бол хариуцагч Э.Аийн өвчний үндэс нь Б.Бгийн зоддог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байснаас улбаатайгаар нялх биетэй дөнгөж төрсөн эмэгтэйн сэтгэл гутралын байдлаас үүдэлтэй үүссэн өвчин гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э тайлбарлаж, уг өвчин эдгэрч илааршихгүй байгаа тул байнгын эмчилгээ хийлгэх шаардлага гардаг гэжээ.

Гэрлэгчид гэр бүл болоход эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг ба мэдрэл гэсэн хэсэгт Э.А эрүүл гэж оношлогдсон болох нь гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргасан эрүүл мэндийн хуудсаар, Э.А нь 2008-2009 оны хичээлийн жилд МУИС-ийн Эрдэнэт сургуульд аялал жуулчлалын менежмент хөтөлбөрөөр 2 дугаар түвшинд суралцаж байсан тухай  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сургалт, оюутны албаны ажилтан Б.Гэрэлмаагийн тодорхойлолт, Эрдэнэ багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Болормаагийн ...Э.А охиноо санаад сэтгэл санаагаар унаж сэтгэлийн хямралаас болж сэтгэцийн өвчтэй болсон, эх хүүхдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг уламжилъя гэсэн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай албан бичиг гэрч Ц.Эгийн ...олон жил айл хөрш явсан. Э.Аийг хүүхэд байхаас нь мэднэ. Удамших хандлагатай сэтгэцийн өвчингүй, сэргэлэн цовоо охин байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Б.Бгийн гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зэргээс дүгнэвэл хариуцагч Э.Аийг Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Э.А хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа байдлыг харгалзан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоосон хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амьжиргааны түвшингийн доод хэмжээтэй уялдуулан тэтгэмжийн зөрүүгээр тэжээн тэтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Тодруулбал: хариуцагч Э.А нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тодорхойлогдсон бөгөөд түүний эрүүл мэндийн байдлаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа хэрхэн яаж тогтоогдох нь тодорхойгүй тул тухай бүр тэжээн тэтгүүлэх тэтгэмжийн хэмжээ өөрчлөгдөх боломжтой юм.

Иймд нэхэмжлэгч Б.Бгаас Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /213 800 төгрөг/ тооцож, нийгмийн халамжийн тэтгэмжийг хасч зөрүүнд сар бүр 25 800 төгрөг гаргуулан хариуцагч Э.Аийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь гэр бүлийн дундын эд хөрөнгө байгаа эсэх талаар лавлагаа гаргуулан шүүхэд нэхэмжилнэ гэж шүүх хуралдаанд тайлбарлаж, холбогдох эд хөрөнгийн талаархи лавлагааг гаргуулан авсан ба гэрлэгчдийн дундын хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг Баруун задгай 3-9а тоотод байрлах 540 м.кв талбайтай газрыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Т.Мөнхбаярт 1 500 000 төгрөгөөр худалдсан болох нь газар худалдах худалдан авах гэрээгээр болон Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар нотлогдож байх тул уг газрын Э.Ат ногдох хэсэг болох 375 000 төгрөгийг Б.Бгаас гаргуулан Э.Ат олгох нь зүйтэй. Харин хурдан удмын азрага гаргуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1 110 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б хурдан удмын азрага байсан эсэх талаар маргаагүй боловч уг адууг худалдан борлуулж, Э.Аийн эмчилгээнд хэрэглэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа зарсан талаар дурдсан байдаг. Мөн Мөнхийн үйлс эмнэлэг ямар чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болох, хариуцагч нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авдаг эсэх, хэвтэн эмчлүүлсэн ор хоног хичнээн төгрөг эм тариа хичнээн төгрөг болж нийт 1 110 000 төгрөг гаргуулах гэсэн нь тодорхойгүй, төлбөргүй хэвтэн эмчлүүлэх боломжтой улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй нь ямар шалтгаантай нь тодорхойгүй тул уг төлбөрийг нэхэмжлэгч Б.Б хариуцан төлөх үндэслэлгүй гэж дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэрлэлт цуцлах үед эхнэр буюу нөхөр нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатайгаас тэтгэвэр гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэж заасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох, Б.Бгаас 16 450 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Чой овогт Б Б / Бовогт Эийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Г 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Л нарыг эцэг Б.Бгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Хүүхдэд төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийн эрх шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Б.Б татгалзсан болохыг баталсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Э.Аээс хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хариуцагч Э.Аийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 25 800 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч Б.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг Баруун задгай 3-9а тоотод байрлах 540 м.кв талбайтай газрын Э.Ат ногдох хувь болох 375 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бгаас гаргуулан хариуцагч Э.Ат олгож, хурдан удмын азрага гаргуулах, эмчилгээний төлбөрт 1 110 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бгаас 16 450 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ