| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00416/И |
| Дугаар | 142/ШШ2021/00459 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2021/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Том охин Т.Мнь 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Одоо 9 настай, 4 дүгээр ангид суралцаж байна. Бага охин Т.М нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, одоо 7 настай. Бид хамт амьдарч байх хугацаандаа эхнэр гэртээ байх дургүй, хүүхдээ харж асарч хамгаалдаггүй, гадуур явчихдаг байсан. Би хөдөө ажилтай байхад хүүхдүүдийг минь харахгүй харанхуй шөнөөр үлдээгээд гадуур явсан байсан. Тухайн үед миний найз манайд очоод над руу хэлж байсан удаатай. Би ажлаасаа ирээд ийм байдлаар хүүхдүүдийг минь харж болохгүй гэдгийг хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй уурлаж өөдөөс хэрэлдэж маргалддаг. Бид сүүлдээ үзэл бодол нийлэхгүй таарч тохирохгүй болсоор 2016 оны 06 дугаар сараас тусдаа амьдрахаар салж, би 2 охиноо аваад өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Энэ хугацаанд эхнэр 2 охинтойгоо хаяа хаяа л ирж уулздаг. Ер нь ирэх дургүй. Иймээс би шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00316 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон болно. Би Б.Отэй цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээнэ. Одоо ч миний охидууд надтай хамт амьдраад 6 дахь жилийн нүүр үзэж байна. Миний бие тогтсон ажил төрөлтэй, хүүхдүүдээ өсгөөд явах чадвартай тул эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Батхишиг овогтой О нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Д.Тийн нэхэмжлэлтэй уншиж танилцан Ттэй ярилцан тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулах, охин Т.М, охин Т.М нарыг асрамжиндаа авахыг нь зөвшөөрч байна. Би өөрийн гэсэн орох оронтой болох гэж цалингийн зээл тултал авсан, ажлынхаа чөлөө завсраар хувиараа такси үйлчилгээ эрхлэж банкны зээлүүдээ төлдөг тул зав чөлөө багатай байдаг. Гэхдээ миний ээж төдийгөөс өдийг хүртэл 2 охиныг минь харж өгдөг, одоо ч харсаар байна. Тийг эвлэрье гэж их гуйсан, хүйтэн хөндий хүн. Охид маань ээж, аавтайгаа хамт амьдрах хүсэлтэй гэдэг боловч Т хүлээж авдаггүй. Боломж бололцоотой болж байгаад охидоо авах хүсэлтэй. Энэ удаадаа аавынх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т хариуцагч Б.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2010 онд танилцаж, хамт амьдран 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 78 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин нь Т.М2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, охин Т.М 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн одоо эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Согоот багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Т.Мын 0462101 /Г-0601/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Т.Мын 6101000562 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 5 жил болсон хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Охин Т.М, Т.Мнарын шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал, эцгийн асрамжинд сүүлийн 5 жил байсан зэргийг харгалзан хүүхдийн амьдрах орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр охин Т.М, Т.Мнарыг эцэг Т.Тийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оэс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Төд олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бовогт Д Т, Х овогт Б О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Т.М , нарыг эцэг Д.Тийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оэс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Төд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ