Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0094

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Э.М-

Нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 201714000200 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмийн механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй гэх Б овогт Э-ы М- /РД: хх*********/

 

Шүүгдэгч Э.М- нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн таксины зогсоолын хажууд Г.Х-тай машины цонх хүчтэй тогшлоо гэж маргалдан улмаар хоорондоо зодолдож Г.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 сарын 02-ны өдөр машиндаа байж байхад манай сумын ах Х- ирж маргалдсанаас ийм асуудал болсон. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирол 490.000 төгрөг төлсөн. Ийм байдалд орж байгаагүй болохоор их гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 04 сарын 02-ны өдөр би Жаргалант суманд найз А-ы гэрт очиж нэг шил архи уусан юм. Тэгээд орой 22 цаг болж байхад гэртээ харихаар Жаргалант сумын таксины зогсоол руу найз А-аар хүргүүлсэн. Таксины зогсоол дээр такси байхгүй байсан. Тэгээд би тамхи татах гээд гал асуух санаатай хажууд байсан машины цонхыг хүчтэй тогшиж жолоочоос нь гал асуусан юм. Гэтэл тэр машины жолооч гарч ирээд машин тэрэг хамаагүй хүчтэй цохилоо гэж надтай маргалдсан. Тэр машин дотроос гарч ирсэн хүн нь манай нутгийн дүү М- байсан. Тэгээд би өөрөө согтуу М- бас согтуу байсан болохоор бид хоёр маргалдсан улмаар бид хоёр бие биенээ барьж авч ноцолдсон. Тэгээд М- миний баруун талын хацар тус газар нэг удаа гараараа цохисон. Би М-д цохиулаад газар унасан. Газар унаад босоод иртэл миний толгойноос цус гарч байсан. Би газар унахдаа чулуу мөргөсөн юм шиг байна лээ. Удалгүй цагдаа ирж бид хоёрыг салгасан юм. Надад гарах санал хүсэлт, гомдол байхгүй. Намайг эмнэлэгт толгойдоо оёдол тавиулах, зураг авахуулах үед эмчилгээний зардал мөнгө гэж М- надад 490.000 төгрөг гаргаж өгсөн. Одоо миний бие зүгээр тул ахин нэхэмжлэх зүйл надад байхгүй гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 323 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Х-ын биед тархины эдийн хөнгөн зэргийн няцрал, хуйханд шарх, хуйх, цээж, хоёр гарын мөр, бугалга, тохойнд зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархины эдийн хөнгөн зэргийн няцрал, хуйханд шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйх, цээж, хоёр гарын мөр, бугалга, тохойнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху/,

 

-Э.М-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 19-22 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/

              -Хохирол төлсөн тухай баримт /хх 32 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.М- нь 2017 оны 04 сарын 02-ны орой 22 цагийн үед Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн таксины зогсоолын хажууд Г.Х-тай машины цонх хүчтэй тогшлоо гэж маргалдан улмаар хоорондоо зодолдож Г.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Х-ын ...”Тэгээд М- миний баруун талын хацар тус газар нэг удаа гараараа цохьсон. Би М-д цохиулаад газар унасан. Газар унаад босоод иртэл миний толгойноос цус гарч байсан. Би газар унахдаа чулуу мөргөсөн юм шиг байна лээ” /хх 11-12 ху/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины эдийн хөнгөн зэргийн няцрал, хуйханд шарх, хуйх, цээж, хоёр гарын мөр, бугалга, тохойнд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон 323 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Г.Х- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Э.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.