Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2022/0012

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л. ХХК,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар,

Хариуцагч: Баян-Өлгий, Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А,

Гуравдагч этгээд: Ч-У. ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.С нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л. ХХК-ийн өмгөөлөгч К.Жархынбек, Ж.Очирхуяг, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээд Ч-У. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1Нэхэмжлэгч Л. ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Орон нутгийн өмчийн газар, Толбо сумын соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй, БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан аймгийн Засаг даргын болон аймгийн Орон нутгийн өмчийн газрын шийдвэр  хууль бус болохыг тогтоох (1), үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг (2),  гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг (3) ,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг (4), 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, Ч-У. ХХК-тай байгуулсан ажлын гэрээг (5)  тус тус хүчингүй болгох” шаардлагаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч анх Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан “ “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” нэртэй, БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан аймгийн Засаг даргын болон аймгийн Орон нутгийн өмчийн газрын шийдвэрийг хүчингүй болгох”-оор маргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн уг шаардлагыг өөрчилж, “ “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” нэртэй, БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан аймгийн Засаг даргын болон аймгийн Орон нутгийн өмчийн газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, мөн   “Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг  болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, Ч-У. ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох”-оор нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн анхны шаардлагатай холбогдуулан гомдлоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу  Монгол Улсын Сангийн яаманд гаргасан байх ба  гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/6860 дугаартай албан бичгээр авч урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчээс үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/ Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны албан ёсны цахим систем болох www.tender.gov.mn хуудсанд “Соёлын төвийн барилга, 300 суудал-Баян-Өлгий, Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг зарласан. Гэтэл манай компани яг ижил дугаар бүхий БСШУСЯ/202001346 дугаартай Соёлын төвийн барилга, 300 суудалтай барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тендерийн үнэлгээний хороо үндэслэлгүйгээр манай компанийн тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулахаас татгалзсан.

2/ Энэхүү асуудлаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр Л. ХХК-ийг шалгаруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явж байгаа ба хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй юм. Харин Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар нь шүүхийн маргаантай явж байгаа тендерийг дахин зарласан нь нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” үндсэн эрхийг ноцтой зөрчиж байна.

3/ Дээрх үндсэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. Иргэний давж заалдах үндсэн эрх хангагдахгүй, ноцтой зөрчихөөс гадна хэрэв маргаан бүхий тендерийг нэхэмжлэгчийн талд шийдсэн  тохиолдолд улсад их хэмжээний хохирол учруулах, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг олон асуудал үүсэх боломжтой.

4/ Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой буюу тендер шалгаруулалтыг зарласан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийн үр дүнд гарсан Үнэлгээний хорооны зөвлөмж, мэдэгдэл, Засаг даргын гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, ажлын гэрээ зэрэг захиргааны актын улмаас манай компанийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Тендер шалгаруулалтыг зарлахдаа хууль тогтоомж зөрчиж зарласан эсэхийг шүүх тогтоож байгаа тохиолдолд уг захиргааны акт хэрэгжсэний үр дүнд гарсан захиргааны актуудыг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн эрх сэргээх боломжтой тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

5/ Баян-Өлгий, Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласныг мэдээд манай компанийн аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн Засаг дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид тус тус тендер шалгаруулалт хууль тогтоомж зөрчиж байгаа тул зогсоохыг шаардаж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын хариу болгож, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр шүүхийн маргааны эцсийн шийдвэр гарах хүртэл 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түр зогсоосон гэж мэдэгдсэн.

6/ Уг тендер шалгаруулалтыг Улсын дээд шүүхэд хянагдаж буй маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нээлт хийж, манай компанийн оролцох эрхийг хязгаарлаж, хэн нэгэнд давуу байдал олгох зорилгоор хууль бусаар тендер шалгаруулалтыг явуулсан гэж үзэж байна.

7/ Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг зогсоосон байхад,  маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нээлт хийж, Ч-У. ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хууль тогтоомж зөрчсөн.

8/ Учир нь, зогсоосон тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “...захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай ижил хугацаа олгоно”, 24.2-т “...захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно”, 24.3-т “...нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түнээс дээш хоногоор тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн.

9/ Манай компанийн эрхийг хязгаарлаж, зогсоосон тендерийг хууль бусаар явуулж, нээлт хийж, үнэлгээний хийсний үр дүнд гарсан шийдвэрүүд нь хууль бус бөгөөд дээрх хуулийн 17.1-т “...нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгж боломжоор хангана” гэж заасныг ноцтой зөрчсөн гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

 1/ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан захиргааны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Анхны нэхэмжлэлийн үндэслэл хэвээр байна. Мөн Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмж, 12 дугаар сарын 03-ны өдрийн  гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдэл мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ч-У. ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2/ Нэхэмжлэлийн үндэслэлээ  тайлбарлахад, Л. ХХК Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад өмнөх жил зарласан тендер шалгаруулалтын  захиргааны актуудтай холбоотой  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар, Засаг даргаас тухайн тендерийг дахин зарлаад явсан. Орон нутгийн өмчийн газар болон Баян-Өлгий аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид гомдлоо гаргаад тендер зарлахыг зогсоолоо гэдэг хариу өгч байсан.

 3/ Тендер зарлахыг зогсоосон гэж байхад тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулаад дуусгасан. Дахин зарлах үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Л. ХХК-ийг оролцуулахгүй байх түншлэлийг зөвшөөрөхгүй гэдэг нөхцөлүүдийг тавих замаар тендер шалгаруулалтыг явуулаад дуусгасан. Яагаад түншлэлийг зөвшөөрөхгүй гэдэг нөхцөл тавьсан бэ гэхээр өмнөх жилийн тендер шалгаруулалтад Л. ХХК “Көшелик” ХХК-тай хамтран түншлэлийн гэрээ байгуулан тендер шалгаруулалтад оролцож байсан. Тухайн үеийн тендер шалгаруулалтад ганцхан дуусаагүй ажлын гүйцэтгэлийн акт гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр захиалагч татгалзаж байсан. Дараа нь яагаад түншлэлтэй холбоотой заалтууд орж ирээд маргаантай байхад шууд зарлагдаад явсан бэ гэхээр Л. ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцуулахгүй байх зорилго бүхий шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргасан.

4/ Тендер шалгаруулалт үр ашигтай байх өрсөлдөөний нөхцөлийг хангах олон оролцогч оролцож байж хамгийн чанартай бараа ажил худалдан авах гэдэг үндсэн зарчмуудын эсрэг захиргааны байгууллага явж байна. Өмнөх маргаан явагдаад дуусаагүй байхад тендер шалгаруулалтыг дахин зарлаж байгаа нь манай үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Тиймээс тухайн тендерийг шалгаруулсан нь хууль бус гэж маргаж байна.

5/ Тухайн байгууллага нь өөрөө тендер шалгаруулалтыг зогсоосон нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргачхаад, дараа нь үргэлжлүүлэн 2021 оны 12 дугаар сарын 03-нд тендерийн нээлт хийсэн байна. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-нд хэн ямар шийдвэр гарган үргэлжлүүлэн явуулж дуусгаж байна гэдэг нь өөрөө тодорхой биш. Миний яриад байгаа тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд 11 дүгээр сарын 11-ний өдөр гэж тендер хүлээж авах хугацааг заасан. 2021 оны 12 дугаар сарын 03-наас өмнө www.tender.gov.mn дээр зарлаад 3 хоногийн өмнө хугацаа болгоод тендер шалгаруулалтыг явуулаад дуусгасан.

6/ Тийм учраас зарлаж байгаа шийдвэр нь өөрөө хууль бус. Тендер шалгаруулалтыг явуулахад хангалттай боломжит хугацаа өгөхгүйгээр тендер шалгаруулалтыг явуулсан нь Л. ХХК-ийн оролцох эрхийг хязгаарласан гэж үзсэн. Захиргааны байгууллага тендер шалгаруулалтыг зарлах бүх ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах ёстой. Тендер шалгаруулалтыг хуулиар нарийн зохицуулагдсан харилцаа байдаг. Л. ХХК-ийг ямар нэгэн байдлаар оролцуулахгүй байх үйл ажиллагаа явагдаад байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно”, 24.2-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно”, 24.3”д “Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж заасан.

7/ Би өмнө нь  Төрийн худалдан авах ажиллагааны газрын  программд хэн нэвтэрч, хэн ямар хүсэлт явуулаад хугацааг наашлуулж өөрчилж байгаа вэ, хэн гэдэг албан тушаалтан энэ шийдвэрийг гаргаж байгаа вэ, Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ талаар тодорхой тодруулга авъя гэсэн хүсэлт гаргасан. Орон нутгийн өмчийн газар гаргаж өгч байна. Гэхдээ Орон нутгийн өмчийн газар өөрөө хариуцагч энэ программд хэн яаж орж байгааг удирдах боломжгүй. Орон нутгийн өмчийн газраас өгсөн баримтуудад өөрсдийн хүсэлтийг гаргасан гэсэн байна. Тэр хүсэлтийг хэн гаргаж байгаа вэ. Тендерт оролцогчид тендерт оролцуулж өгөөч гэдэг хүсэлт гаргадаг. 

 8/ Тийм болохоор 10 дугаар сарын 11-нд зарласан тендерийг зогсоосон. Тендерийг үргэлжлүүлэн явууллаа гэхэд 30 хоногийн боломжит хугацааг тавьж өгөх ёстой. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэлээ гэж үзэхэд, дахиж нээж байна. Дахиж нээхэд яагаад 12 дугаар сарын 30-нд багтаан хийж болохгүй байгаа вэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авах тодорхойлолт өөрөө 3 хоногт гардаг. Бүрдүүлэх ёстой маш олон бичиг баримтууд байна. Тэдгээрийн хүчинтэй хугацаа нь байгаа юу. Жишээлбэл, 10 дугаар сард тендер шалгаруулалтад оролцоно гэж Ч-У. ХХК бичиг баримтаа бүрдүүлсэн байна гэж бодъё. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, татвараас ирж байгаа бүх тодорхойлолтууд өөрөө 30 хоногийн хугацаатай. 10 дугаар сард авсан тодорхойлолтуудын хугацаа аль хэдийн дууссан гэсэн үг. Тийм байхад Ч-У. ХХК ямар баримт бүрдүүлсэн гэдэг нь тодорхой бус байдалтай байна. 10 дугаар сарын 11-нд зарласан шийдвэр нь үргэлжлээд явсаар байгаад тендер шалгаруулалт дуусах шатанд хууль зөрчигдөөд явсан.

 9/ Бид нар хариуцагчаа тодорхойлъё албан тушаалтан хууль бус юм хийчихлээ гэж үзье гэхээр хэн нь өөрчлөөд байгаа, хугацаануудыг аль хуульд нийцүүлэн явуулж байна гэдэг нь ойлгомжгүй байна. Бодит байдалд хуульд  маш тодорхой зохицуулсан, шийдвэр гаргах албан тушаалтнууд ч тодорхой байна.

 10/ Тийм учраас тендер шалгаруулалт эхнээсээ буруу явсан захиргааны байгууллага буюу  Орон нутгийн өмчийн газар, Засаг даргын Тамгын газар нь тендер шалгаруулахыг зогсоолоо гэсэн бичиг өгсөн учраас манай үйлчлүүлэгч тендер шалгаруулалт зогсчихлоо, энэ маргаан дууссаны дараа тендер шалгаруулалтыг дахиж зарлаад явуулна гэж бодож байсан

11/ Тендерийн баримт бичгийг батална гэж хуульд заасан. Тендерийн баримт бичгийг баталж, гарын үсгийн зуруулж албажуулах ёстой. Засаг дарга би тендерийн бичиг баримтыг батлаагүй, буруу юм оруулсан байна. Би буруугүй гэж хэлэх нөхцөл байдал үүсч байна. Тендерийн үнэлгээний хороо тэр хугацаануудаа өөрсдөө дур мэдэн явуулаад байгаа юу, эсвэл Засаг дарга нь баталж өгсөн үү, энэ шийдвэрийг хэн гаргасан бэ гэдэг нь өөрөө тодорхой бус байна. Би анхнаасаа нотлох баримтуудаа бүрэн авъя, хариуцагч нараас энэ байдлуудыг тодорхой болгож авъя гэсэн байр  суурьтай байсан.

 12/ Тендерийн баримт бичиг гэхэд зөвхөн өгөгдлийн хүснэгтийг өгсөн байна. Тендерийн баримт бичиг гэдэг чинь бүхэлдээ тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа гэдэг үндсэн хэсэгтэй. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаагүйгээр тендерийн баримт бичгийг бүрэн судалж, тендерийн баримт бичиг чинь болж байна гэж үзэх ямар ч боломжгүй.

 13/ Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт бас зөрчилтэй зүйл байна. 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл гэж байна. Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргах нь захиалагчийн бүрэн эрх байхад үнэлгээний хороо яагаад энэ бүрэн эрхийг эдэлж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна.

14/  Би өмнөх шүүх хуралдаанд хүсэлт гаргаад Засаг даргын орлогч үнэлгээний хорооны дарга болчихсон. Үнэлгээний хорооны гишүүн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байна. Үүнд ашиг сонирхлын маш их том зөрчил байна. Захиалагч буюу Засаг дарга үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Гэтэл Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субъект нь үнэлгээний хорооны дарга болчихсон. Хэрэгт авагдсан баримтаар тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан, ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг мэдүүлэг гаргаж өгсөн нэг ч баримтыг хариуцагчаас гаргаж өгч чадаагүй. Яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг яриад байна вэ гэхээр Засаг даргыг томилоход үйл ажиллагааг дүгнэхэд оролцдог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар үнэлгээний хороонд ажиллаж байгаа нь хууль бус. Яаж бие биедээ хяналт тавьж явах юм вэ. Тендер шалгаруулалт эхнээсээ хууль зөрчиж явагдсан. Ашиг сонирхлын мэдүүлэг бөглөөгүй асуудалд дүгнэлт хийх ёстой гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуягийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1/ Хавтаст хэрэгт авагдах ёстой нотлох баримтууд бүрэн авагдаагүй байна. Тендерийн баримт бичигт үнэлгээний хороо өөрчлөлт оруулсан, 3 хоногийн дотор 12 дугаар сарын 03-нд нээлт хийсэн гэдэг маргаан байна. Тендерийн баримт бичиг гэдэг маань өөрөө тендер нээх хугацааг тодорхойлдог баримт бичиг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 11.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна”, 11.2-д “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно”, 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж тус тус заасан нь захиалагчийн эрх үүрэг. Үнэлгээний хороо тендерийн тодорхойлолтыг бичдэг байж болно.Гэхдээ эцсийн байдлаар захиалагч гаргана гэж хуульд заасан шалтгаан нь өөрийнх нь гаргасан баримт бичгийн хүрээнд үнэлгээний хороог тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг үүрэг болгоод тодорхой албан тушаалтнууд  томилж үнэлгээний хороог байгуулдаг. Энэ тендерт захиалагч өөрөө хяналт тавихгүй, өөрийнхөө зарим чиг үүргийг шилжүүлж болох субъект болох орлогч даргаа үнэлгээний хорооны даргаар оруулсан.

2/ Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримт өөрөө нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой. Тэгснээс биш тендерийн баримт бичгийн дундаас зарим баримтыг өгчхөөд “хуулбар үнэн” дараад өгч болохгүй. Цахимаар тендер шалгаруулалтыг зохион байгуулсан ч бичиг баримтын эх хувийг цаасан хэлбэрээр архивд хадгалдаг. Баримт бичгийг хэн баталсан, хэн боловсруулсан гэдэг нь нарийн дэг жаягтай байх ёстой. Өмнөх тендерийн хугацааг хойшлуулсан шийдвэр нь хаана байгаа вэ, байхгүй бол байхгүй гэдгээ хэлж, байгаа бол гаргаж өгөх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр аль талд гарсан ч нэг тал нь давж заалдана. Давж заалдах шатны шүүхэд нотлох баримт нь байхгүй бол захиалагч, үнэлгээний хорооны буруу болно. Нотлох баримт нь байж тэрийг авч хэргээ шийдээгүй бол процессын алдаа болно.

3/ Эцэст нь хэлэхэд, анхнаасаа тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулаагүй болохоор хууль бус. Тиймээс нэхэмжлэгч Л. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас гаргасан тайлбар:

1/ “Соёлын төвийн барилга, 300 суудал Толбо сум” гэх БСШУСЯ/202001346 дугаартай тендерийг 2020 оны 9 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж оролцсон 7 компанийн аль аль шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэвч уг тендерт оролцсон Л. ХХК нь гомдол гаргаснаас хугацааг алдаж тэр жилдээ батлагдсан 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь хаагдсан тул тендерийг дахин зарлах эрхийг орон нутагт шилжүүлэн шийдвэрлэжээ.

2/ Иймд уг тендерийг орон нутгаас 2021 оны 4 дүгээр сарын 05-нд дахин зарлаж, 2021 оны 5 дугаар сарын 5-нд нээлтээ хийж оролцсон 3 компаниас шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн юм.

3/ Гэтэл Л. ХХК нь анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүхийн шийдвэр 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарч анхан шатны шүүхээс дахин зарлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

4/ Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.4.1-д заасан захиалагчийн бүрэн эрхийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн. Уг тендер шалгаруулалтыг зарласны дараа Л. ХХК нь давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасан учир уг компанийн эрхийг хүндэтгэж тендерийн хугацааг жилийн эцэс хүртэл 2 удаа түр хойшлуулж хоёр сар гаруй хугацаанд сунгасан. Харин хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасан нөхцөл үүссэн учир шууд гэрээ байгуулах боломжтой болсон боловч шударга өрсөлдөөнийг хангаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах үүднээс дахин тендер зарласан ба дахин зарласан үед шаардлага хангасан бүх компани оролцох боломжтой хангалттай хугацаа өнгөрсөн байсан.

5/ Энэ хугацаанд нэхэмжлэгчийн давж заалдах эрх нь  хангагдсан ба нөгөө талаар жилийн эцэс болж 2021 онд батлагдсан 1,0 тэрбум төгрөгийн төсөв нь төвдөө төвлөрөн татагдах нөхцөл байдал  үүсэж тухайн жилийн хөрөнгө оруулалт татагдвал уг барилгын төсвийг дахиж авах боломжгүй нөхцөл байдал үүсэх болсон тул 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр уг тендерийг нээсэн юм. Энэ хугацаанд хуулийн байгууллагын шийдвэр шат шатандаа тендерийн дахин зарласан нь хууль ёсны шийдвэр болохыг баталгаажуулсан болохоос биш түдгэлзүүлсэн буюу өөр ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас захиалагчийн хуулиар олгосон бүрэн эрх хэрэгжсэн гэж үзэж байна.

6/ Үнэлгээний хороо хууль ёсны эрхийн дагуу тендерийг дахин зарлаагүй бол 2021 онд батлагдсан 1,0 тэрбум төгрөгийн төсөв дахиад төвдөө төвлөрүүлэн хаагдаж уг тендер 2023 оноос наашгүй 3 жил дараалан хэрэгжих боломжгүй байлаа. Харин шүүхийн шийдвэрийн дагуу дахин тендер зарласан нь хуулийн 30.4.1-д заасан захиалагчийн хуулиар олгосон бүрэн эрхийн асуудал болсон ба үүний үр дүнд 2021 оны улсын төсөвт батлагдсан 1,0 тэрбум төгрөгийг орон нутагт авч үлдээж, уг тендер 2022 онд хэрэгжих боломжтой болсон гэжээ.

8. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1/ Анх тендерийг 10 дугаар сарын 11-ний өдөр зарлаад 11 дүгээр сарын 11-нд нээх ёстой байсан. Тухайн үед Л. ХХК өөрөө бид нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа учраас түдгэлзүүлж өг гэсэн хүсэлт гаргасан. Тиймээс Л. ХХК-ийн хүсэлтийн дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, дараа нь 12 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. 53-54 хоног цахим дээр байсан. Энэ хугацаанд Л. ХХК цахимаар бичиг баримтаа илгээх хангалттай хугацаа байсан. К.Жархынбек өмгөөлөгч дутуу мэдээлэлтэй байгаа юм шиг байна. Анх энэ тендерийг Улаанбаатар хотод зарласан. Дараа нь Баян-Өлгий аймагт 2 удаа зарласан. Нийт 3 удаа тендер зарлахад бүгдэнд нь Л. ХХК гомдол гаргаж байна.

2/ Хуульд тендерийг 2 удаа зарлаад амжилтгүй болох юм бол 3 дахь удаа шууд гэрээ байгуулах ёстой. Бид нар тухайн үед хуулийг мэдэхгүй тендерийг зарласан байсан. Сүүлд зарлахад тендер шалгаруулалтад ганцхан компани оролцсон учраас тэр компанийг шалгаруулсан.

3/ Энэ зөвхөн 12 дугаар сарын 03-аас хойш эхэлсэн гомдол биш. Энэ маргаан 2019 оноос эхэлсэн. 4-5 жил болж байна. Үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогч яагаад орсон бэ гэдэгт тайлбар хэлэхгүй. Яагаад гэвэл,  захирамж гаргасан хүн нь би биш Засаг дарга захирамж гаргасан учраас би Засаг даргын захирамжийг биелүүлсэн.

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй” гэж заасан. 2 дахь удаа тендер зарлахад 3 компани оролцож, бүх компаниас татгалзсан. Тэр үед бас шүүхэд өгч бүтэн жил явсан. Тэр үед аль нэг компанийг шалгаруулсан бол оролцогч компани гомдол гаргах эрхтэй байсан. Гэхдээ шүүх хэргийг хэлэлцээд Дээд шүүх хүртэл явсан. Уг нь бүх компаниас татгалзсан тохиолдолд хариуцагч хариуцлага хүлээхгүй.

5/  Тендерийн бичиг баримтад үнэлгээний хороо өөрчлөлт оруулсан гэсэн тайлбар хэлж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна”, 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэж заасан.

6/ Захиалагч бичиг цаас бэлдэж өгөөд, үнэлгээний хороо түүний  дагуу үнэлгээ хийдэг юм биш. Анх үнэлгээний хороо байгуулагдахад тухайн тендерийн бичиг баримтуудад тавигдах шаардлагуудаа тавьж тендер зарласан. Хуулийн 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасан.

7/ Нэхэмжлэгч нь дахин зарласан  уг тендерт  бичиг баримтаа ирүүлж оролцох эрх нь нээлттэй байсан, оролцоогүй тул эрх нь зөрчигдөөгүй гэв.

9.  Хариуцагч Орон нутгийн өмчийн газраас гаргасан тайлбар:

1/  Соёлын төвийн барилга 300 судал Толбо сум гэх БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийн 2020 оны 09 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод худалдан авах газраас зарлаж оролцсон 7 компани аль нь ч шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй учир бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 Гэвч уг тендер оролцсон Л. ХХК нь гомдол гаргаснаас хугацааг алдаж тэр жилдээ батлагдсан 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь хаагдсан тул тендер дахин зарлах эрхийг орон нутагт шилжүүлэн шийдвэрлэсэн. Иймд уг тендерийг орон нутгаас 2021 оны 4 дүгээр сарын 05-нд дахин зарлаж 2021 оны 05 дугаар сарын 05-нд нээлтээ хийж оролцсон 3 компаниас шаардлагад нийцсэн нь ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн. Л. ХХК нь анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 9 дүгээр сарын 17-нд гарч дахин зарлах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

2/ Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.4.1-д заасан захиалагчийн бүрэн эрхийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн. Уг тендер шалгаруулалтыг зарласны дараа Л. ХХК нь давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасан учир уг компанийн эрхийг хүндэтгэж тендерийн хугацааг жилийн эцэс хүртэл 2 удаа түр хойшлуулж хоёр сар гаруй хугацаанд сунгасан. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Үнэлгээний хороонд тус тендерийн нээлт хийх ямар нэгэн үүрэг өгөөгүй ба Үнэлгээний хороо нь өөрийн бүрэн эрхийн дагуу нээлт хийсэн байна гэжээ.

10. Хариуцагч Баян-Өлгий, Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны тайлбар:

1/ Маргаан бүхий тендерийг зарлах хоёр удаагийн тендерт Л. ХХК оролцсон боловч бусад компаниудын нэгэн адил шаардлага хангаагүй ба манай компанийг шалгаруулж өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болж хугацаа алдаж соёлын төвийн барилгын ажил 2 дахь жилдээ хэрэгжих боломжгүй болсон юм. Хэдий тийм боловч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 9 дүгээр сард гарч Л. ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тендерийг дахин зарлах тухай захиалагчийн шийдвэр хэвээр нь үлдсэн юм. Энэ шийдвэрийн дагуу уг барилгын ажлыг 2021 онд эхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тендерийн урилгыг нийтэд зарлаж мэдээлсэн.

2/ Л. ХХК нь манай компанийг шалгаруулж өг гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас болж тендерийг нээх хугацааг түр хугацаагаар хойшлуулж шүүхийн шийдвэрийг хүлээсэн. Харин давж заалдах шатны шүүх Л. ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш тендерийг 2021 оны 12 дугаар сарын 03-нд нээж шалгаруулалт явуулсан. Анх тендер зарласнаас хойш 60-аад хоногийн дараа тендерийг нээсэн бөгөөд энэ нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-д заасан шаардлагыг бүрэн хангасан. Шалгарсан компанид 2021 оны 12 дугаар сарын 3-нд мэдэгдэл хүргүүлсэн  ба 2021 оны 12 дугаар сарын 14-нд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулсан тул бүх асуудал хуулийн дагуу явагдсан.

3/ Л. ХХК нь дахин тендер зарласныг ч , нээлт хийх хугацааг түр хойшлуулсныг ч, нээлт хийх өдрийг ч мэдэж байсан ба нээлттэй тендер шалгаруулалтад шаардлага хангасан ямар ч компани оролцох боломж бүрэн нээлттэй байсан. Уг соёлын төвийн барилгын ажлын тендерийг 3 удаа зарлахад гурвууланд  нь Л. ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн асуудал гараагүй.

Иймд хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй гэж заасны дагуу  Л. ХХК өмнө захиалагч хариуцлага хүлээхгүй бөгөөд Толбо сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ талаар тендерийг нээхээс өмнө Л. ХХК-д бичгээр хариу мэдэгдсэн.

4/ Л. ХХК нь сүүлийн 2 жил дараалан тендер авч эрх ашиг нь хохироогүй мөртлөө үүргээ мартаж 2020 онд авсан 300,0 сая төгрөгийн засварын ажил, 2021 онд авсан 750.0 сая төгрөгийн цэцэрлэгийн барилгын ажлын талаар юу ч хийгээгүй мөртлөө өөр тендерийн ажилд элдэв шалтгаан зааж маргаан үүсгэн саад хийж явааг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд уг компанид эрх ашиг ч хохирч байгаа гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно.

5/ Хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу нийтэд нээлттэй зарласан, хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон  санхүүгийн саналаа ирүүлж тендерт шалгарсан Ч-У. ХХК-тай байгуулсан  ажлын гэрээг хүчингүй болгох тухай Л. ХХК-ийн нэхэмжлэл нь ямар ч хуулийн үндэслэлгүй бөгөөд уг компанийн хууль ёсны ашгийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм гэжээ.

11. Хариуцагч Баян-Өлгий, Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 1/ Тендерийг нээх хугацааг баримт бичигт  11 дүгээр сарын 11-ний өдөр гэж заасан. Учир нь,   анх бид  тендерийн баримт бичгийг  боловсруулахдаа 10 дугаар сарын 11-ээс 11 дүгээр сарын 11 нь хүртэл 30 хоногоор гэж зарласан. Тендерийн бичиг баримтыг  журмын дагуу Үнэлгээний хороо боловсруулсан. Харин Л. ХХК шүүхэд дахиж захиалагчид гомдол гаргасан учраас бид  урилгад заасан тендерийг нээх, сонгон шалгаруулах  хугацааг сунгасан. Урилгад бүх хугацаа нь заагдсан. Нэхэмжлэгчдийн хүсэлтээр тендерийг 53 хоног зарласан ба сонгон шалгаруулах хугацааг л хойшлуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системд миний бие худалдан авах ажиллагааны мэргэжилтэнд олгогдсон эрхээр нэвтэрч нэхэмжлэгч нарын хүсэлтээр сонгон шалгаруулалтыг хойшлуулсан мэдээллийг оруулсан ба энэ нь өөрчлөлт оруулсан төлөвтэй харагдсан.  Цахим системд байгаа урилгыг хүчингүй болгосон, мэдээллийг устгасан гэдэг нь үндэслэлгүй.. Өөрсдөө хүсэлт гаргасан учраас 11 дүгээр сарын 09-ний өдөр урилгыг дахин албан ёсоор нийтэлсэн. Урилга угаасаа нийтлэгдсэн байсан. Гэхдээ нээлт хийх хугацааг 12 дугаар сарын 03-ны өдөр гэж товлосон. Урилга нь нийтлэгдээд 2 сар гаруй байсан. Өмгөөлөгч 3 хоног гэж юуг үндэслээд хэлж байгааг мэдэхгүй байна гэв.

12. Гуравдагч этгээд Ч-У. ХХК-ийн тайлбар:

1/ Манай компани нь 2013 онд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Барилгын салбарт хувийн болон улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсон олон жилийн ажлын туршлагатай. Түүний дотор Баян-Өлгий аймагт 2014 онд Төрийн банкны барилга, 2015-2016 онд Цамбагарав, Нөрөөлөг зэрэг орон сууцны барилгууд, 2018 онд Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2020 онд Булган сумын дотуур байрны барилга, 2019 онд Булган сумын 150 хүүхдийн бага сургууль, спорт заалны барилга, 2020 онд 10 давхар MGS зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилга болон Ховд аймагт 2015 онд “Голомт банк”-ны салбарын барилга, 2015 онд Чандмань суманд Хаан банкны тооцооны төвийн барилга, 2019 онд Дуут сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилга зэрэг олон төслүүдийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулж байсан юм.

2/ Өнгөрсөн 2021 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас нийтэд зарласан Толбо сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилгын тендерт оролцохоор захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн санал бусад баримт бичгийг цахимаар хүргүүлсэн. Захиалагчаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэлийн баталгаагаа төлж гэрээ байгуулсан юм. Одоо уг барилгын ажилд шаардлагатай байгаа барилгын материалыг урьдчилан бэлтгэж хугацаанд нь чанартай барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Гэтэл нийтэд нээлттэй тендер шалгаруулалтаар зарласан тендерт хууль журмын дагуу оролцож шалгарсан манай компанийн эрхэд халдаж хөндлөнгөөс оролцож байгаа Л. ХХК-ийн нэхэмжлэл нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нээлттэй тендер шалгаруулалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулах ямар ч компани оролцох бүрэн эрхтэй гэжээ.  

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/ 2021 оны 10 дугаар сард орон нутгийн өмчийн газраас зарласан Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын тендерт оролцохоор захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн бичиг баримтыг цахимаар хүргүүлсэн. Захиалагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авч 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан уг барилгын ажилд шаардлагатай бүх бараа материалыг авсан. Ажил эхлэхэд бэлэн байна.

2/ Иймээс манай Ч-У. ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байгаа Л. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1/ Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  “Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын  “Соёлын төвийн барилга, 300 суудал,  Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг дахин зарласан  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох (1)” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан үндэслэлээр,   “Баян-Өлгий аймгийн  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтын  үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг (2),  гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг (3), мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг (4), 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, Ч-У. ХХК-тай байгуулсан ажлын гэрээг(5) тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож,   үлдсэн хэсэг болох    “Баян-Өлгий аймгийн Засаг даргын  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” , БСШУСЯ/202001346  дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг (6)   хүссэн  шаардлагыг хангах үндэслэлгүй  гэж үзлээ.

2/ Нэхэмжлэгчээс  тус шүүхэд    “Соёлын төвийн барилга, 300 суудал,  Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг дахин зарласан  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг (1) хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хариуцагчаар аймгийн Орон нутгийн өмчийн газрыг болон аймгийн Засаг даргыг тодорхойлсон.

3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тендерийг дахин зарлах   тухай шийдвэрийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас   гаргаагүй, зөвхөн аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан захирамжийн дагуу төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tenger.gov.mn сайтад байршуулсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/67 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч талаас  Орон нутгийн өмчийн газраас тендерийг дахин зарлах тухай  шийдвэрийг  гаргаагүй  гэх үйл баримтын талаар маргаагүй болно.  

4/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.2-т “."захиргааны үйл ажиллагаа" гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг;”, 11.1-т “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” ,11.1.1-т “захиргааны акт;”, 11.1.2-т “захиргааны гэрээ”, 11.1.3-т “захиргааны хэм хэмжээний акт” гэж тус тус заажээ.

5/ Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ба  хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд заасан   аль нэг хэлбэрийг  агуулсан,  зайлшгүй  байхыг шаардсан  байна.

6/ Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргааны урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх  захиргааны байгууллагын  ямар нэгэн үйл ажиллагаа   бодитой  байх, мөн  энэ үйл ажиллагаа нь  хүчин төгөлдөр үйлчлэлтэй байх  бөгөөд энэхүү нэхэмжлэлийн хувьд аймгийн Орон нутгийн өмчийн газар нь  “Соёлын төвийн барилга, 300 суудал,  Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг бие даан шийдвэр гаргаж  дахин  зарласан гэх бодит үйл ажиллагаа   тогтоогдохгүй байх тул  дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзлээ.

7/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55.1-т “Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана”, 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж тус тус заажээ.

8/ Тендерийн маргааныг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан заасан дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендерт оролцогч нь  тендер шалгаруулалттай холбоотой  захиалагчийн шийдвэрийн талаар захиалагчийн өөрт нь гомдол гаргах, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд, эсхүл  гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гомдол гаргахаар байна.

9/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  5 дугаар зүйлийн  5.1.1-т ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;”, 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.6-т ““тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно:”, 5.1.6-д “а.дангаараа тендер ирүүлсэн этгээд;”,  5.1.6-д “б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд;” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нь дахин зарласан  “Соёлын төвийн барилга, 300 суудал,  Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерт тендерээ ирүүлээгүй байх тул тендерийн оролцогч биш байна.

10/ Иймээс нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтаар тендерийн оролцогч биш тул түүний аймгийн Засаг дарга болон үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтын  үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг   болон  гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, Ч-У. ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “...  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11/  Нэхэмжлэгчээс  аймгийн Засаг даргын ““Баян-Өлгий аймгийн  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтыг  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “...уг тендерийн өмнөх  шалгаруулалтын  талаар шүүхэд хандсан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна, Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргасан байхад эцсийн шийдвэрийг хүлээлгүйгээр дахин зарласан нь хууль бус” гэж  тайлбарлан маргажээ.

12/ Баян-Өлгий аймгийн  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтыг анх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр явуулж, үнэлгээний хороо нь “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй” үндэслэлээр бүх тендерээс татгалзжээ.

13/ Нэхэмжлэгчээс “Л. ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, уг  ажлын гүйцэтгэгчээр Л. ХХК-ийг шалгаруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг аймгийн Засаг дарга болон үнэлгээний хороонд холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

14/  Анхан шатны шүүх нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2021/0060 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2021оны  01 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

15/  Энэ хооронд аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр 24-ний өдрийн А/777 “Үнэлгээний хороо байгуулах тухай”  захирамжийн 1 дэх заалтаар  Баян-Өлгий, Толбо сумын соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2 дах заалтаар тендерийн бичиг баримтыг бэлтгэх,  худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохин байгуулах, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэхийг мэдэгдлийг гаргуулан ажиллуулахыг  үнэлгээний хорооны даргад үүрэг болгожээ.

16/  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.4-т” “тендерийн урилга” гэж захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг” гэж заасан байх ба хариуцагч үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... захиалагчаас уг тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, уг захирамжийн 2 дах заалтын агуулга нь  тендерийг дахин явуулах тухай шийдвэр” гэж тайлбарлан , уг захирамжийг үндэслэн тендерийн урилгыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр tenger. gov.mn цахим санд зарлан нийтэлсэн гэж тайлбарлажээ.

17/ Уг урилгад “... тендерийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендер оролцогчдыг байлцуулан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутаас нээх” талаар тусгасан байна.

18/  Нэхэмжлэгчээс уг урилгатай холбогдуулан захиалагчид болон үнэлгээний хороонд гомдол гаргасан байх ба уг гомдлыг хангаж,  тендер шалгаруулалтын үйл  ажиллагааг  түр зогсоосон талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид аймгийн Тамгын газрын дарга 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3-02/678 дугаартай албан бичгээр, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 308 дугаар албан бичгээр тус тус мэдэгджээ.

19/ Үнэлгээний хороо нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тендерийг нээж,  Ч-У. ХХК-аас ирүүлсэн  тендерийг хянан үзэж, үнэлээд,  уг ажлын  гүйцэтгэгчээр   шалгаруулсан шийдвэрийг гаргасан байх ба үндэслэлээ  шүүхэд “Төсвийн жил дуусах болсонтой холбогдуулан төсвийг төрөөс буцаан татаж авах нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан тул нийтийн эрх ашгийн үүднээс тендерийг нээсэн” гэж тайлбарласан.

20/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  “ тендерийн урилгыг хүчингүй болгосон гэж бидэнд хариу хүргүүлсэн атлаа 3 хоногийн дотор дахин зарлаж 2021 оны 12 дугаар сарын 03-нд тендерийг нээсэн “   гэж маргасан боловч тендерийн урилгыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна дээрх эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичгүүдийн агуулгаас болон хариуцагчдын тайлбараас, гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамедийн мэдүүлгээс   үзэхэд , зөвхөн тендер шалгаруулалтыг буюу тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулсан, түр  зогсоосон  агуулгатай байна.

21/ Цаг хугацааны хувьд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээс өмнө захиалагч тендерийг зарлаж, улмаар үнэлгээний хороо нь   тендерийг нээж, хянан үзэж, үнэлж, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байх ба энэ үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

22/ Тодруулбал, захиалагчаас зарласан урилга нь хүчинтэй хэвээр, гагцхүү сонгон шалгаруулах ажиллагааг хойшлуулсан, энэ талаар цахим системд төлөвийн өөрчлөлт гэж оруулсан байх ба энэ хугацаанд нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан  нь нэхэмжлэгчийн уг тендерт дахин оролцох эрхийг хязгаарлаагүй, тендерийн бичиг баримтыг үнэлгээний хороонд ирүүлэх боломжийг хаагаагүй, хэрэв хяналтын шатны шүүхээс гомдол нь хангагдсан нөхцөлд захиргааны байгууллага өөрөө  шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар дахин зарласан,  тендерийг  хянасан, үнэлсэн, сонгон шалгаруулсан, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн, гэрээ байгуулсан зэрэг  үйл ажиллагаануудыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг сэргээх боломжтой байсан.

23/ Нэгэнт хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тохиолдолд уг тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн захиргааны байгууллагын анхны шийдвэр хэвээр ба захиалагчийн “... жилийн эцэс болсонтой холбогдуулан батлагдсан төсвийг  төрөөс буцаан авах нөхцөл байдал  бий болсон” үндэслэлээр тендерийг дахин зарласан үйлдэл нь   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар  6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ...  үр ашигтай, хэмнэлттэй ... байх зарчмыг баримтална” гэсэнтэй нийцсэн байх тул хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л. ХХК-аас Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Орон газрын  “Соёлын төвийн барилга, 300 суудал,  Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг дахин зарласан  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”, “Баян-Өлгий аймгийн  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтын  үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг,  гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг , 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, Ч-У. ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг  баримтлан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын  “Соёлын төвийн барилга, 300 суудал Баян-Өлгий, Толбо сум” , БСШУСЯ/202001346  дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн  шаардлагыг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША