Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2021/00464

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г банк нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 703 521.27 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О /Орхон аймгаас онлайнаар/, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дашжамцын Б, Дашжамцын Б нар нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Гтай ЗГ4025103082 тоот Зээл болон Барьцааны гэрээ байгуулан 690 000 төгрөгийн ахуйн хэрэглээний зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй авсан болно. ЗГ4025103082 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож зээлдэгч нар нь өөрийн цалингийн орлого болон ELKO SM 2-33 маркийн хөргөгчийг барьцаалсан. Зээлдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025103082 тоот зээлийн гэрээний төлбөр 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар: Үндсэн төлбөр 472 560.40, хүүний төлбөр 208 154.44, нэмэгдүүлсэн хүү 22 806.43, хугацаа хэтэрсэн хоног 976 хоног, нийт 703 521.27 төгрөг. Иймд ЗГ4025103082 дугаарт зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч ЗГ4025103082 тоот зээлийн гэрээний 3.1.7-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, 4.3-д заасны дагуу “Г” ХХК уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг цалингийн орлого болон барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн ЗГ4025103082 тоот зээлийн гэрээний төлбөр 703 521.27 төгрөгийг Д.Баас гаргуулан Гинд олгож өгнө үү. ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗГ4025103082 тоот гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гны Орхон салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Тус банк талийгаач дүүг минь /Д.Б/ бурхан болсноос хойш өнөөдрийг хүртлэх хугацааны туршид иргэн Д.Б надад холбогдуулан 2018 оноос хойш шүүхэд дуудуулж нэхэмжлэл гаргасаар байгааг огт ойлгохгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Өмнөх хугацаанд энэ асуудлаа нэхэмжилсэн гэж ойлгож байгаа бөгөөд түүнийг нь шүүх ёсоор шийдсээр байгаа.

3. Энэ банкны салбарын нөхдүүд нэр хүндэд халдаад зогсоогүй, цаашид амьдрах орчин нөхцөлд маш том саад хориг учруулсан. 3 жилийн туршид муу зээлдэгч болгон банк санхүүгийн мэдээллийн санд оруулсан байна. Би 100 төгрөгийг хаанаас ч зээлдэх эрхгүй болсон. Гэсэн атлаа Д.Бд маргаан үүсгээд явдаг. Төлбөр төлөгч болохыг тогтоолгоогүй.

4. Энэ банкны нэхэмжлэлд холбогдуулан банкны хууль, иргэний хуульд нийцүүлэн өчнөөн хариулт өгч болохоор байх боловч энэ 3 жилийн хугацаанд миний эрхэд халдан үндэслэлгүйгээр, нотолгоогүйгээр үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхүүдэд минь халдсаар байна.

5. Энэ нэхэмжлэлийг харахад төлбөр төлүүлэх, хөрөнгө гаргуулах тухайгаар шаарджээ. Миний бие энэ банкаар дамжуулан өөрийн хүсэл зоригийн дагуу ямар ч зээл, хөрөнгө авч байгаагүй болно. Тиймээс Гиар нэхэмжлэгдэх, хариуцагч болон шүүхэд дуудагдсаар байгааг хууль үндэслэлгүй гэж үзнэ.

6. Хаана яг ямар хууль, зүйлийн заалтыг үндэслэн хүүний төлбөр, бүр нэмэгдүүлсэн хүү гэх зэргийг үүсгээд байгаа нь тодорхойгүй. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа эрх зүйн харилцааны дуусгавар болж буй үндэслэл нь тухайн хариулцаанд орсон этгээд нас барснаар дуусч байдаг хуулиуд маш олон байна. Ямар ч ёс суртахуунгүй болох нь нас барсан хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа байдлаар илэрч байна. Надад зээл олгоогүй байж зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс энэ нэхэмжлэлийг хүчингүй болгон зөрчигдсөөр байгаа эрхийг минь хамгаалж өгөхийг хүсье. Миний бие Гинд итгэн мөнгө хадгалуулсан, мөнгөн харилцаанд орж байгаа иргэдийн эрх, ашгийг огт зөрчөөгүй болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Д.Бд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг нийт 703 521.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Б зээлийг аваагүй, миний дансанд ороогүй мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн, 3 жилийн турш муу зээлдэгч болгон эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Банк ямар ч ёс суртахуунгүй үйлдэл хийж, эрсдлийн сангаар нөхөн төлүүлэх зээлийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг. 

Г зээлдэгч Д.Б, Д.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4025103082 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж,  690 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24  сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зээл авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 4 519 970 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагч нарыг Д.Б, Д.Б гэж тодорхойлсон бөгөөд зээлдэгч Д.Б 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байна.

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01142 дугаартай шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4025103082 дугаартай зээл болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч Д.Б хариуцах үндэстэй гэж дүгнэж, гэрээний үндсэн зээл 472 560 төгрөг, хүү 38 867 төгрөг, торгуулийн хүү 357 төгрөг нийт 511 784 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, бусад гэрээний дагуу нэхэмжилсэн 4 008 186 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Б давж заалдах гомдол гаргаж, гомдлыг Орхон аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай магадлалаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бы гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Бы гомдлыг шүүх хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШЗ2019/05586 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй заасны дагуу иргэний хэрэг үүсгэсний дараа тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г ХХК-ний Орхон салбар нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 дугаартай зээл болон барьцааны гэрээний үүргийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Г ХХК-ний Орхон салбар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж,

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн цалингийн орлогоос гадна цахилгаан бараа болох хөргөгч барьцаалсан бөгөөд гэрээний 4.2-т зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуултал барьцаанд байгаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангана, 4.3-т зээлдэгч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгийг хураан авч, худалдсан үнээс зээлийн төлбөрийг барагдуулна гэж заажээ.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т Барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй гэж заасан хэдий боловч барьцааны эд зүйл болох хөргөгч устаж үгүй болсон, зээлдэгч Д.Б нас барснаар цалингийн орлого барьцаалах боломжгүй болсон ба зээлдэгч Д.Бы цалингийн орлогийг барьцаалсан эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

Зээлдэгч Д.Б 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 дугаартай зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах үндэслэлтэй байх тул зээлийн үндсэн төлбөр 472 560.40 төгрөг, хүүний төлбөр 208 154.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 22 806.43 төгрөг нийт 703 521.27 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 21 434.54 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт  21 434.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн  160.1.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас зээлийн үндсэн төлбөр 472 560.40 төгрөг, хүүний төлбөр 208 154.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 22 806.43 төгрөг, нийт 703 521.27 /долоон зуун гурван мянга таван зуун хорин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 434.54 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Д.Баас 21 434.54 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-ний Орхон салбарт олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ