| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01677/И |
| Дугаар | 142/ШШ2021/00166 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2021/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭММ ХХК-д холбогдох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц /Улаанбаатар хотоос онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “ЭММ” ХХК-д гүйцэтгэх захирлын А/110 дугаар тушаалын дагуу туршилтын хугацаагаар томилогдож, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/27 тоот тушаалын дагуу 1 жилийн хугацаатайгаар ажилд томилогдож, №5 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/28 тоот тушаалын дагуу эдийн засагчийн үндсэн цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгох тухай тушаал гарсан. Дээрх №5 тоот хөдөлмөрийн гэрээ болон Б/27 тоот гүйцэтгэх захирлын тушаалд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар ажиллахаар тусгагдсан байтал 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан. Ажлаас халагдсан тушаал гаргасан өдөр миний зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ийм шийдвэр гаргаж болохгүй талаар тайлбарлаж, тодруулахад өдөр тутмын үйл ажиллагааг мэдээллэдэггүй гэсэн шалтаан надад тайлбарласан. Миний хувьд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж өдөр тутам, 7 хоног тутам болон сар тутмын төлөвлөгөө, гүйцэтгэлийг бичиг хэргийн ажилтнаар дамжуулан тухай бүр мэдээллэдэг байсан. Үндэслэлгүй шалтгаанаар сэтгэл хөдлөлд автсан, хууль, журам зөрчсөн шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцласанд гомдолтой байна. Мөн хууль, журманд ажлаас халагдахаас өмнө шат дараалсан арга хэмжээ авах тухай заагдсан байдаг. Хууль, журам зөрчин ажлаас чөлөөлсөн нь миний ажил, амьдралын хувьд хүндээр туссан. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан өдрөөс хөдөлмөрийн гэрээ дуусах хугацаа хүртэл цалин 10 750 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би уг байгууллагад ажилд орохоос өмнө Дэлхийн зөн Олон улсын байгууллагад ажилд орсон байсан. Ажиллаж байх хугацаандаа уг байгууллагад анкет өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чинбат захиралтай ярилцлага хийж, ажилд орохоор болж өмнөх ажлаасаа гарч уг ажил руу шилжин ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажилласан. Түүнээс хойш нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэтэл намайг өвчний улмаас 3 хоног эзгүй байж байгаад ажилдаа ирэхэд гэнэт ажлаас халахаар болсон байсан. Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн камерын бичлэг байгаа. Ажиллах боломжгүй, тиймээс халагдах өргөдлөө өг гэж тулган шаардсаны дагуу халагдах өргөдлөө өгсөн. Халагдах өргөдөл, шийдвэрлэсэн тушаал, камерын бичлэг нэг өдөр байгаа нь намайг хууль бусаар ажлаас халсан гэдгийг нотлоно. Миний хөдөлмөрийн гэрээ 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр дуусах байсан. Хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө хууль бусаар буюу хүчээр халагдах өргөдөл бичүүлж ажлаас халсан. Тиймээс гэрээ дуусах хүртэлх хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ажилд эргүүлэн тогтоолгохтой холбоотой хүсэлт гаргаагүй гэв.
Хариуцагч “ЭММ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд ирүүлсэн Б.Аын нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад түүний шүүхэд гаргасан “...ажлаас үндэслэлгүй халсан тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан өдрөөс дуусах хүртэл цалин 10 750 000 /арван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь манай компанид 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ерөнхий менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Б.А нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр ирүүлсэн. Б.Аыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно...” гэж заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн. Иймд талуудын хооронд байгуулагдсан №5 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Ажил олгогчийн гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй, Ажилтан ажил үүрэг гүйцэтгэхгүйгээр ажлын хөлс авах боломжгүй. Ажиллаагүй үеийн цалин авах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “ЭММ” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Б.Атай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий менежерийн ажил албан тушаалд томилон ажиллуулж эхэлсэн. Б.А нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагад 5-аас доошгүй жил тогтмол ажиллахаар харилцан тохиролцсон байсан болно. Түүнийг ерөнхий менежер /удирдах албан тушаал/-д томилогдож ажиллаж эхэлснээс хойш тогтвортой ажиллана гэсний үндсэн дээр байгууллагаас аливаа төрлийн санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан. Манай компанийн зүгээс Б.Аын суралцсан “Менежментийн сургалт"-ын төлбөр болох 1 320 000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг төлж барагдуулсан. Байгууллагын зүгээс удирдах түвшний ажилчдын тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангахын тулд хийгдэх ажиллагааны хүрээнд эргэн төлөгдөх болзолтой боломжит хувилбар бүхий санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг. Гэтэл Б.А нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэнэтийн нөхцөл байдалд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан ба Б.Аын суралцсан сургалтын төлбөр 1 320 000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг төлж барагдуулалгүйгээр ажлыг орхиж явсан. Мөн Б.А ньтухайн ажлын жилийг дуусахаас өмнө ээлжийн амралтын олговрыг бүтэн жил ажилласан хугацаагаар тооцон авсан бөгөөд нийт 2 159 941 /хоёр сая нэг зуун тавин есөн мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг авсан. Гэтэл ээлжийн амралтын олговрыг бүтэн авах болзлыг хангалгүйгээр ажлаас гарах хүсэлтээ өгч ажлыг орхиж явсан тул ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацааны ээлжийн амралтын олговрын зөрүү мөнгө болох 196 358 /нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг Б.Ааас гаргуулах шаардлагатай байна. Иймд дээр дурьдсан мөнгөн хөрөнгө болох нийт 1 516 358 /нэг сая таван зуун арван зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг Б.Ааас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.А сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс туршилтын хугацаагаар би ажилд орж 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. “ЭММ” ХХК нь таваас доошгүй жил тогтмол ажиллах хүмүүстэй тогтвортой ажиллах гэрээ байгуулдаг ч надтай байгуулаагүй. Тогтвортой ажиллах гэрээ байгуулсан ажилтнуудаас “ЭММ” ХХК-ийн дээрх гэрээнд зардал гаргах тухай заасан байдаг. Сөрөг нэхэмжлэлд намайг өөрийн саналаар гарсан мэтээр бичсэн байгаа ч түүний тушаал нь өөрийн саналаар биш гэдгийг нотолно. Миний суусан сургалт нь менежментийн ISO стандартын сургалт байсан. Энэ сургалт байгууллагад ашигтай болохоос надад хамааралгүй. Үр шимийг нь байгууллага хүртдэг. Ээлжийн амралтын зөрүү гарсан байж болно гэхдээ листийн мөнгөнөөс болон ажилласан хугацааны цалингаас суутгаж авах боломжтой байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “ЭММ” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны цалин 10 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба Б.Аын суралцсан сургалтын төлбөр 1 320 000 төгрөг, амралтын олговорын зөрүү 196 358 төгрөг, нийт 1 516 358 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Б.А нь “ЭММ” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилд орж туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд тус компаний гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ерөнхий менежерийн албан тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай эрхлэх, мөн өдрийн Б/28 тоот тушаалаар эдийн засагчийн албан тушаалын үндсэн цалингийн 10 хувиар тооцож, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хавсран гүйцэтгэхээр болж, 05 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, “ЭММ” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус нотлогдож байна.
Дээрхи нотлох баримтаар ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байх тул шүүх бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлэн шийдвэрээ гаргасан болно.
Нэхэмжлэгч Б.А “…Цаашид хамтран ажиллах боломжгүй, тиймээс халагдах өргөдлөө өг гэж тулган шаардсаны дагуу халагдах өргөдлөө өгсөн. Халагдах өргөдөл бичсэн, тушаал шийдвэрлэсэн байдал, камерын бичлэг нэг өдөр байгаа нь намайг хууль бусаар ажлаас халсан гэдгийг нотлоно. Миний хөдөлмөрийн гэрээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуусах байтал хугацаанаас өмнө хууль бусаар буюу хүчээр халагдах өргөдөл бичүүлж ажлаас халсан. Тиймээс гэрээ дуусах хүртэлх хугацааны олговор 10 750 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарладаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өргөдөлдөө ар гэрийн болон хувийн шалтгааны улмаас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй тухайгаа бичсэн байсан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаантай эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг компанийн удирдлагатай ажилтан харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно гэж заасан байдаг. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй, хөдөлмөр эрхлээгүй байж цалин гаргуулах тухай ойлголт байхгүй” гэж мэтгэлцэж байна.
“ЭММ” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/111 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь заалтыг үндэслэн “Ерөнхий менежер Б.Аын хөдөлмөрийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил хүлээлцэх, холбогдох тооцоог хийхийг эрх бүхий этгээдүүдэд даалгаж” шийдвэрлэсэн байна.
Б.А хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл болон өргөдөл бичсэн шалтгаан нь түүнтэй хамтарч ажиллах боломжгүй, хүчээр шахалтанд оруулсны улмаас захирал өөрөө хэлж өгч бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар судалсан дуу дүрс бүхий бичлэгт нэхэмжлэгчид хүч хэрэглэн шахалт дарамтанд оруулсан зүйлгүй, хэн хэнтэй ярилцаж байгаа талаархи дүрс тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь эрх зүйн ухамсарын хувьд хүний хэлсний дагуу өргөдөл бичих нь гарах үр дагавартай шууд холбоотой гэдгийг ойлгох бүрэн боломжтой субьект гэж үзнэ. Тодруулбал: Нэхэмжлэгч Б.А 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдөлдөө “...Миний бие ар гэрийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Ажлаас гарах хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр шийдэж өгөхийг хүсье” гэсэн байх бөгөөд ямар нэгэн шахалт дарамт, тулган шаардсанаар уг өргөдлийг бичсэн болохоо илэрхийлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч Б.А нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлаж байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг олгох, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэлх олговорыг олгох үндэслэлгүй юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар.
Хариуцагч нь Б.Аын сургалтын төлбөр, ээлжийн амралтын олговорын зөрүү нийт 1 516 358 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ажилтнуудын ажлын байранд сурч хөгжих, сургах асуудлыг ажил олгогчоос хэрэгжүүлсэн байх бөгөөд сургалттай холбоотой гарсан зардал, төлбөрийн талаар талууд харилцан тохироогүй, тогтвортой ажиллах гэрээ байгуулаагүй гэсэн нэхэмжлэгч Б.Аын тайлбар үндэслэл бүхий байна.
Түүнчлэн ээлжийн амралтын олговорыг ажлын нэг жилд тооцож урьдчилан авсан, бүтэн жил ажиллаагүй тул зөрүү төлбөр нэхэмжилсэн гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Б.А 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагад ажилд орсон бөгөөд туршилтын хугацаанд хөдөлмөр эрхлэж байсан болох нь ажилд авах тухай тушаалаар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан гэсэн тайлбараар нотлогдож байна. Мөн ажил хүлээлцэх, холбогдох тооцоог хийхдээ илүү өгсөн олговорыг суутган тооцох боломжтой байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт хариуцагчийн урьдчилан төлсөн 39 212 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хойшлуулж шийдвэрлэсэнтэй холбоотой төлвөл зохих 186 950 төгрөгийг нөхөн гаруулж төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭММ” ХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэлх цалин, олговор 10 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Аын үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Б.Ат холбогдуулан гаргасан сургалтын төлбөр, ээлжийн амралтын олговорын зөрүү нийт 1 516 358 төгрөг гаргуулах тухай “ЭММ” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39 212 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлвөл зохих 186 950 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ