Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч  А.Ер,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, П ургийн овогт Бгийн Од холбогдох 2413000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 26 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, П ургийн овогт Бгийн О, регистрийн дугаар ....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рояль” үйлчилгээний төвийн гадна хохирогч А.Бын нүүр хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. Шүүгдэгч Б.О нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рояль” үйлчилгээний төвийн гадна хохирогч А.Бын нүүр хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархины доргилттой, дээд доод уруулд хавантай, буйл нь хавантай улаан хүрэн өнгөтэй цустай, дээд ба доод уруулын дотор талд хэгзэрсэн, дээд эрүүний 1, 2, 3-дугаар үүдэн шүднүүд унасан, угаас цус гарсан, хавантай, доод эрүүний 1, 2, 3- дугаар үүдэн шүднүүд 3 дугаар зэргийн суларсан, буйл нь хавантай, доод эрүүний дунд зэргийн хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч А.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дэх тал), хохирогч А.Б, гэрч Е.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 5-7,  21-23, 43  дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хын  2024 оны 3 дүгээр сарын 19-ний өдрийн  233 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) яллагдагч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн  гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 3000000 төгрөгөөс 500000 төгрөгийг нь шүүгдэгч Б.О төлж өгч, үлдэгдэл 2500000 төгрөгийг төлж өгөхөөр  хохирогчтой тохиролцсон болох нь нотариатаар гэрчлүүлсэн  баримтаар тогтоогдож байна.

7. Иймд шүүгдэгч нь 2500000 төгрөгийг төлж өгөхөөр хохирогчтой тохиролцсон болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Оийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ял оногдуулж хуульд заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

5.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пургийн овогт Багийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Од сануулсугай.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч А.Бын гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 3000000 төгрөгөөс 500000 төгрөгийг шүүгдэгч Б.О төлж өгч, үлдэгдэл 2500000 төгрөгийг төлж өгөхөөр хохирогчтой тохиролцсон болохыг дурдсугай.

6. 2413000000138 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ө.Б