Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2021/00079/И |
Дугаар | 142/ШШ2021/00213 |
Огноо | 2021-02-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2021/00213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Д-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Дтай танилцаж, 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бидний дундаас хүү төрсөн. Төрснөөс хойш 2016 он хүртэл манай аавынд хамт амьдарсан. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гар хүрч тухайн үедээ цагдаа прокуророор явсан боловч хүүхдээ бодож уучилж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. 2016 онд манай аав ээж хоёр банкны зээлээр хашаа байшин, машин авч өгсөн боловч банкны мөнгөө төлөхгүй архи дарс уун, халуун хоол цацаж, мөн биед гэмтэл учруулж байсан. 2017 оны намар хүү бид хоёрыг орхин явж, бид хоёр одоо болтол аавынд амьдарч байна. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гар хүрч гэмтэл учруулж байсан. Одоо тусдаа амьдраад 3 жил болсон тул гэрлэлтийг маань цуцлуулж, хүү болох Д.Аыг өөрийн асрамжиндаа авах, хүүхэд маань өсөж том болж байгаа болохоор тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2009 онд Атай танилцаж, 2011 онд хүүтэй болцгоосон. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа бууж иртэл А найзуудтайгаа манай гэрт ууж идэж байсан. Би тэднийг хүндэлж цуг ууж идсэн. Аг байнга уруу татаж уудаг эмэгтэй найз нь байсан болохоор би тэгэж болохгүй гэж хэлсэн. А найзыгаа өмөөрч намайг сандлаар цохисон миний уур хүрч зодоон болсон. Энэ талаар цагдаагаар явцгаасан. 2016 онд хадам аав, ээж хоёр таньдаг айлынхаа хашаа байшинд түр амьдруулсан. Зээлээр машин авч өгсөн. Би жил зээлээ өөрөө төлсөн. 2017 онд хадам ээж бид хоёрыг салгана гээд бид 2 салсан. Манай хадам ээж бидний амьдралд байнга оролцдог. Манай хүн ууж иддэг болохоор бүх зүйлийг хадам ээж мэддэг. А өөрийн гэсэн бодол байдаггүй, хадам ээжийн үгээр л байдаг. Бид 2017 онд машинаа авсан үнэндээ зарж мөнгийг нь хадам ээж авсан. Бидэнд хохирол байхгүй. Тэгээд би энэ хоёроосоо хол байя гэж бодоод хот явсан. Энэ хугацаандаа байнга хүүтэйгээ уулзаж хувцаслаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А хүүгийн ангийн эцэг эхийн тэмцээн боллоо ирээч гэсэн. Би очсон тэр согтуу байсан. Би хүргэж өгье, хүү дээрээ оч гэтэл үгүй гээд өөр хүнтэй буудалд орохоор утсаар ярьсан. Миний уур хүрээд 2 алгадсан. А.А байнга архи пиво ууна, тамхи татна. Зарим үед алга болно, буудалд хононо. Ээж аав нь мэднэ. Би зээлтэй болохоороо ажил хийнэ. Амрахаар таксинд явна. Согтуу үед нь би явах боломжгүй. Пиво тамхи өгөхгүй бол би хүүг чинь орхиод гарлаа гэдэг. Би хүүгээ бодоод авч өгчихөөд гардаг байсан. Цалинг нь ээж нь зээлээр авчихдаг. Одоо хүү ээж дээрээ байгаа харж ханддаггүй, ахындаа орхиод ууж идээд явчихдаг. Би хааяа авдаг. Ер нь хүүдээ халамж муутай. Би хүүгээ халамжиндаа авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ байнга харж ханддаг, хувцас хунар авч өгдөг. А.А бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрнө. Хүүдээ тэтгэлэг төлнө гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А хариуцагч Б.Дт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2009 онд танилцаж, хамт амьдран 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн Г-0103 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Дын А нь 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн одоо эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 4 а ангид сурч байгаа тухай тодорхойлолт, Үйлс бадрах өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт, Г-103 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Д.Аын Г-0810 /0462707/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 3 жил болсон хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Д.А нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, хүүхдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү Д.Аыг эх А.Агийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Б.Даас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Д.Аыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар тус тус заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт АА Х овогт Б Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Аыг эх А.Агийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.А ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б.Даас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад, 35 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ