Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Д.А,

хохирогч А.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овогт Нын Жэд холбогдох 2413000210058 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, Мобиком корпорац ХХК-ийн Баян-Өлгий дахь салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багийн 17 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Товогт Нын Ж, регистрийн дугаар ....  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын уулзвар дээр 2403 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.2 дахь заалтыг тус тус зөрчиж, зам явган зорчигч А.Еийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:

-Хохирогч А.Е мэдүүлэхдээ: “...Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж ирсний дараа буюу 2 сарын дараа мөрнийхөө гипсийг авхуулсан. Яллах дүгнэлт, шинжээчийн дүгнэлт дээр тохойн хэсэгт цус хуралттай гэж бичигдсэн байна. Тухайн үед энэ талаар анзаараагүй. Тохойн зураг авхуулахдаа тохой маань хугарсан байсан. Гарынхаа гипсээ авхуулсан боловч гар маань тэнийхгүй, хөдлөхгүй, бүх булчингууд нь хөшсөн, гар маань  хөдөлгөөнгүй байсан. Гэмтсэн үед гар маань цус хуралттай байсан. Тэр нь арилаагүй, шаргал туяатай үлдсэн. Шинжээчийн дүгнэлтээр цус хуралттай, зөөлөн эдийн бяцралттай байсан. Зөөлөн эд, яснаас бусад хэсэгт гэмтэл байж магадгүй гэж хэлсэн. Эхний ээлжид булчин суллах, мэдрэлийн эд, эсийг сэргэх эмчилгээ хийлгээрэй гэж хэлснээр урьд нь эмнэлэгт ажиллаж байсан хүнээр гэртээ тухайн эмчилгээг хийлгэсэн. 10 хоног сэргээн засах тасагт эмчилгээнд явсан. 10 хоног эмчилгээнд явсан боловч үр дүн нь сайн байгаагүй. Хугарсан яс маань эдгэрсэн гэж баярлаж байсан боловч зовуурьтай эмчилгээ нь сэргээн засах эмчилгээ байсан. Хөшсөн гарыг маань хэвээндээ оруулах гэж байнга массаж, олон төрлийн хөдөлгөөн хийсэн. Тэр нь зовуурьтай, шаналалтай, хэцүү байсан. Төрсөн ахын маань хүүхэд Казахстан Улсад хурим хийхээр болж аргагүйн эрхэнд хуримд нь очсон. Нөхрийн маань дүү урьд нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн физик эмчилгээний тасгийн эмч байсан х.Мендигүл гэх хүн байдаг. Одоо Казахстан Улсад амьдарч байгаа. х.Мендигүлд үзүүлэхэд “таны гар хөшөөгүй байна. Гэмтэлтэй байна Улаанбаатар хотод очиж үзүүлэх шаардлагатай” гэдгийг хэлсэн. Баян-Өлгий аймагт “миний эхо” гэж байхгүй гэж хэлсэн. Тэрний дагуу Казахстан Улсаас Улаанбаатар хотод ирж “Мөнгөн Гүүр” гэх эмнэлэгт үзүүлэхэд шөрмөсний урагдалтай, булчингийн үрэвсэлтэй, үе хоорондын зай нарийсаж, ойртсон, үеийн шингэн байхгүй, яс ургалттай, шохойжилттой гэх дүгнэлт гаргасан. Үе хоорондын зай нь 0,60 мм байдаг гэдгийг мэдсэн. Миний үе хоорондын зай 0,7 мм байсан.

Улаанбаатар хотод “Мөнгөн Гүүр” эмнэлэгт 3 төрлийн эмчилгээ хийлгэсэн. Үүнд, эмийн эмчилгээ, булчин суллах, үрэвсэл дарах цахилгаан лазер эмчилгээ, үеийн хөдөлгөөн засалт эмчилгээ хийлгэсэн. Хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэхдээ маш их ядарсан. Зовуурьтай байсан. Заримдаа уйлаад маргааш яаж очно гэж зовдог байсан. Хугацаа алдалгүй Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн маань болсон байна. Гар маань одоо гайгүй, тэнийдэг болсон. Гэхдээ ар талын шөрмөс нь урагдалтай байгаа тул сайн хөдлөхгүй. 1 сарын дараа дахиж очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ талаар өвчтөний картад маань бичиж өгсөн. Ямар үр дүн гарсныг мэдэхийн тулд дахин шинжилгээ хийлгэнэ.

Осол гарсан өдөр шүүгдэгч миний хажууд гүйж ирээд “Би ногоон гэрлээр явж байсан. Таны буруу гэж надад гүйгээд ирсэн. Би босож чадахгүй хэвтэж байсан. “Тэр яах вэ түргэн дууд” гэж хэлсэн. Осол гарснаас хойш шүүгдэгчийг хараагүй. Өнөөдөр харж байна. Тэрнээс хойш 4 сарын хугацаа өнгөрлөө. Шүүгдэгч Н.Жийн ээжтэй нэг ангид 8 дугаар анги хүртэл хамт суралцсан. Ээж нь надад удаа дараа ирж, хохирлыг төлж байсан. Ээжид нь баярлаж байна. Би өвдөж чанлах болгонд шүүгдэгч яагаад надад ирэхгүй байна. Яагаад намайг үл тоомсорлож байна гэж боддог байсан. Надад ирж “та яаж байна” гэж асуусан бол би дотроо баярлах байсан. Ээжид нь шүүгдэгч яагаад ирэхгүй байгаа талаар хэлсэн, асуусан. Шүүгдэгч надад ганц ч удаа ирээгүйд нь гомдсон. Болгоомжгүй болсон учраас ээжийг нь бодож, “Рамазан” сар болж байгаа тул шүүгдэгчийг уучилж байна.

Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Өндөр насны тэтгэвэрт гараад гэртээ хэвтэж байгаа хүн биш. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Өнгөрсөн 4 сарын хугацаанд ажил хийгээгүй. Нөхрөөсөө мөнгө авч байгаа. Орчуулгын тусгай зөвшөөрөлтэй тул орчуулга хийдэг байсан. Нөхөр маань “Барагшуны био” бэлдмэл бэлддэг жижиг үйлдвэртэй. Тухайн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг гадаадад гаргах тусгай зөвшөөрөлтэй. Би орос хэлтэй учраас бүтээгдэхүүнээ Оросын Холбооны Улсад гаргадаг. Энэхүү ажлыг би хариуцаж хийдэг байсан. 200 кг хүртэл захиалга ирэхэд тухайн захиалгыг би өөрийнхөө “приус” тээврийн хэрэгслээр гаргаж захиалагчид хүргэж өгч, төлбөр тооцоогоо хийж буцахдаа 500 долларын дотор бараа авчирч аймагт бөөнддөг байсан.  200 кг-аас дээш захиалга ирвэл компани машинаар гаргаж захиалагчид хүргэж өгдөг. Оросын сайтад бараагаа тавьж, захиалагчийг олж, гэрээ, хэлцэл хийх, захиалагчид хүргэж өгөх, гаалийн бүрдүүлэлт хийдэг, бусад бичиг баримт бүрдүүлдэг ажлыг би хийдэг байсан. Энэ бүх үйл ажиллагаа зогссон. Нөхөр маань надад цалин өгөхгүй. Гэхдээ би явах болгондоо, барааны төлбөр хийгдэх болгондоо урамшуулал өгдөг байсан. “Агайын” фото студид байр түрээсэлж орчуулга хийдэг байсан. Дараа нь 2023 оны 9 дүгээр сараас эхэлж “Турк бараа” гэх газарт байр түрээсэлж орчуулга хийдэг байсан. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй. Аман хэлцэл хийж тохиролцож суудаг байсан. Заримдаа гэртээ орчуулга хийдэг байсан. “Турк бараа” гэх газраас тодорхойлолт авах гэхээр байраа зарж Казахстан Улсад нүүсэн байна. 19,900,000 төгрөгийн орлого миний дансанд орсон. Казахстан Улсын иргэд болон транзит машин зөөдөг жолооч нар ихэнхдээ орчуулга хийлгэдэг. Эдгээр хүмүүсийн бүгд миний дансанд мөнгө шилжүүлэхгүй. Заримдаа төлбөрөө бэлнээр хийдэг. Бодит орлого биш юм. Дансны орлого болон бусад нотлох баримтуудыг шүүгдэгчээс тухайн мөнгийг нэхэмжлэх гэж гаргаж өгөөгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгаас болж ажил хийж чадахгүй, орлогогүй болсноо нотлох үүднээс баримтуудыг гаргаж өгсөн. Тодорхой хэмжээний хохирол нэхэмжлэхгүй ч гэсэн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүндэвтэр гэмтэл авч хохирсон. Би эрүүл мэндээрээ хохироогүй. Цаг хугацаагаар, эдийн засаг, сэтгэл санаагаар хохирсон тул сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Өчнөөн нойргүй шөнийг өнгөрүүлсэн. Өвдсөн, шаналсан, стресстэж, бухимдсан. Сэтгэл санаа маань тогтворгүй болоод маш их ганцаардсан. Өндөр насны тэтгэвэрт байдаг тул надад хамт олон байхгүй. Орчуулгаа хийж, нөхрийнхөө бизнест тусалж ажил хийх явцад би хүмүүстэй харьцдаг байсан. Нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байсан. Одоо тэр бүгд байхгүй болсон. Би гэртээ тахир дутуу хүн шиг 2 гар маань гипстэй 2 сар байсан. 2 гар маань гипстэй байсан тул юу ч хийж чадахгүй байсан. Шингэн зүйлийг соруулаар ууж, хүүхэд маань хооллуулдаг байсан. Бие засах үед маш их эмзэглэж, зовдог байсан. Энэ бүх зүйл миний сэтгэл санаагаар хохирсны илрэл гэж бодож байна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тогтоол гарсан. Уг тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалын дагуу надад сэтгэл санааны хохирол гаргуулж өгөхийг хүсэж байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ 50 гарсан хүн, ясны сийрэгжилт явагдсан нэмэлтээр Хятадын “шалисийн, палийсин” гэх эмээс 10 хайрцаг авч уугаарай гэж хэлснээр тухайн эмийг авхуулж уусан. Ээжид нь утсаар хэлж байсан. Тухайн эмийг би монгол эхнэртэй хятад хүнээс худалдаж авсан. Монголоор бичдэг юм байна. Тухайн эмийн үнийг гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

-шүүгдэгч Н.Ж мэдүүлэхдээ:  “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө буруугаас болж хохирогчийн биед гэмтэл учруулсан. Гэмшиж байна. Санаатайгаар мөргөөгүй. Цас орсон байсан тул баруун эргэхдээ нүдэнд нар тусаж хохирогчийн зам гарч байгааг хараагүй. Хохирогчийг мөргөсний дараа машинаа зогсоосон. Хохирогчид анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн, цагдаагийн байгууллага, ар гэрийн хүмүүст мэдүүлсэн. Амьдралдаа хүн зодож байгаагүй тул анх удаа ийм зүйл тохиолдож байна. Уучлалт гуйж байна. Осол гарсны дараа 500,000 төгрөгийг бэлнээр, Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэнэ гэхээр нь 500,000 төгрөгийг дансаар, эмчилгээ хийлгэж ирсний дараа 2,000,000 төгрөгийг дансаар, дараа нь 1,500,000 төгрөгийг дансаар нийтдээ 4,500,000 төгрөг өгсөн. Хуулийн дагуу төлөх ёстой хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна...” гэв.

2. 2413000210058 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1.  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол  гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэр зүүн 4 замын уулзвар байх бөгөөд 2403 УНЯ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр урд зүг рүү хараад зогсож байв” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

2.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал),

2.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

2.5. Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан талаарх “согтуурал шалгах багажийн заалт 0,00% гарч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал),

2.6. Хохирогч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд би валют арилжааны газраас гараад Музейн хажуугаар 4 замын уулзвар гарах гээд нэг ёсондоо “Арвин” рестораны зүг рүү явган хүний гарц дээр ирэхэд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд зогсож байсан. Тэгээд би зам хөндлөн гарахаар алхаж явахад “Арвин” рестораны шулуун замаас ирсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай эргэж, тэр үед нь би тухайн машин руу гараараа зогсоох анхааруулга өгсөн ч уг машин намайг мөргөсөн. Тэгээд босох гэтэл зүүн гар хөдлөхгүй босож чадахгүй байсан. Би замын гарц нь дээр ирэх үед бүх машинууд уулзвар гарц дээр зогсож байсан болохоор би шууд явган хүний гарцаар явсан. Тэр үед явган хүний гэрлэн дохио нь ямар өнгийн гэрэл асаж байсныг одоо санахгүй байна. ...Уг ослоос болж миний баруун гарын шуу хэсгээр хугарсан, зүүн гарын булчингийн хэсгээр нэлэнхийдээ зовуурьтай, гараа хөдөлгөж чадахгүй байна....

...Би зам тээврийн осол, гэмт хэрэгт өртсөний улмаас тухайн өдрөө түргэн тусламжийн машинтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очиж рентген зураг авхуулсан бөгөөд тэр үед миний баруун талын гар хугарсан гэмтэл харагдсан. Тэр өдрөөс хойш 2 хоног гэртээ байх хугацаанд миний зүүн талын гар өвдөж ерөөсөө хөдөлгөж болохгүй байхаар нь эмчтэй утсаар холбогдож хэлэхэд надад МRI-д үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Улмаар би зүүн талын гараа МRI-д үзүүлтэл мөрний яс хугарсан, зөөлөн эдийн гэмтлүүдтэй гарсан. Мөн тэр үед тохойны зураг бас авхуулах шаардлагатай гэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр тохойны зураг авхуулж үзэхэд тохойны яс мөн хугарсан гэмтэл гарсан. Ингээд би дээрх гэмтлүүдийн улмаас 10 хоног хэвтрийн дэглэм барьж, хүний асаргаанд орж эмч нараас бичиж өгсөн өвчин намдаагч, витамин зэрэг эм, тариаг хэрэглэсэн. Өөрөөрөө ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй хоёр гар хоёулаа гипстэй болохоор хэвтэж болохгүй хөдөлгөж болохгүй нойрны дутагдалд орж сүүл рүүгээ стресстэж, бухимдаж өвдөж болохгүй байхаар нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин болох Д.Инжүгийн хамт Баян-Өлгий аймгаас онгоцоор Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хотод 35 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгүүлсэн. Тухайлбал очсон өдрөө гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд миний зүүн талын мөрний ясыг гипэсдэхдээ зөрсөн байна, дахин мэс засал хийж хадаасаар тогтоох ёстой гэхээр нь би зовуурьтай маш хүчтэй өвдөж байхаар нь зөвшөөрөөгүй. Мөн намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх талаар хэлэхэд хүний асаргаанд байгаа хүн хоёрын хоёр хүнтэй эмнэлэгт хэвтэж хүндрэл учруулахгүй гэж бодоод гэрээр эмчилгээ хийлгүүлсэн. Эмчээс бичиж өгсөн эмийг хэрэглээд гэртээ л байсан. Мөн 50 гарсан эмэгтэй хүн ясны сийрэгжилт явагдаж эхэлсэн сайн үйлчилгээтэй эм хэрэглээрэй гэж БНХАУ-ын "шалийсан" гэх нэртэй эм хэрэглэхийг зөвлөсөн. Улмаар би БНХАУ-аас таньдаг хүмүүсээрээ дамжуулаад авсан.

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлж байх хугацаанд нойргүйдэлд орж толгой өвдөөд байхаар нь улсын гуравдугаар эмнэлэгт МRI-д үзүүлэхээр очсон. Би одоогоос 2 жилийн өмнө металын хольцтой арааны шүд 250,000 төгрөгөөр хийлгүүлж байсан бөгөөд метал шүдтэй хүнийг МRI-д үзэх боломжгүй гэхээр нь хувийн эмнэлэг орж шүдээ авхуулж байж МRI-д үзүүлсэн. Улаанбаатар хотод нэг хайрцгийн үнэ нь 35.000 төгрөгийн үнэтэй байдаг. Эмчилгээтэй холбоотой баримтууд болон Баян-Өлгий аймаг Улаанбаатар чиглэлд ирж очсон бүх баримтуудаа гаргаж өгнө. Мөн үүн дээр нэмж би Нөхөд ХХК-д ОХУ руу барагшуны хуурай өтгөрүүлсэн бэлдмэл экспортлох ажил хариуцаж ажилладаг бөгөөд хоёр улсын хооронд сард хамгийн багадаа 2 удаа явна. Үүнийг миний гадаа паспортын штамп болон 08-50 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ташаант боомтоор нэвтэрсэн баримтуудаас харж болно. Нэг удаа яваад ирэхэд орлого нь цаанаасаа ирж байгаа захиалгаас нь шалтгаалдаг бөгөөд мөнгө шууд компани данс руу ордог. Компаниас надад орлогын тодорхой хэмжээний хувийг миний Хаан банкны 5180383045 данс руу "НӨХӨД" “ДОСТЫХБЕК” зэрэг утгаар орж ирдэг. Би гэмт хэргийн хохирогч болсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд явж чадаагүй. Энэ хугацааны орлогоо, мөн би шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу орчуулгын ажил давхар хийдэг. Үйлчлүүлэгч нар ихэнхдээ төлбөрөө бэлнээр хийдэг. Тухайлбал миний хамгийн их хийж байгаа орчуулга бол тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ 15,000 төгрөг, итгэмжлэл 10,000 төгрөг зэрэг тус тусдаа үнийн тарифтай байдаг. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бас оролцдог. Казах хэл дээр болон орос хэл дээр бичигдсэн нэхэмжлэл, баримтуудыг бас үнэ тохирч орчуулдаг юм. Мөн 2 сарын хугацаанд ажлаа хийгээгүй, бүх үйл ажиллагаа зогссон байгаа.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22, 133-134 дэх тал),

2.7.Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай “1. А.Еийн биед баруун шууны цацраг яс дистал хэсгээр хугарал, зүүн бугалга, тохойны цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

2.8. “Тенгри Өлгий” эмнэлгийн соронзон томографын оношилгооны хуудас, рентген зураг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний хуудас, эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 44-49 дэх тал),

2.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Еын нэмэлт шинжилгээ хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дугаартай "1. А.Еийн биед зүүн бугалгын толгойн гадна дээд гадаргуу жигд бус, их эргүүлэг, супраспинатус шөрмөс бэхлэгдэх хэсгийг хамарсан хугарлын шугам шингэний хуримтлалтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авто ослын улмаас үүссэн байх боломжтой байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд тусгагдсан баруун шууны цацраг ясны дистал хэсгээр хугаралттай гэх гэмтэлд өөрчлөлт орохгүй.” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 55-57 дахь тал),

2.10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хайратын 2023 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай “1. Иргэн Н.Жийн биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 3. Иргэн Н.Жийн биеэс авсан гэх цусанд спирт илрээгүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 65-66 дахь тал),

2.11. Шинжээч Е.Жанатханы гаргасан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас”  ( хавтаст хэргийн 79 дэх тал),

2.12. Хохирогч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Миний бие уг дүгнэлттэй танилцлаа. Тухайн үед би 2 гарыг рентгенд үзүүлэхэд баруун гарын хугарал гэж гарсан ба зүүн гарын хугарал нь мэдэгдээгүй юм. Тэгээд би зөвхөн баруун гарны хугаралтай гэсэн рентгений бичгийг авч очоод шинжээч эмчид шинжилгээ хийлгүүлсэн. Тэгээд түүнээс 3-4 хоногийн дараа миний зүүн гар өвдөөд болохгүй болохоор нь соронзон томографын оношилгоонд үзүүлэхэд зүүн гар талын ясны хэсэг үе рүү орсон хугаралтай гэж гарсан юм. ... Одоогийн байдлаар миний хоёр гар хугарсан, зүүн мөр бас гэмтэлтэй....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 94 дэх тал),

2.13. Цагдаагийн Ерөнхий газрын “Н.Ж нь В ангиллын жолоочийн үнэмлэхтэй” гэсэн лавлагаа  ( хавтаст хэргийн 102 дахь тал),

2.14. Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын актын тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл

зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар зам тээврийн осол нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед болсон байв. Жолооч Н.Ж, явган зорчигч А.Е нарын мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас гаргуулан авсан, 24-03 УНЯ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цагдаагийн газрын нэгдсэн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А.Еийн өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч X.Ерболын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн шинжээчийн 33 дугаартай дүгнэлт, шинжээч эмч К.Хайратын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шүүх химийн шинжилгээний 09 дугаартай дүгнэлт, аймгийн авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер Е.Жанатханы 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11399888897 дугаартай авто-тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, "Ашид Билгүүн" ХХК-ний шинжээч О.Мын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан БӨА-23-0298 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэж магадалгааг гаргав.

Жолооч Н.Ж нь В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй ба түүний жолоодож явсан 2403 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл Н.Сунхарын эзэмшлийн, техникийн 2022 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр үзлэгт хамрагдсан байв.

Жолооч Н.Ж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, гэх заалт, мөн дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа ( хавтаст хэргийн 104-105 дахь тал),

2.15. Яллагдагч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Осол гаргах үед би тээврийн хэрэгслээ зогсоож машинаасаа бууж хохирогч дээр очоод шууд 103 болон 102 луу дуудлага мэдээлэл өгч, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Би энэ болсон явдалд маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дахь тал),

2.16. Хохирогч А.Еээс гаргаж өгсөн Нөхөд ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай тушаал, эмчилгээ хийлгэж, эм худалдаж авсан талаарх НӨАТ-ийн баримтууд, онгоцны тийз, гэрлэсний гэрчилгээний хуулбар, гадаад паспортын хуулбар, Нөхөд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, биологийн идэвх бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 50 дугаартай шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, Хаан банкны харилцагч А.Еийн 5180383045 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 137-163 дахь тал),

2.17. Шүүх хуралдааны үед хохирогч А.Еээс гаргаж өгсөн БНХАУ-ын иргэн Б.Өрйгийн бичсэн тодорхойлолт, эм захиалж авсан гэх баримт, Монгол банкны салбарын тодорхойлолт,  түрээсийн гэрээний хуулбар, Мөнгөн гүүр эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэсэн  карт, эмчилгээ хийлсэн баримтууд, эмчилгээний төлбөр төлсөн НӨАТ-ийн баримтууд,онгоцны тийзийн хуулбар  зэрэг нотлох баримтууд  болно.

2.18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал),

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 96-98 дахь тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дэх тал),

- Мобиком корпорац ХХК-ийн Баян-Өлгий салбарын захирлын 2024 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн “Нурболат овогтой Ж нь тус салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 118 дахь тал),

-Хаан банкны харилцагч Н.Жийн 5197013745 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 120-127 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.19. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

-Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол  гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал),

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

- Хохирогч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд би зам хөндлөн гарахаар алхаж явахад “Арвин” рестораны шулуун замаас ирсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай эргэж, тэр үед нь би тухайн машин руу гараараа зогсоох анхааруулга өгсөн ч уг машин намайг мөргөсөн....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22 дахь тал),

-шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай “1. А.Еийн биед баруун шууны цацраг яс дистал хэсгээр хугарал, зүүн бугалга, тохойны цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

-Тенгри Өлгий эмнэлгийн соронзон томографын оношилгооны хуудас, рентген зураг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний хуудас, эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 44-49 дэх тал),

-Шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дугаартай "1. А.Еийн биед зүүн бугалгын толгойн гадна дээд гадаргуу жигд бус, их эргүүлэг, супраспинатус шөрмөс бэхлэгдэх хэсгийг хамарсан хугарлын шугам шингэний хуримтлалтай гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд тусгагдсан баруун шууны цацраг ясны дистал хэсгээр хугаралттай гэх гэмтэлд өөрчлөлт орохгүй.” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 55-57 дахь тал),

-Шинжээч Е.Жаы гаргасан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас”  ( хавтаст хэргийн 79 дэх тал),

-Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа  ( хавтаст хэргийн 102 дахь тал),

-Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “ жолооч Н.Ж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3. 16.2 дахь заалтуудыг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа ( хавтаст хэргийн 104-105 дахь тал),

ллагдагч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Осол гаргах үед би тээврийн хэрэгслээ зогсоож машинаасаа бууж хохирогч дээр очоод шууд 103 болон 102 луу дуудлага мэдээлэл өгч, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч Н.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах засмал 4 замын уулзвар дээр 2403 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.Еийн мөргөж зам тээврийн осол гаргасан, зам тээврийн ослын улмаас хохирогчийн биед баруун шууны цацраг яс дистал хэсгээр хугарал, зүүн бугалга, тохойны цус хуралт, зүүн бугалгын толгойн гадна дээд гадаргуу жигд бус, их эргүүлэг, супраспинатус шөрмөс бэхлэгдэх хэсгийг хамарсан хугарлын шугам шингэний хуримтлал бүхий гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтүүдээр эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан, шүүгдэгч нь В ангиллын жолоочийн үнэмлэхтэй, химийн шинжилгээний дүгнэлтээр жолоочийн цуснаас спирт илрээгүй, шинжээчийн техникийн хяналтын дүгнэлтээр тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн, эвдрэл гэмтэл тогтоогдоогүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс “улсын яллагчийн гэм буруутайд тооцох дүгнэлт үндэслэлтэй шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэсэн санал гаргаж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.Жийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, явган зорчигч А.Еийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан  “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн  шинжийг агуулсан, гэм буруутай үйлдэл юм.

          4.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхийг хөдөлгөөнд оролцож буй иргэнд үүрэг болгожээ.

          4.3. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оруулахгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

          4.4. Шүүгдэгч Н.Ж нь  2403 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” , мөн дүрмийн 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.Еийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          4.5. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд хохирогч А.Еийн биед нь үүссэн гэмтлүүд нь  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзлээ. (хавтаст хэргийн 37-38, 79 дахь тал),

          4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч Н.Ж нь замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон  бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гаргасан мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцсэн байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          4.7. Шүүгдэгч Н.Жийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг  бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.4. Иймд шүүгдэгч Н.Жийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хохирогч А.Еийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид  олгож шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч А.Е  нь  мөрдөн шалгах ажиллагааны үед тус аймгийн болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд үзүүлж, эмчилгээ хийлгэхэд гарсан зардалд 4090870 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт Улаанбаатар хотод сэргээн засах эмчилгээ хийлгэсэн, эм худалдаж авсан талаарх баримтуудыг гаргаж өгч эмчилгээний зардал 1349467 төгрөг, онгоцны тийзийн үнэ 502150 төгрөг /Улаанбаатар-Өлгий чиглэлийн/ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны гэм хорыг тус тус нэхэмжилсэн болно.

5.3. Хохирогч А.Е нь шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулга хийх тусгай зөвшөөрөлтэйгөөс гадна Нөхөд ХХК-ийг төлөөлж тус компани үйлдвэрлэдэг барагшуны био бэлдмэлийг экспортод гаргах ажлын хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулах, экспорт, гаалийн бүрдүүлэлтийг хариуцан ажиллаж, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Ташанта боомтоор байнга хил гардаг нөхцөл байдал хэрэгт цугларсан Нөхөд ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, биологийн идэвх бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, гадаад паспортын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан бол мөн хуулийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эртэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг буруутай этгээд мөнгөн хэлбэрээр арилгах талаар хуульчилжээ.

5.5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан байх ба уг хүснэгтийн шалгуур үзүүлэлтүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг сэтгэцэд учирсан гэм хорын 3 дугаар зэрэглэлд хамааруулсан байна. 

5.6. Хохирогчийн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн баяр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудах зэрэг нь сэтгэцэд учирсан хор уршигт хамаарах бөгөөд хохирогч А.Еийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Өчнөөн нойргүй шөнийг өнгөрүүлсэн. Өвдсөн, шаналсан, стресстэж, бухимдсан. Сэтгэл санаа маань тогтворгүй болоод маш их ганцаардсан. Өндөр насны тэтгэвэрт байдаг тул надад хамт олон байхгүй. Орчуулгаа хийж, нөхрийнхөө бизнест тусалж ажил хийх явцад би хүмүүстэй харьцдаг байсан. Нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байсан. Одоо тэр бүгд байхгүй болсон. Би гэртээ тахир дутуу хүн шиг гар маань гипстэй 2 сар байсан. Хоёр гар маань гипстэй байсан тул юу ч хийж чадахгүй байсан. Шингэн зүйлийг соруулаар ууж, хүүхэд маань хоол өгдөг байсан. Бие засах үед маш их эмзэглэж, зовдог байсан. Энэ бүх зүйл миний сэтгэл санаагаар хохирсны илрэл гэж бодож байна. Одоо болтол гар маань тэнийхгүй, хэвийн байдалд ороогүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх мэдүүлэг, хэрэгт цугларсан эмчийн үзлэг хийсэн баримтууд, шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, эмчилгээ хийлгэсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн гэмтлээс үүдэлтэй үлдэц, нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, биеийн шалгуур үзүүлэлтүүдээр хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.    

5.7. Шүүгдэгч Н.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь  дээрх журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 3 дугаар зэрэгт хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөгийг /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7150000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

5.8. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон хохирогч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжилсэн эмчилгээний зардал 4090870 төгрөг, шүүх хуралдааны үед нэхэмжилсэн  эмчилгээний зардал, онгоцны тийзийн үнэ 1851617 төгрөг нийт 5942487 төгрөгийн хор уршгаас шүүгдэгч Н.Жийн төлсөн 4500000 төгрөгийг хасаж /5942487-4500000=1442487/, үлдэгдэл 1442487 төгрөгийг болон сэтгэцэд учирсан хор уршиг 7150000 төгрөг, нийт 8592487 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Н.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ж нь хувийн байдлын хувьд 24 настай, Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, Мобиком корпорацын Баян-Өлгий дахь салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилладаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарал, болгоомжгүйгээс зам тээврийн осол гаргасан,  түргэн тусламж дуудаж, хохирогчид тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2. “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Жэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хор уршгийг төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж  өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.Жийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.7. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Н.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Н.Ж нь энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т ургийн овогт Нын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нурболатын Жийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Жэд сануулсугай.

4. Шүүгдэгч Ж нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Н.Жээс 8592487 (найман сая таван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун наян долоо) төгрөгийг гаргуулан хохирогч А.Ед олгож, хохирогч нь цаашид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. 2413000210058 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ж нь хохирогч А.Ед 4500000 төгрөгийн хор уршгийг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

            7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих 

эрхтэйг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б