| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0080/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч Д.Ал,
гэрч Х.А,
шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, У ургийн овгийн Ен Аэд холбогдох 2413000290080 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 3, ах, дүүгийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ак Ниет” ХХК-д галч ажилтай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, У ургийн овогт Ейн А, регистрийн дугаар ....
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хостерек” нэртэй худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг бэлэн хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ иргэн Х.Аээс “төлбөрийг дансаар шилжүүлнэ” хэмээн 130000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас худалдан авч, төлбөрийг шилжүүлэлгүй хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ж.Мд 130000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.А мэдүүлэхдээ: “...Тухайн үед “Хостерек” үйлчилгээний төвөөс цамц авсан. “Хостерек” үйлчилгээний төвд очиж АТМ-ээс дансанд маань байсан 200000 төгрөгийг гаргаж авсан. Дараа нь хохирогчийн дэлгүүрээс куртик авсан. Эхлээд утаснаасаа мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Дараа нь данснаасаа мөнгө шилжүүлж авснаа санаж, А.Жтэй бэлэн мөнгөөр тооцоо хийж 140000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хариулт болох 10000 төгрөгийг Х.А надад өгсөн. Тэгээд би гараад явсан. Хэд хоногийн дараа цагдаагийн газраас залгахад очиж уулзсан. Цагдаагийн албан хаагчид уг дэлгүүрт камер байгаа. Камерын бичлэгийг шалгахыг хүсэхэд камер нь тухайн үед ажиллахгүй байсан гэж хэлсэн. Харин АТМ-ээс мөнгө гаргаж авч байгааг маань АТМ-ийн камерын бичлэгээс харж болно. Дараа нь цагдаагаас хэрэг биш байна гэж хэргийг хаасан байсан...” гэв.
2. 2413000290080 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2. Хохирогч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Өлгий сумын 11 дүгээр багт “Хостерек” худалдааны төвд эрэгтэй бэлэн хувцасны дэлгүүр ажилдуулдаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай ээж болох Х.А нь хувцас худалдан борлуулж сууж байх үед өдрийн 15:50 минутын үед гаднаас цоохор загварын юүдэнтэй куртиктэй, хар ногоон өнгийн өмдтэй 30 орчим насны эрэгтэй хүн манай дэлгүүрээс “North face” загварын хар өнгийн куртик 80000 төгрөгөөр, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдийг 50000 төгрөг, нийт 130000 төгрөгөөр бараа худалдан авч, улмаар тухайн 130000 төгрөгийг манай аавын данс болох Хаан банкны 5180241385 гэх тоот дансанд шилжүүлчихлээ хэмээн худал ярьж, хууран мэхэлж гараад явсан байна....
...Уг асуудал болсон гэх өдрөөс хэд хоногийн дараа аав маань цагдаагийн газарт ирээд хүмүүсээс “манай дэлгүүрээс 130000 төгрөгийн барааг худалдан авсан залуу мөнгийг нь хийхгүйгээр явчихлаа, үүнд дээр ямар арга хэмжээ авагддаг бэ” гэж тодруулсан юм шиг байна лээ. Тэгсэн “яг үйлдэл нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж, цаашлаад шүүхээр орох асуудал гарна” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгсэн аав маань за залуу хүүхэд өөрөө ирчих байлгүй дээ гэж бодоод яг тухайн хугацаанд хуулийн байгууллагад хандаагүй, олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл байршуулаагүй юм байна лээ. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн хүний үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэнэ биз, 130000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Эцэг, эх маань хэн нэгнийг гүтгэх хүмүүс биш...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал),
2.3. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хостерек” худалдааны төвийн 1 давхарт бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би тухайн дэлгүүрийг ажиллуулж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед гаднаас улаан цагаан өнгийн даавуун материалтай алаг өнгийн куртиктэй, ногоон өнгийн өмдтэй 20-30 орчим насны эрэгтэй хүн ороод ирсэн. Тухайн эрэгтэй хүн нь манай дэлгүүрээс “North face” загварын хар өнгийн куртик 80000 төгрөгөөр, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдийг 50000 төгрөгөөр, нийт 130000 төгрөгөөр бараа худалдан авсан. Улмаар тухайн 130000 төгрөгийг шилжүүлнэ хэмээн надаас асуусан. Манайх нөхөр болох Женисбекийн Хаан банкны 5180241385 тоот дансыг дэлгүүр дотор бичиж байрлуулсан байсан бөгөөд би тухайн дансыг харуулаад “ийш нь шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед уг эрэгтэй хүн “мөнгө шилжүүлчихлээ” хэмээн гараад явсан. Мөн тухайн үед дэлгүүрт хэд хэдэн хүн ирсэн бөгөөд удалгүй би мөнгө орсон талаар шалгаж үзэхэд уг 130000 төгрөг орж ирээгүй байсан. Би тухайн үед дэлгүүрээс гараад харахад уг этгээд аль хэдийн явчихсан байсан. Би тухайн хүнийг одоо харвал танина. Шар царайтай, 160-165 см өндөртэй, 20-30 насны залуухан эрэгтэй хүн байсан. Тухайн үед манай дэлгүүрт нөхөр Женисбек байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
2.4. Гэрч А.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхнэр Х.Аийн хамтаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хостерек” худалдааны төвийн 1 давхарт байрлах дэлгүүрт худалдаа наймаа эрхэлж сууж байсан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутын үед байх гаднаас 20-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд хувцас сонирхсон. Улмаар куртикийг 80000 төгрөгөөр, өмдийг 50000 төгрөгөөр авсан. Уг этгээд нь мөнгө шилжүүлнэ хэмээн хэлсэн бөгөөд бид “данс бичээстэй байгаа” хэмээн данс бичсэн цаасыг харуулсан. Уг залуу шилжүүлнэ хэмээн утсаа ухаад хэсэг зогсож байгаад “шилжүүлчихлээ” хэмээн хэлээд гараад явсан. Манай дэлгүүрт байдаг данс миний Хаан банкны 5180241385 тоот данс байгаа юм. Би хэсэг хугацааны дараа утсаа шалгаж үзэхэд 130000 төгрөгийн орлого ороогүй байсан. Уг нь хүмүүс данс хараад мөнгө шилжүүлээд явж л байдаг байсан. Мөнгө ороогүй гэдгийг мэдээд манай эхнэр Х.А гүйж гарсан. Удалгүй нөгөө залуу байхгүй байна гээд орж ирсэн. Тэрний дараа би “Москва” төвийн орчимд байсан өөрийн “Харриер” загварын 4244 БӨА загварын цагаан өнгийн машинтайгаа гарч хайхад олдоогүй. Бид мөнгө авч ирж өгөх байх гэж бодсон. Би тухайн хүнийг одоо харвал танина. Шар царайтай, 160-165 орчим өндөртэй, 20-35 орчим насны залуухан эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
2.5. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Е.А гэх хүнийг танихгүй юм байна. Тухайн хүнийг манай дэлгүүрээр урьд өмнө нь үйлчлүүлж байсан эсэхийг ч санахгүй байна. Учир нь манай дэлгүүрт өдөрт гэхэд цөөнгүй хүн орж гардаг болохоор нэг бүрчлэн царай зүсийг тогтоох боломжгүй. Гэхдээ тухайн залууг одоо харвал танина. ...Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн удаа дуудсан болохоор бид нар дахин, дахин ирэхэд хүндрэлтэй байна. Иймд нөхөр бид хоёрын зүгээс одоо тэр 130000 төгрөгийг дүүрсэн асуудал гэж үзээд хэргийг ямар ч байдлаар шийдвэрлэсэн хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
2.6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-40 дэх тал),
2.7. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 42-46 дахь тал),
2.8. Хаан банкны харилцагч Е.Аийн 5168552400 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна.
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 82-84 дэх тал),
-Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.10. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Хохирогч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Өлгий сумын 11 дүгээр багт “Хостерек” худалдааны төвд эрэгтэй бэлэн хувцасны дэлгүүр ажилдуулдаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай ээж болох Х.А нь хувцас худалдан борлуулж сууж байх үед өдрийн 15:50 минутын үед гаднаас цоохор загварын юүдэнтэй куртиктэй, хар ногоон өнгийн өмдтэй 30 орчим насны эрэгтэй хүн манай дэлгүүрээс “North face” загварын хар өнгийн куртик 80000 төгрөгөөр, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдийг 50000 төгрөгөөр, нийт 130000 төгрөгөөр бараа худалдан авч, улмаар тухайн 130000 төгрөгийг манай аавын данс болох Хаан банкны 5180241385 гэх тоот дансанд шилжүүлчихлээ хэмээн худал ярьж, хууран мэхэлж гараад явсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал),
-Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед гаднаас улаан цагаан өнгийн даавуун материалтай алаг өнгийн куртиктэй, ногоон өнгийн өмдтэй 20-30 орчим насны эрэгтэй хүн ороод ирсэн. Тухайн эрэгтэй хүн нь манай дэлгүүрээс “North face” загварын хар өнгийн куртик 80000 төгрөгөөр, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдийг 50000 төгрөгөөр, нийт 130000 төгрөгөөр бараа худалдан авсан. Улмаар тухайн 130000 төгрөгийг шилжүүлнэ хэмээн надаас асуусан. Манайх нөхөр болох Женисбекийн Хаан банкны 5180241385 тоот дансыг дэлгүүр дотор бичиж байрлуулсан байсан бөгөөд би тухайн дансыг харуулаад “ийш шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед уг эрэгтэй хүн “мөнгө шилжүүлчихлээ” хэмээн гараад явсан. Мөн тухайн үед дэлгүүрт хэд хэдэн хүн ирсэн бөгөөд удалгүй би мөнгө орсон талаар шалгаж үзэхэд уг 130000 төгрөг орж ирээгүй байсан. Би тухайн үед дэлгүүрээс гараад харахад уг этгээд аль хэдийн явчихсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Гэрч Х.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэрээр мөнгө шилжүүлчихлээ гэж хэлээд гарч явсан. Дараа нь манай дэлгүүрт хэдэн хүн орж ирсэн. Тэгж байгаад нөхөр маань гар утас руугаа харж байснаа саяны хүн мөнгө шилжүүлээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гүйж гадагшаа гарахад шүүгдэгч харагдахгүй байхаар нь буцаад дэлгүүрт орж ирсэн. Нөхөр маань “гайгүй байлгүй, хэдэн хоног хүлээе” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн),
-Гэрч А.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг залуу шилжүүлнэ хэмээн утсаа ухаад хэсэг зогсож байгаад “шилжүүлчихлээ” хэмээн хэлээд гараад явсан. Манай дэлгүүрт байдаг данс миний Хаан банкны 5180241385 тоот данс байгаа юм. Би хэсэг хугацааны дараа утсаа шалгаж үзэхэд 130000 төгрөгийн орлого ороогүй байсан. Уг нь хүмүүс данс хараад мөнгө шилжүүлээд явж л байдаг байсан. Мөнгө ороогүй гэдгийг мэдээд манай эхнэр Х.А гүйж гарсан. Удалгүй нөгөө залуу байхгүй байна гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-40 дэх тал),
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 42-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Е.А нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хостерек” нэртэй худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг бэлэн хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэхдээ худалдагч буюу иргэн Х.Аээс “North face” загварын 80000 төгрөгийн үнэтэй куртик, 50000 төгрөгийн үнэтэй жинсэн өмд зэрэг 130000 төгрөгийн үнэтэй бэлэн хувцас худалдаж авч “төлбөрийг дансаар шилжүүлсэн” гэж хэлсэн атлаа төлбөрийг шилжүүлэхгүйгээр гарч явсан, тухайн үед дэлгүүр дотор Х.А нь нөхөр А.Жийн хамт дэлгүүрээ ажиллуулж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч Е.А нь “Би АТМ-аас 200000 төгрөг бэлэн авч, тухайн дэлгүүрээс худалдаж авсан хувцасны мөнгийг төлөх гээд бэлэн 140000 төгрөгийг А.Жэд өгөхөд хажууд байсан эхнэр нь болох Х.А хариулт гэж 10000 төгрөг өгсөн, би хувцасны мөнгийг төлсөн” гэж маргаж байгаа ба хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд гэрч А.Ж, хохирогч Ж.М нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон дэлгүүрээр үйлчлүүлэхдээ худалдаж авсан бэлэн хувцасны мөнгийг “дансаар шилжүүлсэн” гэж хэлээд гараад явсан гэх үйл баримтыг эргэлзээтэй гэж үзэх, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3.3. Өөрөөр шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 16:50 цагт “Хостерек” худалдаа, үйлчилгээний төвийн дотор байрлах АТМ-аас 200000 төгрөг гаргаж авсан үйл баримт түүний эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон боловч тухайн бэлэн мөнгөөр худалдаа хийсэн, 140000 төгрөгийг худалдагч А.Женибекэд өгч, хариулт 10000 төгрөгийг авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх байдлаар төлбөрийг нь дансаар шилжүүлнэ гэж хэлсэн мөртөө шилжүүлэхгүйгээр худалдаж авсан бэлэн хувцсыг авч явсан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.5. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг зөрчиж Е.Аээс гэрчээр авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй дурдах нь зүйтэй.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1 Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон шүүгдэгч Е.Аийн төлбөрийг нь дансаар шилжүүлнэ гэж худалдаж авсан бэлэн хувцасны төлбөрийг төлөхгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэм аюултай үйлдэл юм.
4.2. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх, нуух замаар төөрөгдөлд оруулах гэх мэтээр бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгэж сайн дураар хөрөнгө болон хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ шилжүүлсэн байдаг.
4.3. Шүүгдэгч Е.А нь хувцасны төлбөрийг дансаар шилжүүлчихлээ гэж худалдагч Х.Аийг хуурч мэхлэн 130000 төгрөгийн үнэтэй бэлэн хувцсыг авч явсан, худалдагч нь түүнд итгэж бэлэн хувцсыг өгч явуулсан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг худалдагч Х.Аийг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилсан гэж үзнэ.
4.4. Шүүгдэгч нь дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн ав,ч хохирогчид 130000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.5. Шүүгдэгч Е.Аийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдыг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Иймд шүүгдэгч Е.Аийг бусдыг хуурч, өмчлөгчийн 130000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Шүүгдэгч Е.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мд 130000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлжээ.
5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аээс 130000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Е.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Е.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг, шүүгдэгчээс “торгож өгнө үү, торгуулийг төлөх боломжтой” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.
2.4. Шүүгдэгч Е.А нь “монгол хэл мэднэ, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хувийн байдлын хувьд 25 настай, ам бүл 3, ах, дүүгийн хамт амьдардаг, “Ак Ниет” ХХК-д галчаар ажилладаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.
2.6. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бусдыг залилсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хувийн байдалд нь хамруулан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.7. Шүүгдэгч Е.Аийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийнэ гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, 700 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Е.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Е.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уургийн овогт Ен Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Е.Аэд сануулсугай.
4. Шүүгдэгч Е.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аээс 130000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Мд олгосугай.
6. 2413000290080 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б