Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 874

 

 

 

 

 

 

 

  2020           7              7                                            2020/ДШМ/874

 

 

А.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Г.Уртнасан, түүний өмгөөлөгч Д.Батдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/908 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Уртнасан, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Дд холбогдох эрүүгийн 1906057770981 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Д,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж байсан,

  Шүүгдэгч А.Д нь 2019 оны 8 дугаар сараас иргэн Г.Уртнасанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхонд байр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овгийн Аюурзаны А.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Дн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Дгаас 4.120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Сартуул овогт Ганхуягийн Уртнасан /РД:ВМ69122501/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Уртнасан тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхныбаярт төлсөн 1.000.000 төгрөгийн хохирлыг тогтоож өгнө үү, анхнаасаа маргаангүй хүлээн зөвшөөрсөн хэргийг ингэж удаан чирэгдүүлж байгаа нь бидэнд хүндрэлтэй байгааг анхаарна уу. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Батдорж тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх, прокурор нь “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Хохирогч Г.Уртнасан, Г.Анхныбаяр нар нь хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн бүхий л шатанд “хохирол, хор уршгийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.4 дэх заалт, 1.8 дахь заалтуудыг тус тус хэрэглээгүй байна. Иргэн Г.Анхныбаяр “...хохирол хүлээсэн хүн” учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх хуулийн 8.1 дүгээр зүйлийг /хохирогч/ хэрэглэх журамтай байтал, хэрэглэх ёсгүй 9.6 дугаар зүйлийг /гэрч/ хэрэглэсэн байх юм. Анхан шатны шүүхэд ”...хохирогчоор татаж өгнө үү?” гэсэн хүсэлтийг шийдвэрлэсэнгүй. 1.000.000 төгрөгийг А.Д авах эрхгүй, өгөх үүрэгтэй гэдэг хуулийн заалтыг өмгөөлөгч миний бие баттай мэдэх юм. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн, энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн байх тул прокурорт буцаан иргэн Г.Уртнасан, Г.Анхныбаяр нарын хохирол хор уршигийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхныбаяр болон А.Д нарын хооронд үүссэн харилцаа нь иргэд хоорондын зээлийн хэлцэлтэй холбоотой харилцаа байсан учраас гэмт хэргийн хохирол, хор уршиг учраагүй гэж үзсэн. Мөн хохирогч Уртнасан анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “5.565.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн.  Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор шалгахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 4.120.000 төгрөг болох нь тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд удаа дараа гаргаж байгаа саналаас харахад хохирогч худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. 7-8 данстай харилцсан дансны хуулгаас хараад “ямар учраас таны дансанд мөнгө орсон бэ” гэж 2 гэрчээс мэдүүлэг авахад “Уртнасангаас цалин авах ёстой байсан. Иймд дээрх мөнгийг авсан” гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч Уртнасан мэдүүлэхдээ “дээрх мөнгийг намайг залилсан А.Дд шилжүүлсэн” гэсэн. Эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг буруу зааж өгөөд байна гэх хардлагыг төрүүлж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт зааснаар хэргийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоосон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох, шүүх хуралдаанаас боломжит асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаанууд шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинж тодруулан хуульчилжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

А.Д нь 2019 оны 8 дугаар сараас иргэн Г.Уртнасанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхонд байр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Г.Уртнасангийн “... Ингээд нийт байрны урьдчилгаа 5.460.000 төгрөг өгсөн. Би шилжүүлсэн мөнгөнүүдээ нэг бол өөрийн ажил дээрээс эсхүл гэртээ байхдаа мобайлаар шилжүүлдэг байсан. ...” /хх 17/,

гэрч Б.Энхзаяагийн “... үүнээс хойш Уртнасан эгчээс дээрх асуудлаар далимдуулан увуулж, цувуулж мөнгө аваад байсан. ...” /хх 28/,

гэрч Р.Баттогтохын “...Уртнасан манай эхнэр байгаа юм, би ХААН банкинд 5003385162 гэсэн данс эзэмшдэг. ...картаа би гэр бүлийн хүндээ өгчихсөн байсан. ...” /хх 32/,

гэрч С.Эрдэнэ-Очирын “...манай танидаг дүү байгаа юм, 7 хоногийн дараа өгчих байх гэж хэлээд 1.000.000 төгрөгийг Баттогтохын дансруу хийлгэсэн. Гэхдээ би дунд нь тэгж хэлж зуучилсан. ...” /хх 34/,

гэрч Г.Анхныбаярын “...1.000.000 төгрөгийг А.Д гэх хүний явуулсан Баттогтох гэх нэртэй ХААН банкны 5003385162 тоот данс руу хийсэн. ...” /хх 37/,

шүүгдэгч А.Дгийн “...Энхзаяагийн хамаатны эгч Уртнасанд өөрийн байрыг зарна гэж хэлээд 4 удаагийн үйлдлээр нийт 5.565.000 төгрөг авсан. Надад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Sunshine хотхонд ямар нэг байр байхгүй, би тухайн үед мөнгө авах гээд худлаа хэлчихсэн. ...” /хх 73/ гэх мэдүүлгүүд,

цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч Г.Уртнасангийн өргөдөл /хх 10/, Б.Энхзаяагийн ХААН банкны 5075285630 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 52-56/, Г.Уртнасангийн ХААН банкны 5024659732 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 59-62/, С.Эрдэнэ-Очирын ХААН банкны 5225386141 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 63, 65-68/, Г.Анхныбаярын ХААН банкны 5028230562 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 64/, Р.Баяртогтохын ХААН банкны 5003385162 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 83-84/,  А.Дгийн 88185037, 94385495 дугаараас бичсэн зурвасууд /хх 76-77/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хохирогч Г.Уртнасан шүүгдэгч А.Дгийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхонд байр зарна гэж хэлсэн худал зүйлд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч А.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Дгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас бусдад хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Хохирогч Г.Уртнасангийн “...1.000.000 төгрөгийн хохирлыг тогтоож өгнө үү. ...”, өмгөөлөгч Д.Батдоржийн “...Г.Уртнасан, Г.Анхныбаяр нарын хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу хохирогч Г.Уртнасанг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ. /хх 12/

Хавтас хэрэгт авагдсан А.Дгийн “...Баяртогтохын дансаар 1.000.000 төгрөг, тус тус шилжүүлэн авсан. ...5.565.000 төгрөг авсан. ...хохирол мөнгөө барагдуулна. ...хохирол төлбөрөө барагдуулаагүй байгаа, барагдуулна. ...” /хх 26, 73, 141/, гэрч Б.Энхзаяагийн “...1.500.000 төгрөгийг... Уртнасан эгчийн нөхөр Баттогтохын дансаар шилжүүлж авч байсан. ...” /хх 28/, гэрч С.Эрдэнэ-Очирын “...1.000.000 төгрөгийг Баттогтохын дансруу хийлгэсэн. ...” /хх 34/, гэрч Г.Анхныбаярын “...1.000.000 төгрөгийг А.Д гэх хүний явуулсан Баттогтох гэх нэртэй ХААН банкны 5003385162 тоот данс руу хийсэн. ...” /хх 37/, Г.Анхныбаярын ХААН банкны 5028230562 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 64/, түүний анхан шатны шүүхэд гаргасан “...Уртнасан эгч ...надад нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн. ...хохирол дээр нь нэмж хохирлыг тогтоож өгнө үү...” гэсэн хүсэлт  зэргээс харвал дээрх мөнгийг А.Д авсан нь тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж зохицуулан хуульчилжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хохирогч, шүүгдэгч нар нь дээрх 1.000.000 төгрөгийг хэн аль нь өгсөн, авснаа хүлээн зөвшөөрч, А.Д дээрх мөнгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Уртнасанд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй болно.

Харин 1.000.000 төгрөг шүүгдэгч А.Дгийн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн хохиролд хамаарахгүй тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй.

            Иймд хохирогч Г.Уртнасан, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/908 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Дгаас 5.120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Сартуул овогт Ганхуягийн Уртнасан /РД:ВМ69122501/-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ