Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Ж.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Отор халх овогт Жамъяндоржийн Батаад холбогдох эрүүгийн 2421001090120 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Мартын 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Отор халх овогт Жамъяндоржийн Батаа /РД: ЖЯ92110114/.

Шүүгдэгч Ж.Батаа нь 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, “Хөгжимт драмын театр”-ын хойд талын замаар “Тоёота Приус-30” маркийн 07-11 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Батаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Отор халх овогт Жамъяндоржийн Батаа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Хөгжимт драмын театрын хойд талын замаар 07-11 ДОУ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ж.Батаагийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн гэр болох Хэрлэн сумын 2 дугаар баг, Мартын хорооллын 2-8 тоотоос аав Жамъяндоржийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 07-11 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж гарсан. Ингээд манай гэрээс зүүн тийш 150 метр орчим зайд байрлах найз Зоригтбаатарын хашааны гадаа очиж түүнтэй уулзсан. Бид хоёр 0,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй лаазтай пиво 4 ширхгийг хувааж уусан. Бид хоёр пиво ууж дуусахад шөнийн 03 цаг болж байсан бөгөөд найз Зоригтбаатар гэр рүүгээ орж миний хувьд хадмын гэр болох Хэрлэн сумын 11 дүгээр баг, Солонго хороололд очих санаатай хөдөлсөн юм. Ингээд би Хөгжимт драмын театрын хойд талын төв замаар баруунаас зүүн чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явах үед зам дээр цагдаагийн алба хаагч миний тээврийн хэрэгслийг зогсоож согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгаж намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж хэлсэн. Ингээд миний машиныг журмын хашаа руу дагуулан явж очоод согтууруулах ундааны зэрэг шалгагч багажаар шалгахад 1,02 хувьтай зааж байсан. ...Миний хувьд 2023 оны 04 дүгээр сарын дунд үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж нэг жилийн хугацаатай  жолоодох эрхээ хасуулсан байсан. ...тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Шинэхүүгийн “...Би тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Цагдаагийн газрын төв байранд ахлах ахлагч Отгонбатын хамт замын цагдаагийн шөнийн эргүүлийн ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэж эхэлсэн. ...07-11 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нь Батаа гэх залуу байсан бөгөөд түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгагч тандагч багажаар үлээлгэж үзэхэд түүнийг архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн байна гэж зааж байсан. ...Удалгүй журмын хашаанд очиж тухайн тээврийн хэрэгслийг нь журамлаад жолооч Батаа гэх залуугийн согтуурлын зэргийг драгер багажаар шалгах үед 1,02 хувьтай зааж байсан. Ингээд уг жолоочийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Батаа нь урьд нь нэг жилийн хугацаатай эрхээ хасуулсан байсан бөгөөд түүний жолоодох эрх нь сэргээгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон учраас түүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/, Ж.Батаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 25/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Батаагийн амьсгал дахь спиртийн агууламж 1,02 хувьтай гарсан болох нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.Батаа нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ж.Батаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ж.Батаа нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Батаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Батаа нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Батаа нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Отор халх овогт Жамъяндоржийн Батааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жамъяндоржийн Батаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батаагийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Батаа нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Батаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА