Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00012

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

Б.Эт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгч: Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Л.Цуурай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолтой Б.Эт холбогдох 203800000036 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц овогт Б-ийн Э, ..... оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.

Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг “Янгис” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Сумъяабазартай маргалдаж, зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож,  хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц овогт Б-ийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Эийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг хорих ялын 90 /ер/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 13.8 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 7.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 5.5 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгахыг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, ногоон алаг өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн таван хурууны хос бээлий, хар өнгийн түрийтэй гутал 2 ширхэгийг хохирогч Б.Хангалд буцаан олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдолдоо: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдаж байна.

1.Энэ хэргийн улмаас амь нас нь хохирсон Э.Сумъяабазарын хууль ёсны хохирогчийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг огт хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл албан ёсны хохирогчоор тогтоогоогүйгээр зөвхөн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хохирогчоор байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүх хүлээн авч шийдвэрлэснээр хохирогчийн эрх ашиг зөрчигджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана”, мөн зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан байхад зөвхөн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Хангалыг тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна. Хууль ёсны төлөөлөгч нь хохироосон этгээдийн эрхийг төлөөлөн эдлэх болохоос хохирогч биш юм. Иймд хуулийг буруу хэрэглэснээр хэнийг хохирогчоор тогтоосон нь тодорхойгүй болсон.

2.Э.Сумъяабазар гэх 20 настай залуугийн амь нас хохирсноор түүнийг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүүс нь сэтгэл санаа болон эд материал, бусад бүх зүйлээр асар их хохирч үлдсэн. Ийм байхад хохирогч тогтоогоогүй нь хууль зөрчсөн гэж үзнэ.

3.Хэргийн материалд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Хангал нь хэрэгт холбогдогч Б.Эийн бэр эгч буюу төрсөн ахынх нь эхнэр байхад, мөн төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байхаар Үндсэн хуульд заагдсан эрх бүхий хүнийг оролцуулсан байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байхад шүүх хянаж үзээгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ажиллагаа байна.

4.Дээрх байдлуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөнөөр хохирогчийн болон талийгаачийн амь насаа алдсан байдал нь хуулиар хамгаалагдсангүй, өмгөөлөгч авах эрхийг ч хангаагүй, зөвхөн шүүгдэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн хэт нэг талыг барьж шийдвэрлэн хөнгөн ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.Хэргийн материалтай танилцахад мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй, Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Түнэл сумын төвөөс сэжигтэн Э.Сумъяабазар хамт ... үзлэг хийж ... Э.Сумъяабазар нь шээсэн газраа зааж өгөв” гэж тэмдэглэснийг үзэхэд талийгаач болсон хүн амьд яваад байгаа мэт, бүр сэжигтэн болчихсон байгаа нь ойлгомжгүй байна.

6.Хохирогчийн биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр хамар, хацарт нь зулгаралт үүссэнийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны 24 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “... зулгаралт шарх нь хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн” гэжээ. Үүнийг хэн үүсгэснийг тогтоогоогүй, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд зодсон, дараа нь хутгалж амь насыг нь хохироосон байдалтай байгаа нь илт харагдаж байна. Үүнийг хамт явсан Б.Лхагвасүрэн мэдээгүй байх боломжгүй. Б.Лхагвасүрэн гэгч нь шүүгдэгч Б.Эийн үеэл буюу эгч дүүсийн хүүхдүүд юм байна. Иймд Б.Эийн үйлдлийг нуусан байхыг үгүйсгэхгүй. Б.Лхагвасүрэн гэгч нь болсон явдлыг буруу, дутуу мэдүүлсэн нь хэрэгт гэрчээр байцаагдсан Чулуунбат, Анхжаргал нарын мэдүүлэгтэй зөрсөн байгаагаас илт тодорхой байдаг бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэлгүй, цаг хугацаа алдсан гэж үзэж байна.

7.Талийгаач Э.Сумъяабазар нь 2,9 хувийн буюу гүн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Харин шүүгдэгч Б.Э нь өөрийгөө “би тийм их согтуу байгаагүй” гээд яаж хутгалсан, яаж муудалцсан зэргээ тодорхой ярьдаг.

Үүнээс үзэхэд бусдыг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бусдын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад  буруу зүйлчлэн хөнгөрүүлсэн нь нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хор уршигтай огтхон ч тохироогүй тул гомдол гаргалаа.

Хавтаст хэрэгт хууль зөрчсөн алдаа, дутуу шалгасан байдал зэрэг олон асуудал байгаа нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг “Янгис” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Сумъяабазартай маргалдаж, зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Цонхнууд овогт Батмөнхийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- Эийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

1.Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаагүй хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч”  гэх бөгөөд  хохирсон хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосны дараа түүний эрхийг бусдаар төлөөлүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгч Б.Эийн хамаарал бүхий этгээд болох түүний төрсөн ахын эхнэр  Б.Хангалыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “...гэр бүлийн гишүүдийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй,  ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг оролцуулсан нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн төлөөлөгдсөн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

3.Шинжээчийн дүгнэлтэд тусгасан “...хохирогчийн дух, зүүн самалдаг, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл”-ийг хэн үүсгэсэн, эдгээрт гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн зэрэг тогтоогдох эсэхийг тодруулах шаардлагатай.

4.Э.Сумьяабазарын цуснаас 2.9% промили спиртийн агууламж илэрсэн, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсныг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна. Иймд хүнд зэргийн согтолттой хүн өөрийгөө хамгаалах, хянах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжтой эсэхийг тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тул дээрх байдлыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд  дээрх үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй  гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газарт үзлэг хийхдээ үзлэгийн тэмдэглэлд нас барсан хохирогчийг “сэжигтэн”, “хохирогч”  гэж өөр өөрөөр нэрлэж тусгасан байх ба цаашид ийм зөрчил гаргахгүй ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Б.СОСОРБАРАМ