Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0035

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхтулга, Б.Цэрэнпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүглэгмаа, Д.Отгонтөгс нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.12, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нарын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/11 дүгээр дүгнэлт, мөн өдрийн 5/54 дүгээр албан шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: "Анхан шатны шүүх шийдвэртээ: "Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж зааснаар 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Гэвч Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т ... гэж заасны дагуу өөрийн эрхлэх асуудалд хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ ажиллана" гэж зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д "харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах" гэж заасан эрхийн дагуу зах зээлд давамгайлж буй үйлчилгээний үнэ, тарифыг хянах эрхтэй бөгөөд ... дарга, гишүүд нь улсын байцаагчийн эрхтэй байхаар хуульд зохицуулжээ. ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт байх" гэж дүгнэн тодорхой үндэслэл дурдалгүйгээр шууд "харьяаллын бус" гэж хуульд заасан хэм хэмжээг давсан дүгнэлт хийх замаар Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д "өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, захиргааны шийтгэлээс хөнгөлөх" гэж заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Тодруулбал, бодит байдалд "Мобиком корпораци" ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1, 6.3-тай холбогдуулан зохицуулах байгууллагатай салбарт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт зохицуулалт хийхгүй" гэх талаар маргасан байдаг. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн тухайд зохицуулагдана, мөн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд зөвхөн давамгайлагчийн үнэ, тарифын доод хязгаарт хяналтаас гадна цөөнгүй зохицуулалт байдаг бөгөөд түүнд хоёр байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллана.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нь "Мобиком корпораци" ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг зөрчсөн гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл, тухайн зөрчил нь зүй ёсны монополь болон давамгай байдлаа буруугаар ашигласантай холбоогүй, худалдааны хууль бус арга хэрэглэсэн тухайд яригдах учиртай. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудалтай холбоогүй асуудлаар шууд "харьяаллын бус" гэж дүгнэж, Өрсөлдөөний тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хүчингүй болсон хуулийн зүйл, хэсэг, заалтыг үндэслэл болгосон байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ: "Нэгэнт ... илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-ыг зөрчсөн гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй" гэсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр баталсан 1/13 тоот удирдамжийн дагуу "Мобиком корпораци" ХХК-ийн "5000 төгрөгийн цэнэглэгч карт /сүлжээндээ 11 хоногийн турш хязгааргүй ярих эрхтэй/ гэх бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтаар улсын байцаагчид нь "Мобиком корпораци" ХХК-ийн үүрэн телефон үйлчилгээний дээр дурдсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд тус компани нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хууль ёсны ашиг сонирхолд харшлах аргаар худалдаа хийсэн гэж үзэн улсын байцаагчийн 2016 оны 5/11 тоот дүгнэлт үйлдэн, мөн 5/54 дүгээр албан шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх гол маргасан асуудалд дүгнэлт хийгээгүй нь хэргийг дутуу шинжлэн судалж, шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нарын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/11 дүгээр дүгнэлт, мөн өдрийн 5/54 дүгээр албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/13 дугаар бүхий Хяналт шалгалтын удирдамжийн дагуу улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нар нь “Мобиком корпораци” ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийж, “5000 төгрөгийн цэнэглэгч карт” бүтээгдэхүүн үйлчилгээ нь багцын хэрэглээнд хамаарахгүй байгаа бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан үнэ тарифын доод хязгаарыг мөрдөөгүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/11 дүгээр дүгнэлтийг үйлдэж, үүнтэй холбогдуулж, 5/54 дүгээр албан шаардлагыг “Мобиком корпораци” ХХК-д хүргүүлсэн байна.

Шүүх маргаан бүхий актууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба ийнхүү дүгнэсэн атлаа захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.

Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д зааснаар тус газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь Хяналт шалгалтын удирдамжийн дагуу “Мобиком корпораци” ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн нь түүний эрхлэх асуудлын хүрээнд буюу бүрэн эрхэд хамаарч байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Гэвч Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т “...хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх үүрэгтэй”, 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалтын, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заасны дагуу улсын байцаагч нар дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг хянан шалгахдаа хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг бүрэн цуглуулж, түүнд үндэслэж тооцоо судалгаа хийх зэрэг ажиллагааг явуулан зөрчлийг тогтоосны эцэст акт гаргах байтал хариуцагч нар “Мобиком корпораци” ХХК-ийн “5000 төгрөгийн цэнэглэгч карт” бүтээгдэхүүн үйлчилгээ нь үнэ тарифын доод хязгаарыг мөрдөөгүй” гэж дүгнэхдээ ямар судалгаа хийж, ямар аргачлалын дагуу хэрхэн тооцож, доод үнээс доогуур үнэ тогтоосон гэж үзсэн нь тодорхойгүй төдийгүй энэхүү дүгнэлт гаргах болсон шалтгаан, тооцоолол, түүний үндэслэлийг баримтаар нотолж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн гэм буруутай болохыг улсын байцаагч нар бүрэн гүйцэд шалгаж, баримтаар тогтоогоогүй нь буруу байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нарын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/11 дүгээр дүгнэлт, мөн өдрийн 5/54 дүгээр албан шаардлагыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.12, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.5” гэснийг “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН