Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308031491947 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э-ын Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг хугацааны өмнө суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн 1 ширхэг компакт диск бүхий нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргийн 23, 61, 67, 108-112, 105 дугаар талд авагдсан баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” зочид буудлын 205 тоот өрөөнд нэвтэрч тус өрөөнд унтаж байсан иргэн М.Н-гийн эзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч М.Н-гийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Сонсголонгийн орчимд барилгын ажил дээрээ найзуудтайгаа хамт 0.5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво уугаад тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын ард талд байрлах Ц буудлын 5 тоот өрөөнд хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08 цагийн үед би найз Б-ийн *** дугаар руу залгаад “машин авчраад өгөөрэй” гэж хэлчхээд гар утсаа ширээн дээр тавиад унтсан. Тэгээд 11 цагийн үед сэрээд гар утсаа хайхад гар утас маань байхгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн гар утас нь гадуур өнгөгүй гэртэй, саарал өнгийн Ай поне 12 про загварын гар утас байсан. Би гар утсаа 2022 оны хавар худалдаж авч байсан. Шилэн наалт нь бага зэргийн цуурсан байдалтай байгаа. Би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал),

- 2023.10.26-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал),

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023.10.31-ний өдрийн Ц-863 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...IPhone 12 pro max гар утас-2022 оны хавар худалдаж авч байсан, наалт бага зэргийн цуурсан-тоо хэмжээ 1-нийт үнэлгээ 2,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

- Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Тухайн гар утсыг одоо хаана байгааг мэдэхгүй байна, ...бага зэрэг согтуу байхдаа үл таних хүнд зарсан. ...гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан. ...Миний бие тус зочид буудалд өөр хүмүүстэй өрөөнд байсан ба тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээд өөрийнхөө орсон өрөө рүүгээ орох гэж байгаад андуураад өөр өрөө рүү орчихсон юм. Тэгтэл тухайн өрөөнд хүн нь унтаж байсан ба гар утас нь ил байсан болохоор нь тэр үедээ аваад гарах бодол орж ирсэн. Тэрнээс анхнаасаа тэр өрөөнд гар утас байгаа, гар утсыг авахаар дотогш орсон зүйл байхгүй. Харин өрөө андуурч ороход тэр өрөөнд гар утас ил байхаар нь аваад гарсан юм. ...Би тухайн хэргийн хохирогч болох Н гэх хүнд 1,100,000 төгрөгийг өгсөн. ...гар утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулж хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38, 105-107 дахь тал),

- Хохиролд 1,100,000 төгрөг төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 61 дэх тал),

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, баримтын хамт (хавтаст хэргийн 108-111 дэх тал),

- 2024.03.13-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 112 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт дискээс өөр компакт диск андуурагдан ирсэн байх тул эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн компакт дискийг гарган өгч шинжлэн судалсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч Э.Б-гийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” зочид буудлын 205 тоот өрөөнд нэвтэрч тус өрөөнд унтаж байсан хохирогч М.Н-гийн эзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.

Хууль тогтоогчоос “Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ Ц зочид буудалд хохирогч М.Н-гийн байрлаж байсан 205 тоот өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг ”...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд ...нэвтэрч үйлдсэн...” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн байсан өрөөг андуурсан, бие засах өрөө гэж бодож орсон гэж мэдүүлэх боловч шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын бичлэгээр шүүгдэгч Э.Б зочид буудлын өрөөнөөс гараад шууд хохирогч М.Н-гийн байсан  өрөө рүү орж байгаа нь тодорхой бичигдсэн, өрөө андуурч орсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч М.Н-гийн гар утсыг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн 05 эсхүл 205 тоот өрөөг хохирогч М.Н хөлсөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул түүний эзэмшил үүсээгүй, зочид буудал нь нийтийн үйлчилгээний газар, тухайн өрөөнд хулгай хийх зорилгоор нэвтрээгүй, нэвтэрч орсны дараа хулгай хийх гэмт санаа үүссэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй.

Зочид буудал нь бусдыг байнга, түр амьдрах орон байраар ханган үйлчилдэг байгууллага бөгөөд аливаа этгээд өөрөө зочид буудлын өрөөг хөлслөөгүй л бол бусдын зөвшөөрөлгүйгээр зочид буудлын өрөөнд орох боломжгүй нь илэрхий юм.  

“Хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...зочид буудлын өрөөнд гар утас байгаа гээд орсон зүйл байхгүй. Харин өрөө андуурч ороход тэр өрөөнд гар утас ил байхаар нь аваад гарсан....тухайн мөчид хулгай хийх санаа сэдэл төрсөн...” гэх үндэслэлээр гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан 2,200,000 төгрөгийн хохирлоос 1,100,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 1,100,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-гээс нийт 1,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Н-д олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт 4 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч Э.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн тал хэсгийг төлсөн зэргийг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 49-56 дахь тал), хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт (хавтаст хэргийн 72-73 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас 2,200,000 төгрөг хохирол учирч, 1,100,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд өмчлөх эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ХМШЗ/28 дугаартай “Хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж,  мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.

 Гэвч шүүгдэгч Э.Б нь хяналтын хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Э.Б-гийн  биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 43 (дөчин гурав) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн цагдан хоригдсон 43 (дөчин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-гээс 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.Нд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР