Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2021/00112

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК /Регистрийн дугаар: 2072572, 99351101/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, гэр хороолол 8-87 тоотод оршин суух, Т.Э /Регистрийн дугаар: /-д холбогдох

411,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуул, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30433099 тоот гэрээ байгуулан 94503167 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Y6 маркийн гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийн төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 325,195 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 57,049 төгрөг, хэрэглээний төлбөрт 29,505 төгрөг нийт 411,749 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна

Миний бие Т Э нь тус компаниаас гар утас лизингээр худалдаж авсан нь үнэн болно. Манай нөхөр Ш.Баярмагнай нь элэгний хорт хавдартай гэсэн оноштойгоор эмнэлэгээр яваад төлөлтийг хийлгүй удаасан нь үнэн. Гэхдээ үлдэгдэл төлөлтөө 2021 оны 1 дүгээр сарын сүүлээс эхэлж өгөх боломжтой боломжтой. Манай гэр бүлд маш хүнд нөхцөл байдал үүссэний улмаас төлөлтийг цаг хугацаанд нь хийх боломжгүй болсон юм. Үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна. Би гар утсаа эмнэлэгээр нөхрөө үзүүлж явахдаа алга болгочихсон бөгөөд гэрээнийхээ дагуу мөнгөө гар бүр 35,000 төгрөгөөр тооцож 2021 ондоо багтааж төлөхийг зөвшөөрч байна. Ам бүл 8-лаа, би ажилгүй, нөхөр хүнд өвчтэй тул 411,749 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй байдал үүсэж байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулж дээрх саналаар төлөлтийг дуусгавар болохыг хүсэж энэ тайлбарыг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа түл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж сар бүр 35,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулах тухай саналыг нэхэмжлэгчид хариу тайлбараар гаргаж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан 411,749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сар бүр 35,000 төгрөгөөр төлж төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна.

Харин нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг эс зөвшөөрч, төлбөрийг бүрэн авахыг хүсэж байна.

Зээлдэгч Т.Э нь Мобиком корпораци ХХК-аас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30433099 тоот гэрээ байгуулан 94503167 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт” гэрээ байгуулан Huawei Y6 prime /gold/ маркийн гар утсыг зээлээр худалдан авсан болох нь гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, үйлчилгээний гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ тул уг гэрээг үндэслэн шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

Хариуцагч нь гар утасны үнэ болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 411,749 төгрөг төлөөгүй нь харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч нэхэмжилсэн үнийн дүнгийн талаар маргаагүй.

Иймд хариуцагч Т.Эаас гар утасны үнэ болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 411,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Эаас 411,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13,003 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Т.Эаас 13,003 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Б.БЯМБАСҮРЭН