Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2021/00113

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, 6б гудамжны 11 тоотод оршин суух, Т.Э /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум 2-2-6 тоотод оршин суух, Ч.Т /регистрийн дугаар: /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э, хариуцагч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Ттэй 2010 оны 1 сард танилцаад хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин төрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч эхэлсэн үүнээс хойш охиноо ганцаараа өсгөж байгаа тул охины эцэг Ч.Тгээс хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Н төрсөн эцэг нь би мөн тул хуульд заасны дагуу тэтгэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э нь хариуцагч Ч.Тд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Э, Ч.Т нар нь 2010 оны 01 дүгээр сард танилцаж, гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Т.Т.Нг төрүүлсэн, мөн охин Т.Ннь эцгээрээ овоглодог болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Охин Т.Ннь төрсөн цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байгаа байх бөгөөд хүүхдийн өсч төрсөн орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч Ч.Т нь хүүхдийн эцэг мөн эсэх болон асрамжийн талаар маргаагүй тул охин Т.Т.Нг эхийн асрамжинд үлдээж, зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Т.Ннь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээж, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас хариуцагч Ч.Тгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Ч.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Т.Т.Нг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Ч.Тгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцон 32,529 төгрөг гаргуулж Төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                             ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Т.Т.Нг эх Эын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар охин Т.Т.Нг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ч.Тгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас  32,529 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН