Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2021/00167

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******д ******* *******т ажилд орохоор хүнтэй ярьсан, мөнгөний хэрэг гарлаа, нутгийн ах та л миний амьдралд тус болоод мөнгө хүүтэй зээлээч гэсэн. Би тухайн үед бусдаас мөнгө зээлсэн байсан учир банкны хүүнээс арай дээгүүр өдрийн 3 хувийн хүүтэй 1 сая төгрөг зээлсэн. Уг нь мөнгөний хүүгээ сар сард нь төлөх үлдсэн 1 сая төгрөгөө өндөр цалинтай ажилд орсны дараа төлөх тохироотой Э.Цэнд гэгч иргэний Хаан банкны 5418021487 тоот дансаар шилжүүлж авсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд мөнгөний хүү, үндсэн төлбөрөө төлсөнгүй. Би жилийн хүүний төлбөр 360,000 төгрөг, нийт 5 жилийн хүү 1,800,000 төгрөг, үндсэн төлбөр 1,000,000 төгрөг нийт 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь иргэн *******гийн хариу тайлбарыг уншаад миний эзэмшлийн байр, амралтын газар юм хийж өгсөн, үүний хөлс төлбөр гэж бичсэнийг эрс эсэргүүцэж байна. *******г сантехникч болохоор нь дээр нь нутгийн хүүхэд, сангийн ажил гарахаар юм аа хийлгэж юм хийлгэсэн үедээ тооцоо мөнгийг бэлнээр төлж явдаг байсан. Яг энэ 1 сая төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 16-нд “*******-Ус” ХХК-д сантехникч хийж байгаад ГОК-ын шинэ эмнэлэгт сантехникчээр орно, хүнд шагналын мөнгө өгөх боллоо гэхээр нь тэр ажилуудаас хойно өгсөн. Ингэхдээ бусдаас зээлсэн мөнгөнөөсөө өгсөн. Би бусдад хүү төлж олон жил явсан. Ийм байтал улаан цайм ярьж байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* нь 3-23 дугаар байранд хүүхдийн цэцэрлэгийг буудал болгон өөрчилсөн ба, хүүхдийн зориулалттай сантехникийн угаалтуурууд, ОО-ууд ба, шугам хоолойн бүх зүйлсийг шинэчлэн өөрчилж буудлын зориулалттай болгосон. 3-22 дугаар байрны шинээр саун дүшний зориулалттай сантехникийн бохир шугам усны монтаж подволын ус юүлэх монтажийг хийж гүйцэтгэсэн. Оросын булагт байх Баянбулаг амралтын газар бохир усны гүний монтаж хийж дулаалсан, дүш, ОО шинээр угсарч, халуун усны бойлерь, носос дүшний бохир усны монтаж хийж гүйцэтгэсэн. Ажлыг хийхээс өмнө 1 сая төгрөг авсан ба, ажлаа сайн хийгээрэй гэсэн. Мөнгийг хүүтэй гэж тохиролцоогүй, ажлын хөлс гэж ойлгосон. Уг ажлыг сэтгэлээсээ хийсэн ба, нутгийн ах *******од мөнгө өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, *******ын өмчлөлийн эд хөрөнгөд сантехникийн болон бохир шугам усны монтаж хийж гүйцэтгэсэн, ажлыг хийхээс өмнө 1 сая төгрөг авсан ба, мөнгийг хүүтэй гэж тохиролцоогүй, ажлын хөлс гэж ойлгосон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд, 1,000,000 төгрөг хүлээн авсан талаар хариуцагч маргахгүй байна.

Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.

Түүнчлэн “...1,000,000 төгрөгийг ажлын хөлс гэж ойлгосон, олон ажлыг хийж гүйцэтгэсэн тул *******од мөнгө өгөх шаардлагагүй” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч, талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги болох 1,800,000 төгрөг авах эрхээ алдаж байна.

Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч *******д шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БЯМБАСҮРЭН