Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Г.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатагин овогт Ганбаатарын Батзоригт холбогдох эрүүгийн 2421000630108 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зүтгүүрийн 8-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Гомбын Батзориг гэх нэрээр Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 194 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил 3 сарын хорих ялаар,

мөн Ганбаатарын Батзориг гэх нэрээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Хатагин овогт Ганбаатарын Батзориг /РД: ЛМ 82021956/.

Шүүгдэгч Г.Батзориг нь 2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 16 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Онон” махны захын урд талын авто замаар баруунаас зүүн чиглэлд “Тоёота Приус-20” маркийн 64-06 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Батзориг хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Хатагин овогт Ганбаатарын Батзориг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Онон” махны захын урд талын авто замаар баруунаас зүүн чиглэлд 64-06 ДОА улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Г.Батзоригийн “...Би 2024 оны 02 дугаар саырн 03-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зүтгүүрийн 8-6 тоот хашаа болох өөрийн гэртээ хөрш Сүрэнгийн хамт нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи ууж байтал манай найз Гантулга залгаж “Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хотын захиргааны ойролцоо машин маань асахгүй байна” гэхээр нь би гэрээсээ эхнэр Энхцэцэгийн хамт түүн рүү очих гээд явсан. ...Гэр рүүгээ очихоор урд талын төв замаар тээврийн хэрэгслээ жолоодон буцаж явах үед “Онон” махны захын урд талын зам дээр цагдаагийн машин зогсож байхыг хараад согтуу байсан тул Онон зах руу эргээд явах гэж боловч араас цагдаагийн машин ирж зогсоогоод намайг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар шалгасан. Би тухайн багаж руу үлээхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж заасан тул миний унаж явсан Тоёота Приус-20 маркийн 64-06 ДОА улсын дугаартай тээрийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд согтууруулах ундааны зэрэг шалгагч багажаар шалгахад миний согтуурлын хэмжээ 1,16 хувьтай гарсан. ...Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. ...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.Өнөрхүүгийн “...2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 00 цагийн орчимд Хэрлэн сумын  6 дугаар багийн “Шүр” захын хажуу дахь Петровис шатахуун түгээх станцын урд талд зогсож байхад “Онон” захын урд талын авто замаар баруун зүүн чиглэлтэй нэг тээврийн хэрэгсэл ирж байгаад гэнэт зүүн гар тал руугаа дараад явсан тул араас нь цагдаагийн машинтай очиход жолооч нь машинаасаа бууж баруун тийшээ гүйсэн тул түүний араас нь хөөж байгаад хуучин авто тээврийн үндэсний төвийн хашаан дотор барьж авсан. Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах багажаар шалгахад хэрэглэсэн гэж зааж байсан тул уг машиныг нь журмын хашаанд хийгээд тухайн этгээдийн согтуурлын зэргийг шалгахад 1,16 хувьтай зааж байсан. ...Уг этгээдийг Ганбаатарын Батзориг гэж байсан бөгөөд жолоочийн лавлагааг нь үзэхэд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

гэрч Г.Энхцэцэгийн “...2024 оны 02 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед манай нөхөр Ганбаатарын Батзориг нь гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Зүтгүүрийн 8-6 тоотод хөрш Сүрэнгийн хамт нэг шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. ...Батзоригийн хамт аймгийн төвийн урд талын төв замаар явж байх үед Хэрлэн сумын 6 дугаар баг, “Шүр” захын урд талын зам дээр цагдаагийн машин зогсож байсан учир манай нөхөр явж байсан чиглэлээ өөрчилж “Онон” махны зах руу эргэх үед араас цагдаагийн машин хөөгөөд тулж ирсэн тул манай нөхөр машинаа зогсоож өөрөө машинаасаа бууж зугтаасан бөгөөд араас нь цагдаа хөөж хуучин биржийн хашаан дотор барьж авсан. Миний хувьд нөхөр Батзоригт согтуугаар машин барьж болохгүй гэдгийг нь анх гэрээсээ гарахдаа анхааруулсан боловч миний үгэнд орохгүй машинаа барих болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 33/, Г.Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Батзоригийн амьсгал дахь спиртийн агууламж 1,16 хувьтай гарсан болох нь дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, дүрс бичлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г.Батзориг нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г.Батзориг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Г.Батзориг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Батзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Батзориг нь Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суудаг болох нь шүүгдэгч Г.Батзоригийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Батзоригийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Батзориг нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Батзориг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт Ганбаатарын Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбаатарын Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзоригийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Г.Батзоригт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Батзоригт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Батзориг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА