| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/ 0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Д.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н /цахимаар/
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү,
иргэний хариуцагч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г, Б.Б нарт холбогдох 2216001920017 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт : Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, “********” **************-н гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн **** дугаар байр ***** тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 (дөчин мянга) төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Ж овогт Т-н Г.
Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “************” **************-н ерөнхий инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ө овогт Б-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Г, Б.Б нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь нийтийн албан тушаалтан буюу “***************” **************-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б-тэй хамтран 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* -г цахилгаан эрчим хүчээр хангахад ашиглаж байсан нарны тэжээлийн 398 ширхэг цэнэг хураагуурын зайг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах, устгах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад А.А-д 11,150,000 (арван нэгэн сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр худалдаж, шүүгдэгч Б.Б нь худалдан борлуулсан мөнгийг өөрийн ХААН банкин дахь ********** тоот дансаар шилжүүлэн авч ашигласан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Компани өөрийн өмчлөлийн ямар нэгэн эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх, акталж устгах эсэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр яг ямар үндэслэл шаардлагын дагуу бусдад худалдах, шилжүүлэх, устгах гэж байгаагаа Төлөөлөн удирдах зөвлөл болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт танилцуулах ёстой. Энэ харилцааг Төрийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, тухайн компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой бүхий гэрээгээр зохицуулж өгсөн байдаг. Хэрэв Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад тухайн компанийн өмч хөрөнгийг шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн тохиолдолд нэг талын санаачилгаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг шууд цуцлах үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр компанийн өмч хөрөнгийг худалдан борлуулах, шилжүүлэх, устгаж болохгүй гэсэн үг... Төлөөлөн удирдах зөвлөлөөс эд хөрөнгө актлах, устгах, шилжүүлэх, үнэ тогтоох талаар эцсийн шийдвэр гардаггүй. Харин тухайн компани нь Төлөөлөн удирдах зөвлөлдөө заавал танилцуулж улмаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс дэмжих, дэмжихгүй гэсэн хоёр л шийдвэрийг гаргуулдаг. Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөлөөс дэмжсэн тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шийдвэр гаргуулж болно гэсэн дэмжсэн тогтоол, албан бичиг гаргадаг. Харин дэмжээгүй тохиолдолд бол ойлгомжтой тухайн эд хөрөнгийг хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гарахгүй гэсэн үг...” гэх мэдүүлэг. /5-р хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/
2. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* -д ашиглаж байгаа нарын тэжээлийн батарейг актлах зөвшөөрөл олгох шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манай компанид ирээгүй ... 2021 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өмч, хөрөнгө актлах зөвшөөрөл олгох нэг л тогтоол гарсан байна. Энэ тогтоол нь болохоор 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А-2/1391 дугаартай хөрөнгө актлах зөвшөөрөл олгох тогтоол байгаа. Уг тогтоолоор нийт 108 нэр төрлийн үндсэн хөрөнгийг акталж устгах зөвшөөрөл олгосон байгаа боловч ******* -д ашиглаж байсан нарын тэжээлийн батарейг акталж устгах талаар дурдаагүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/
3. Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Байгууллагын 2020 оны тооллогын комиссын шийдвэрийг үндэслээд цаашид ашиглах боломжгүй болсон, үнийг шинэчлэн тогтоох, актлах үндсэн хөрөнгийн танилцуулгыг нэгтгээд байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурал дээр танилцуулж байсан үнэн ... ******* -д ашиглаж байсан нарны зайнууд актлах хөрөнгийн жагсаалтад ороогүй. Яагаад жагсаалтад ороогүй вэ? гэхээр аюултай бараа материалын нэг гэсэн үг... *******д ашиглагдаж байсан нарны зайнууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийнхаа дагуу элэгдэл, хорогдол тооцогдож явсаар байгаад үлдэх өртөггүй болчихсон, нэг ёсондоо ашиглах хугацаа үлдээгүй гэсэн үг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль дээр хэдий ийм заалт, зохицуулалт байдаг хэдий ч үлдэх өртөг ашиглах хугацаагүй болчихсон гээд хаяж болохгүй, акталъя гээд санал явуулж болохгүй. Харин өмч хамгаалах байнгын зөвлөлөөр яг дээрх тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар элэгдэл хорогдлын хугацаа дууссан ч гэсэн бодит байдал дээр ашиглах боломжтой эд хөрөнгүүдэд дахин үнэ тогтоож, ашиглах хугацаа зааж өгөөд саналаа Төлөөлөн удирдах зөвлөлд явуулна. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу хүргүүлж эцсийн шийдвэрийг гаргуулдаг ... Хөрөнгийг хэрхэх талаар хамгийн эцсийн шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гардаг... Компанийн дотоод журамд зааснаар байгууллагын агуулах, складнаас ямар нэгэн бараа, материал, эд хөрөнгө гүйцэтгэх захирлын шийдвэрээр гарах ёстой. Үүнд дотоод хяналтын алба хяналтаа тавьдаг...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас/
4. Гэрч А.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад орон нутгийн сонгуульд нэр дэвших байсан учраас ажлаа хүлээлгэн өгч байсан. Миний дараа Т.Г гэдэг хүн “***************” ****-н захирал болж байсан... Компанийн ямар нэгэн үндсэн хөрөнгө үнэхээр ашиглагдах боломжгүй болсон нөхцөлд байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлээд гарсан саналаа ТУЗ-д хүргүүлдэг. ТУЗ-аас яам руу хүргүүлээд ингээд яамнаас гарсан шийдвэрийг ТУЗ-аар дахин хэлэлцүүлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлдэг. Хөрөнгө, устгах, актлахтай холбоотой хамгийн эцсийн шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гардаг...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас/
5. Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11-р зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар үндсэн хөрөнгийг олж авах, актлах, шилжүүлэх, худалдан борлуулах асуудлыг гагцхүү энэхүү хуулиар зохицуулж өгсөн бөгөөд манай байгууллагаас шийдвэр гараагүй байхад тухайн үндсэн хөрөнгийг акталж, худалдан борлуулж болохгүй... Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч байгаа эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Учир нь төрийн өмчийн эд хөрөнгийн талаар тэр дундаа үндсэн хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргахад Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч байгаа шийдвэр эцсийн шийдвэр биш. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг актлах, устгах, худалдан борлуулах, балансаас баланст шилжүүлэх эцсийн шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргадаг... “**************” ****-ийн ТУЗ-аас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор үндсэн хөрөнгийг актлах, худалдах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд дэмжиж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолын 4 дэх заалтаар үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах, худалдах болон үнийг шинэчлэн тогтоох асуудлыг хууль тогтоомж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох материалыг хүргүүлж шийдвэрлүүлэхийг тус компанийн гүйцэтгэх захирал Т.Г-т даалгасан байна. Тэгэхээр тухайн хөрөнгөтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд ТУЗ-аас нь зөвхөн дэмжиж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нарны тэжээлийн батарейнуудыг хэрхэн талаар эцсийн шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гараагүй гэсэн үг. Холбогдох материалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2021 оны В/2498 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна. Энэ бичигт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А-2/1391 дугаартай албан бичгээр хариуг өгсөн байна. Ингэж хариуг өгөхдөө тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 108 нэр төрлийн 80,589,647.22 төгрөгийн балансын үнэтэй, уг мөнгөн дүнгийн хуримтлагдсан элэгдэлтэй өөрөөр хэлбэл үлдэх өртөггүй хөрөнгийг акталж данснаас хасахыг зөвшөөрсөн байгаа боловч энэ зөвшөөрч байгаа хөрөнгө дотор ***********-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нарны тэжээлийн батарей гэсэн хөрөнгө байхгүй байна. Харин 5,828,507,542.29 төгрөгийн балансын үнэ бүхий үндсэн хөрөнгийг акталж данснаас хасах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгоогүй байна. Учир нь тодруулах хэд хэдэн шаардлагатай асуудлууд байсан байна. Тус компани нь 100 хувь төрийн өмчит компани. Засгийн газрын 2016 оны 80-р тогтоолын 2.91 -д зааснаар ********** яам 70 хувь, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 30 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. Төрийн өмчийн өмчлөгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байдаг ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 135-137 дугаар хуудас/
6. Гэрч Ш.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ер нь бол **************-с өмч, эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр өөрсдөөсөө гаргасан саналаа, албан бичгийн хамт ТУЗ-д ирүүлдэг. Ирүүлсэн санал, хүсэлт болгоныг ТУЗ дэмжинэ гэж байхгүй. Гэхдээ өмч хамгаалах зөвлөлөөс нь үндэслэлтэй санал, тайлбараа гаргасан бол түүнийг нь дэмжих хэлбэрээр тогтоол гаргаж компанийнх нь гүйцэтгэх захиралд үүрэг болгож хариуцуулж өгдөг... Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор ямар асуудал шийдвэрлэсэн бэ гэхээр ***********-н үндсэн хөрөнгө актлах, устгах, шилжүүлэх асуудлыг дэмжиж шийдвэрлэсэн байна... Төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, акталж устгах, дахин үнэ тогтоохыг дэмжиж шийдвэр /тогтоол/ гаргасан боловч энэ нь тэр үндсэн хөрөнгийг хэрхэх эцсийн шийдвэр бишээ. Хамгийн эцсийн шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргадаг...” гэх мэдүүлэг. /4-р хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас/
7. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 04 дүгээр сард би зээгээ сургуульд нь хүргэж өгчихөөд хуучин ажлын хажуугаар алхаад явж байтал том шланз машинаар нарны тэжээл буулгаж байсан. Тэгээд 06 дугаар сарын сүүлээр байна уу даа наадмын өмнө байх, намайг бас ажлынхаа хажуугаар явтал нарны тэжээлийг 2 том ачааны машинаар ачаад гарч байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/
8. Гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Намайг ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад “**************” *******-н гүйцэтгэх захирал Т.Г нарийн бичгээр дамжуулан дуудуулсан... Тэгээд би гүйцэтгэх захирал Т.Г-н өрөөнд ганцаараа явж ороход захирлын өрөөнд Б.Б инженер, гүйцэтгэх захирал Т.Г хоёр хамт байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Намайг захирлын өрөөнд явж ороход ******* ********-с авч ирээд удаагүй нарны эрчим хүчний батарейг машинаас буулгаагүй байхад “*********” усан цахилгаан станцын ерөнхий инженер А-н хашаанд авч очоод буулга гэсэн үүргийг Т.Г гүйцэтгэх захирал амаар өгсөн. Тэгэхээр нь би гайхаад Төрийн өмчийн хорооноос актлах баримт гараагүй болох юм уу? гэхэд зүгээрээ А-н хашаанд буулгаад өгчих гэж гүйцэтгэх захирал Т.Г хэлсэн. Мөн хамт байсан ерөнхий инженер Б.Б бас хэлж байсан... “*************” *********-н захирал Т.Г, ерөнхий инженер Б.Б нарын өгсөн үүргийг хууль бус гэдгийг бүрэн ойлгоогүй. Намайг сануулж хэлэхэд гүйцэтгэх захирал Т.Г, ерөнхий инженер Б.Б нар зүгээр гэсэн учир итгэсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/
9. Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 04 сарын үед санагдаж байна, цаг хугацааг яг сайн санахгүй байна. Байгууллагын дарга нараас ******* -д байгаа нарны тэжээлийн батарейнуудыг ачиж ир гэдэг үүрэг өгсөн ... ******* -д очоод нөгөө батарейнуудыг 2 машин дээрээ хувааж ачсан. Миний машин болохоор том ачааны машин болохоор арай их батарей ачигдан, Н-н машин болохоор арай жижигхэн тэвштэй болохоор цөөн тооны батарей ачигдсан. Н-н машинд ачсан батарейг цаашаа ***** сумын ***** баг буюу *******-д байдаг нарны сэргээгдэх эрчим хүчний станц руу тээвэрлэсэн. Миний машинд ачсан батарейнуудыг наашаа аймгийн төв рүү тээвэрлэж ажлын газрын хашаанд оруулсан. Гэхдээ тэр ачиж ирсэн батарейнуудыг машины тэвшнээс бол буулгаагүй. Миний санаж байгаагаар ******* -с 5 дахь өдөр ачиж ирээд ажлын газрын хашаанд буулгаагүй чигээрээ 2, 3 өдөр хоносон санагдаж байна. Тэгээд 1 дэх өдөр нь нярав Х наад батарейнуудыг чинь нэг айлын хашаанд аваачиж буулга гэнээ, хоёулаа явъя гээд тэгээд бид хоёр Нийгмийн даатгалын хэлтсийн доохон талд байдаг, ******-н зүүн хойшоо байдаг нэг айлын хашаанд аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
10. Гэрч Р.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банканд *********** тоот дансыг ашиглаад олон жил болж байна ... Энэ 18,920,000 төгрөг нь манай нөхөр А нь 2021 онд “***************” ********-аас худалдаж авсан аккумляторыг Улаанбаатар хотод авч ирж зарсан мөнгө миний дансаар орж ирсэн юм. Тухайн үед манай нөхөр надад хэлэхдээ “***************” ********-аас акталж байгаа аккумляторууд байгаа юм байна, тэрийг худалдаж аваад цааш нь дамлаад зарвал ашиг гарах болов уу? гээд надтай зөвлөлдөж ярилцаж байсан. Тэгээд худалдаж авахаар болоод тэдгээр аккумляторыг ******-н хойно байдаг манай илүү хашаанд хүмүүсээр нь буулгалаа гэж ярьж байсан. Би тэр үед нялх хүүхэдтэй байсан болохоор очиж хараагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/
11. Иргэний хариуцагч А.А-н шүүх хуралдаанд өгсөн “... Уг батарейг би Б.Б инженерээс 04 дүгээр сард утсаар залгаад зарах юм уу гэсэн үнэ ярилцсан. Миний ярилцсан үнэд зарахаар болоод ****************-н жолооч, нярав хоёр надад хүлээлгэж өгсөн байгаа ... Тухайн батарейг буулгахад тоог нь нарийн санахгүй байна. Миний санаж байгаагаар аккумляторын үйлдвэрүүд батарейг килограммаар нь авдаг юм байна. Тэгээд машин дээр ачиж аваад очсон чинь 18 тонн орчим жин татаж байсан юм. Тэгээд тухайн батарейны тоо ширхгийн хувьд 120 ширхэг 60 орчим 57 билүү килограммтай батарей байсан. Үлдсэн нь тэгээд арай жижиг батарейнууд байсан. Тэгээд тухайн батарейнуудыг аваад манай хашаанд хадгалаатай байгаад байсан. Би тухайн үед нярав, жолооч, ерөнхий инженертэй өөртэй нь ярьсан болно гээд үнэ асуусан. Энэ үнийг тохирч байна гээд тэгээд нярав жолооч нь авч ирж өгсөн болохоор би илүү дутуу юм ерөөсөө бодоогүй. Энэ бол зүгээр албан ёсны юм байна гэж ойлгосон байсан. Тэгээд хувийн данс руугаа авахад нь харин яасан юм бол доо гэж бодсон...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
12. Иргэний хариуцагч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Говь-Алтай аймгийн ******* -д ашиглаж байсан нарны зайн батарейг худалдаж авах талаар “***************” ********-н ерөнхий инженер Б.Б-тэй ярилцаж тохирсон... өөр хүнтэй яриагүй ... манай хашаанд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “***************” ********-ийн жолооч Э, нярав Х нар ирж буулгасан. Энэ он, сар, өдрийг би яаж тод санаж байна гэхээр тухайн үед батарейг буулгахад манай ажлын М тусалсан бөгөөд М нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 03-ны хооронд ************** дээр ээлжинд гарч байрлаж байсан. Тэгээд 05 дугаар сарын 03-ны өдрөөс 17-ны хооронд амарч байхдаа надад тусалж батарейг буулгахад тусалсан. Мөн миний Хаан банкны ******** дугаарын дансны гүйлгээг харахад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагт 11,000 төгрөгийн бээлий худалдаж авсан гүйлгээний утгаар санаж байна. Тухайн бээлийг ******* -д ашиглаж байсан нарны зайн батарейг буулгахад ашиглаж байсан... Говь-Алтай аймгийн ******* -д ашиглаж байсан нарны зайн батарейг худалдаж авсан мөнгийг би Б.Б-д 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн бөгөөд манай хашаанд батарей буулгасны 7 хоногийн дараа шилжүүлсэн. Мөнгийг бол удаагаагүй...” гэх мэдүүлэг. /5-р хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/
13. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 05 дугаар сард А.А-н гуйснаар тэдний хашаанд тээврийн хэрэгслээс аккумлятор буулгаж байсан бөгөөд би буулгахад нь тусалсан ... Тухайн аккумлятор буулгасан өдрийг бол санахгүй байна...Ковидын хөл хорио аймагт тогтоож бид нар ******** дээр байрлаж 6 хоног ажилладаг байснаас 14 хоног ажилласан юм. Тэгээд би 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд ************ дээр ээлжинд 14 хоног ажиллаж гэртээ 14 хоног амарч байхад А.А намайг дуудаж буулгах ажилд тусалсан юм...” гэх мэдүүлэг. /5-р хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/
14. Гэрч С.Х-н тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн байв. Хэрэгт ач холбогдолтой хуудас 2 дугаар хуудаст байв. Уг хуудаст “Аккумлятор А 1768” гэж бичиж тэмдэглэсэн байх ба түүний доод талд кириллээр “жижиг-278, том-120, нийт 398” гэж бичиж тэмдэглэсэн байна. Харин цаг хугацааг бичиж тэмдэглээгүй байх бөгөөд дараагийн тэмдэглэлийг 2021 оны 09 дүгээр сарын 28 гэж тэмдэглэсэн байлаа” гэх мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан зураг./1-р хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/
15. Прокурорын зөвшөөрлөөр түр хураан авсан баримтад үзлэг хийсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “... Үзлэгээр тус баримтад ******* -д ашиглагдаж байсан нарын тэжээлийн батарейнуудыг өмч хамгаалах зөвлөлөөр хэрхэх талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас акталсан шийдвэр байхгүй байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, түүний хавсралт. /1-р хавтаст хэргийн 173-208 дугаар хуудас/
16. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-1/2087 дугаартай “*************” **************-тай холбоотой 2021, 2022 онд актлах, шилжүүлэх, дуудлага худалдаагаар худалдах тогтоол гаргаагүй байна” гэх агуулга бүхий албан бичиг. /2-р хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
17. Шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ********** тоот депозит дансны “... 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******** тоот данснаас “акк” гэсэн утгаар 10,000,000 төгрөгийн, “Акк 120, 278 гэсэн утгаар 1,150,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ...” дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
18. Иргэний хариуцагч А.А-н ХААН банк дахь ******** тоот депозит дансны “... 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ********** тоот данс руу “акк” гэсэн утгаар 10,000,000 төгрөгийн, “Акк 120, 278 гэсэн утгаар 1,150,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 116 дугаар хуудас/
19. “***************” **************-н төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай тогтоол, түүний хавсралтын хуулбар. /2-р хавтаст хэргийн 165-177 дугаар хуудас/
20. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А-2/1391 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” албан бичиг, түүний хавсралтын хуулбар. /2-р хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас/
21. “***************” **************-н үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртэл. /4-р хавтаст хэргийн 153-158 хуудас/
22. Иргэний хариуцагч А.А-н гар утсанд үзлэг хийсэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /5-р хавтаст хэргийн 137-141 дүгээр хуудас/
23. “***************” **************-с ирүүлсэн баримтад үзлэг хийсэн “... Улаан хүрэн өнгийн хавтастай А4 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтэр байх... дотор хуудасны бүх нүүр хэсэгт гараар бичигдсэн бичиглэлтэй байв... Уг дэвтрээс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бичсэн раборт болох 28 хуудас баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан баримтууд. /5-р хавтаст хэргийн 151-182 дугаар хуудас/
24. “***************” **************-н гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.Б-г үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр томилсон тушаалын хуулбар. /1-р хавтаст хэргийн 243 дугаар хуудас/
25. “***************” **************-н төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай Т.Г-г “***************” **************-н гүйцэтгэх захирлаар томилсон тогтоолын хуулбар/2-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна. Мөн “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Түүнчлэн 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Энэ нь нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдах агуулгаар тайлбарлагдана.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын… шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж, “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт “элэгдлийн нийт хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнээ бүрэн нөхсөн бөгөөд цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр данснаас хасна” гэж тус тус зохицуулжээ. Гэтэл шүүгдэгч Т.Г нь дээрх хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд өөрт олгогдсон үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэртэйгээр дуудлага худалдаа явуулах аргаар худалдах чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “***************” **************-н үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нарны тэжээлийн цэнэг хураагуурын 398 ширхэг зайг худалдах зөвшөөрлийг шүүгдэгч Б.Б-д олгож хууль бусаар давуу байдал олгосон, шүүгдэгч Б.Б Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэргүйгээр, уг хөрөнгийг худалдах эрх байхгүй гэдгээ мэдсээр байж бусдад худалдаж, улмаар хариу төлбөрийг хувийн дансаараа авч ашиглан өөртөө хууль бус давуу байдал бий болгосон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, Шүүгдэгч Т.Г Б.Б нар нь уг хөрөнгийг иргэний хариуцагч А.А-н хашаанд буулгах үүрэг өгсөн талаар мэдүүлсэн тус компанид нярваар ажилладаг гэрч С.Х-н мэдүүлэг, аваачиж буулгасан жолоочоор ажилладаг гэрч Н.Э-н мэдүүлэг, аккумляторыг худалдан авсан А.А, Р.Л нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, аккумляторын үнийг өөрийн хувийн дансаар авч ашигласан болох нь шүүгдэгч Б.Б болон А.А нарын дансны хуулбарт тусгагдсан гүйлгээний мэдээллүүд, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Мөн дээрх цаг хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Говь-Алтай аймгийн ******* сумын ** ***** -г цахилгаан эрчим хүчээр хангахад ашиглаж байсан нарны тэжээлийн 398 ширхэг цэнэг хураагуурын зайтай холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй байжээ.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан. Гэтэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн 2021 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2-оос 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 27,000 нэгжээр торгох, эсвэл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан байжээ. Өөрчлөн найруулсан хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдээгүй, хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдээгүй байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Шүүгдэгч Т.Г, Б.Б нар нь урьдаас үгсэн тохиролцож, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах зөвшөөрлийг шүүгдэгч Т.Г шүүгдэгч Б.Б-д олгож, шүүгдэгч Б.Б тухайн эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж, хариу төлбөрийг өөрийн эзэмшлийн дансаар авч, ашигласан байх тул тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэрэг гаргасан цаг хугацааг эргэлзээгүйгээр тогтоогоогүй, гэрч нарын мэдүүлгүүд тогтворгүй, шүүгдэгч тухайн үед томилолтоор явж байсан тул худалдан борлуулах зөвшөөрөл олгох боломжгүй байсан, гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан “...эд хөрөнгийг устгахад зөвшөөрөл авах талаар хуулийн зохицуулалт байхгүй, эд хөрөнгийг худалдан борлуулсан мөнгийг хувийн дансаараа авсан үйлдэл нь хайнга хандсан асуудал, тухайн мөнгийг албаны машины засвар үйлчилгээ болон албанаас төлөх ёстой байсан байрны түрээсийг төлсөн, өөртөө болон бусдад давуу байдал олгосон зүйл тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлтийг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж шүүх үзлээ.
Учир нь:
1. Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 8 хоног томилолтоор ажилласан гэсэн баримтууд хэргийн 5 дугаар хавтасны 184-189 дүгээр хуудаснуудад авагдсан боловч уг баримтуудаар түүний хууль бус үүрэг даалгавар өгч байгууллагын эд хөрөнгийг бусдад худалдах боломж бий болгосон гэм бурууг үгүйсгэх боломжгүй юм. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар гэрч, иргэний хариуцагч нар тодорхой болсон үйл явдал, банкны гүйлгээний утга зэрэгтээ тулгуурлан сэргээн санаж баримжаа байдлаар мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.Б-н цэнэг хураагуурыг худалдсан, хариу төлбөр авсан үйлдлийг нь хууль зүйн агуулгаараа эд хөрөнгө устгасан гэж үзэхгүй бөгөөд “эд хөрөнгө устгах” гэдэг нь тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргах үйл ажиллагаа бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29, 31 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтаас ангид байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид бие даан шийдвэр гарган байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.
3. Албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх агуулгаар тайлбарлагдана. Гэтэл шүүгдэгч Б.Б-н худалдсан үнийг өөрийн хувийн дансаараа авсан үйлдэл нь хайнга хандах шинжийг бус харин ч түүний үйлдэлдээ хандсан сэдэлт, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэрийг нь тодорхойлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал болон учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор шүүгдэгч Т.Г-н “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /5-р хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-н “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “бусдад худалдан борлуулсан гэх тухайн байгууллагын үндсэн хөрөнгө болох 135 вт-ийн нарны тэжээлийн 398 ширхэг зайны үнэлгээг гаргах боломжгүй” гэх агуулга бүхий “Тэнцвэр Эстимэйт” ХХК болон “Ашид-Билгүүн” ХХК-н албан бичгүүд /4-р хавтаст хэргийн 148, 150 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-н ХААН банк дахь ********** тоот депозит дансны “... 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******** тоот данснаас “акк” гэсэн утгаар 10,000,000 төгрөгийн, “Акк 120, 278 гэсэн утгаар 1,150,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ...” дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, иргэний хариуцагч А.А-н ХААН банк дахь ******** тоот депозит дансны “... 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ********** тоот данс руу “акк” гэсэн утгаар 10,000,000 төгрөгийн, “Акк 120, 278 гэсэн утгаар 1,150,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн ...” дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Г, Б.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Г-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 2(хоёр) жил 2(хоёр) сарын хугацаагаар хасаж, 6,500(зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгч нарын эд хөрөнгийн хэмжээ болон орлого олох боломж хязгаарлагдаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа шүүх тогтоохгүйгээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.
Нарны тэжээлийн 398 ширхэг цэнэг хураагуурын зайг худалдан борлуулсан 11,150,000 (арван нэгэн сая нэг зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Б өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ********** тоот дансаараа авч, ашигласан байх тул дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, шүүгдэгч Б.Б-с гаргуулж улсын орлогод оруулах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. Шүүгдэгчийн шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэг дээр бичсэн “dugui”, “gaa ford” гэсэн бичвэрт үндэслэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэн, тус гүйлгээний үнийн дүнг дээрх дүнгээс хасч тооцох үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол тогтоогдоогүй буюу худалдан борлуулсан нарны тэжээлийн 398 ширхэг цэнэг хураагуурын зай нь элэгдэл, хорогдол тооцогдож үлдэх өртөггүй болсон, ашиглах хугацаа дууссан эд хөрөнгө байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний компаниуд үнэлгээ тогтоохоос татгалзсан, хэрэгт эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилсан.
Иргэний хариуцагч А.А-с 7,420,000 (долоон сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг гаргуулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь А.А-н хувьд шүүгдэгч Т.Г, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдаас эд хөрөнгө худалдан авч, зах зээлийн зарчмаар бусдад үнэ өсгөн худалдаж ашиг олсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, өмгөөлөгч Т.Багахүүгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, хавсралтын хуулбар 4 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж овогт Т-н Г, Ө овогт Б-н Б нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 2(хоёр) жил 2(хоёр) сарын хугацаагаар хасаж, 6,500(зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого 11,150,000 (арван нэгэн сая нэг зуун тавин мянга) түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан Монгол улсын хилээр гарч явахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, өмгөөлөгч Т.Багахүүгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, хавсралтын хуулбар 4 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, иргэний хариуцагч А.А-с 7,420,000(долоон сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА