Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

  2020             3              24                                          2020/ДШМ/344

 

 

Г.Б, О.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, О.Т нарт холбогдох 1906038832492 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Онход овгийн Ганбатын Б, 1997 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг, ... сум, .... дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД:................................./,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

2. Боржигон овгийн Октябрийн Т, 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Шүүгдэгч Г.Б, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Пүрэвхүүгийн Хуавей нова-2 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Онход овгийн Ганбатын Б, Боржигон овгийн Октябрийн Т нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, О.Т нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Б, О.Т нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Г.Б, О.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Г.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, маргах зүйлгүй. Би урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл авч байсан бөгөөд энэ байдалдаа бүрэн дүгнэлт хийж засраагүй, дахин гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний ээж Ц.Одонгоо нь өнчин тархины хавдартай, үүний улмаас зүүн нүд нь хараагүй болсон бөгөөд эмнэлгийн хяналтанд байдаг. Ээжийгээ өвчтэй байхад дахин хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би засарч хүмүүжиж зөв хүн болохоо илэрхийлж байна. Надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Бгийн гаргасан гомдлыг дэмжиж, түүний эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд, шүүгдэгчийн эх нь эрүүл мэндийн асуудалтай байгаа талаар гомдолдоо дурдсан. Иймд, шүүгдэгч Г.Бгийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ял шийтгэлийн хувьд, оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Пүрэвхүүгийн Хуавей нова-2 загварын гар утсыг авахаар довтолж О.Т нь хохирогчийн хоолойг боож, Г.Б нь гар  утсыг нь  булаан авч дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Пүрэвхүүгийн “2019 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Сэлбийн гүүрний баруун үзүүрт үл таних гурван согтуу залуу надаас “гал байна уу” гэж асуухаар нь би үүрч явсан цүнхнээсээ гал гаргаж өгсөн. ...би тэр гурван залууг өнгөрөөд гүүрэн дээр алхаж байхад нэг нь ирээд “утсаараа нэг яриулаач” гэхээр нь “түр байж байгаарай, би юм хийж байна” гэж хариулсан. Замын хөдөлгөөн хэсэг зогсоход араас хоёр нь ирээд миний хоёр гарнаас өргөөд нэг нь араас түлхээд Сэлбийн гүүрний зүүн үзүүрийн шат руу өргөж авч орсон. Нэг нь хүзүүнээс боогоод хоёр нь дээрээс дарахаар нь би эсэргүүцэл үзүүлээд босох гэхэд дахин дараад намайг уруу газар руу түлхсэн. Хоёр залуу нь намайг Сэлбэ голын эрэг рүү түлхэх гэж оролдоход ногоон хувцастай залуу нь намайг татаж гаргасан. Тэр үед миний утсыг нэг залуу нь гарнаас булааж авсан, би ухаан алдах гэж байхад зам дээр явж байсан машинтай ах ирээд “болиоч” гэхэд нэг залуу нь миний утсыг аваад зугтаасан. Тэр 3 залуугийн Б миний утсыг гарнаас шүүрч аваад зугтаасан, Т нь намайг боосон. ...” /хх 12-13/,

 

шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...Т тэр залуугаас гал асуугаад урд тэр залуутай юм яриад явж байсан. Гүүр дөнгөж өнгөрөөд Т тэр залуутай барилцаж авсан юм. Би Түвшинжаргалтай хамт ард нь явж байсан. Улмаар Түвшинжаргал бид хоёр очоод тэр залууг би түлхэж унагаасан. ...Т гүйгээрэй гэсэн гүйж байгаад эргээд харахад Т тэр залуутай зууралдаад байж байсан. ...” /хх 59-60/,

 

яллагдагч Э.Түвшинжаргалын /мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон/ “...Т тэр залууг гүүрний цааш түлхээд уруудсан, тэгэхэд Б араас нь гүйж очсон. Т надад утсыг нь өгөөд “май, чи энийг аваад байж бай” гэхээр нь би “үгүй үгүй” гэхэд Б аваад халаасандаа хийсэн. Б явахдаа утсыг нь буцаагаад Тад өгсөн. ...” /хх 63-64/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 67-69/, цагдаагийн илтгэх хуудас /хх 20/ болон  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б, О.Т нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б, О.Т нарыг бүлэглэж иргэн Н.Пүрэвхүүгийн Хуавей нова-2 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүх, шүүгдэгч Г.Б, О.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тэдний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Бгийн “...надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бгийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                                        

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   

 

               ШҮҮГЧ                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

               ШҮҮГЧ                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ