Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00085

 

                                                                           

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат,

Улсын яллагч Т.Ганзориг,

Хохирогч Г.Мандахнар

Шүүгдэгч Э.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбатын Ганхуягт холбогдох Эрүүгийн 201714000084  дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

            Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-28-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Чорос овгийн Эрдэнэбатын Ганхуяг  /МУ 88062077/.

 

                                          Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Ганхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 100 айл барилгын материалын захын хашаанд байх иргэн Г.Мандахнарын эзэмшлийн 22 тоот агуулахаас Солонгос улсад үйлдвэрлэсэн 100 метр урттай 6 боодол кабель утас, хятад улсад үйлдвэрлэсэн 200 метр урттай 1 боодол кабель утас, 3 ширхэг тог өсгөгч зэрэг эд зүйл хулгайлан 910 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

 

      1. Шүүгдэгч Э.Ганхуяг  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Би 2016 оны 10 дугаар сард ажилгүй байсан тул байрныхаа төлбөрийг хийж чадахгүй, эхнэртэйгээ харилцаа муутай байсан. Багш нарын квотоор авсан байрны төлбөрөө 3 удаа төлөөгүй байсан ба одоо төлөхгүй бол квот нь цуцлагдах байсан. Аргагүйн эрхэнд 100 айл барилгын материалаас цоожийг нь хөшиж утас хулгайлсан. Энэ хэргийг үйлдэх үедээ ганцаараа явсан. Зуун айл захын хашааг баруун талаас нь давж ороод захын хашаан дотроос хаягдал төмөр олж өөрийн танил Мандахнарын контейнерын цоожийг хөшиж онгойлгоод дотор нь байсан 6 боодол цахилгааны утсыг хулгай хийж авсан. Маргааш нь 5 боодол утсыг Барс-1 зах дээр очиж танихгүй хүнд 350 000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөөр байрныхаа зээлийг төлсөн. 1 боодол цахилгааны утсыг нь Улаанбаатар хотын Зуун айл зах дээр авч очоод танихгүй эгчид 65 000 төгрөгөөр зарсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэв.   

          2.  Хохирогч Г.Мандахнар шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэгтээ ...2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед би 100 айлын ар талд байрлах өөрийн эзэмшлийн 22 номерийн агуулахаа нээгээд зарж борлуулж байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн зэс голтой кабель утсаа авах гэхэд кабель утаснууд байсан газраа байхгүй алга болчихсон байхаар нь агуулахынхаа хаалганы цоожийг шалгахад хатуу зүйлээр хөшиж онгойлгосон ул мөр байсан. Алдагдсан зүйлээ бүртгэж үзэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн КГ 2х2,5 хэмжээтэй зэс голтой кабель утас, нэг боодол Хятад улсад үйлдвэрлэсэн 200 метр урттай хяналтын камерын кабель утас, 3 ширхэг 12 вольтоос 220 вольт руу шилжүүлдэг 250 ВТ, 500 ВТ, 1000 ВТ-ийн хүчин чадал гаргадаг тог өсгөгч тус бүр нэг, нэг нийт 3 ширхэг тус тус алга болсон байсан. Э.Ганхуягаас хохирол төлбөрөө бүрэн авсан. Гомдол саналгүй гэв.

              3.  Гэрч Д.Ариунжаргалын....2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Одноо манайхаас зээлж авсан 4 ширхэг утсаа эргүүлээд аваад ирсэн. Одноогийн 4 боодол утасны 2 боодол нь хөнгөн цагаан голтой, надаас авсан 2 Солонгос утасны нэг нь ирээд манай агуулахаас алга болсон камерийн тэжээлтэй утас ирсэн байсан. Тэгэхээр нь энэ утсыг хаанаас авсан юм бэ? гэхэд Ганхуягаас авсан гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

            4. Гэрч Б.Одончимэгийн ... Ганхуяг гэдэг залуу над руу утсаар яриад хаана байна вэ? би цахилгааны монтаж хийхээр болоод байна. Танаас цахилгааны утас авах гэсэн юм гээд надад 2х2.5-тай хөнгөн цагаан голтой утас 2 боодол гадна кабелийн Солонгос улсад үйлдвэрлэсэн 2х2.5-тай 2 боодол утас нийт 4 боодол утас хэрэгтэй байна. Зээлээр аваад дараа нь мөнгийг нь өгье би хамт ажил хийж байгаа хүнээ явуулъя гэсэн. Тэгэхээр нь би зах дээр наймаа хийдэг Ариунаа гэх эмэгтэйгээс тэдгээр утаснуудыг зээлж аваад Ганхуяг руу өгөөд явуулсан. 2 хоногийн дараа Ариунаа над руу ирээд чи надаас авсан 4 боодол утсаа Ганхуягт өгсөн юм уу? гэж асуухаар нь тийм гэтэл Ариунаа Ганхуяг чамаас авсан утсаа юунд хэрэглэж байгаа юм бэ? Барс-1 зах дээр хүнд өгсөн байна шүү дээ гэсэн. Би Ганхуяг руу залгаад надаас авсан утсаа Барс-1 зах дээр хүнд өгсөн юм уу гэсэн чинь Ганхуяг үгүй тэр чинь өөр утас байгаа юм. Таны утасны мөнгийг цагтаа өгнө гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 26-нд Ганхуяг утсаар яриад Цэцэг буудал дээр хүрээд ирээч гэхээр нь яваад очтол 4 боодол утас тавьчихсан зогсож байсан. Ганхуягаас авсан 4 боодол утсаа аваад Ариунаад өгсөн чинь Ариунаа утсыг хараад 1 утас нь манай хулгайд алдсан утас байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/

            5. Гэрч О.Даваажаргалын .... Бат-Эрдэнэ ах надтай уулзаад 4 боодол цахилгааны утас Улаанбаатар хотоос ирдэг үнээр нь авах уу? гээд 4 боодол цахилгааны утас авч ирж өгсөн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир хажуу лангууны Мандахнарыг чи 2 боодол цахилгааны утсаа авах уу? гэхэд наад утас чинь манай хулгайд алдсан утас байна гээд яриа гарсан надад өөр мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

           6. Гэрч Х.Бат-Эрдэний .... Би Барс-1 зах дээр лангуу түрээслэн ажилладаг. 2016 оны 10 дугаар сарын дундуур байх ажил дээрээ байж байсан чинь үл таних залуу орж ирээд Солонгос цахилгааны утас авах уу? гэхээр нь хэдэн төгрөгөөр өгөх юм бэ? гэхэд надад 5 боодол утас байна. Нэг ширхэгийг нь 70 000 төгрөгөөр өгнө гэсэн. Би өөр хүнтэй наймаа хийж байсан болохоор үзэлгүй авъяа тийш тавьчих гээд тавиулсан. Би наймаагаа хийж дуусаад гадаа гараад 350 000 төгрөгийг өгсөн. Хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд бишээ дүү нь шугам сүлжээнд ажилладаг юм. Утас илүү гараад ажил хийдэг хүмүүстээ цалин мөнгийг нь өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр утас зардаг залуу над руу утсаар яриад та цахилгааны утас дахиж авах уу гэхээр нь аваад ир үзье гэтэл нөгөө залуу дүүгээрээ 4 боодол утас өгөөд явуулъя та 240 000 төгрөг өгөөд явуулчих гэсэн. Тэгээд удаагүй байтал 20 гаруй насны туранхай өндөр банди орж ирээд надад Ганхуяг ах цахилгааны утас явууллаа гэж хэлсэн. 4 боодол утсыг нь аваад мөнгийг нь өгөөд явуулсан. Маргааш нь мөнгөө хурдан гаргаад авчих санаатай 100 айл зах дээр Даваа гэдэг дүү дээр 4 боодол утсаа авч очоод Улаанбаатар хотынх нь үнээр зарчих гэж өгсөн.Гэтэл Даваагийн хажуу лангууны хүмүүс миний авч очсон утсыг хараад манай хулгайд алдсан утас байна гэж хэлсэн. Би Ганхуяг руу утсаар яриад чиний зарсан утас хулгайн утас байна шүү дээ гэхэд Ганхуяг битгий санаа зов худалдаж авсан баримт нь байгаа гэсэн. Тэгээд би 2 хоногийн дараа 100 айл дээр очиж Даваад өгсөн утсаа авсан. Үүнээс хойш 5-6 хоногийн дараа надад утас зарсан залуу эхнэртэйгээ ирээд 180 000 төгрөг өгөөд сүүлд зарсан 4 боодол утсаа аваад явсан. Энэ хүн надад 2 удаа нийт 9 боодол цахилгааны утас зарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 талд/      

           7. Гэрч Х.Жаргаланбаатарын ....Энэ машин одоо миний эзэмшилд байхгүй. Энэ машиныг би өөрийн дүүд 2012 онд өгсөн. Дүү цааш нь хүргэн Ганхуягт 2012 онд зарсан. Энэ машинаа саяхан хүнд зарсан байсан. Одоо хэн гэж хүнд байгааг мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 талд

           8. Найдвар Од аудит ХХК-ийн Солонгос улсад үйлдвэрлэсэн 6 боодол кабель утас 660 000, хятад улсад үйлдвэрлэсэн хяналтын камерын кабель утас 100 000 төгрөг, тог өсгөгч 3 ширхэг 150 000 төгрөг нийт 910 000 төгрөг гэх үнэлгээ /хх-ийн 30 талд/

           Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Э.Ганхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 100 айл барилгын материалын захын хашаанд байх иргэн Г.Мандахнарын эзэмшлийн 22 тоот агуулахаас Солонгос улсад үйлдвэрлэсэн 100 метр урттай 6 боодол кабель утас, хятад улсад үйлдвэрлэсэн 200 метр урттай 1 боодол кабель утас, 3 ширхэг тог өсгөгч зэрэг эд зүйл хулгайлан 910 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Мандахнар болон гэрч Д.Ариунжаргал, Б.Одончимэг, О.Даваажаргал, Х.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч Э.Ганхуягт холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн  эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Хохирогч Г.Мандахнар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь :

 

           1. Шүүгдэгч Чорос овгийн Эрдэнэбатын Ганхуягийг /МУ 88062077/ агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Ганхуягийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Ганхуягийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

          5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Ганхуягт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Э.Ганхуягт хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.