Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/00193

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, З.А /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Д.Б /Регистрийн дугаар: /-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.А, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ань шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Бтэй 2014 онд танилцаад 2015 онд охинтой болж 2017 онд тусдаа гарсан. Бид тусдаа амьдарч эхлэснээс хойш Д.Б охин бид хоёрыг одоо яв, зайл гэж гэрээсээ хөөдөг байсан. Д.Бгийн өөртөө буруу өгөхгүй, ээж эгч хоёртойгоо нийлж үргэлж хэл амаар доромжлох, хөөж туух үйлдлүүдийг миний бие тэвчиж чадахгүй учраас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна. Цаашид охиныгоо болон өөрийгөө дарамтанд байлгамааргүй байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орохгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие З.А нь Д.Бгээс охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Б эхнэр З.Атай 2014 оноос хойш хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд бид хоёр таарч тохирохгүй байнга хэрүүлтэй байх болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. эвлэрүүлэн зуучлалаар 2020 онд орсон тул дахин орох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Гнь хариуцагч Д.Бд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

            Гэрлэгчид нь 2014 онд танилцаж улмаар хамтран амьдарсан байх бөгөөд, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Мтөрсөн, одоо эрүүл өсөн бойжиж байгаа болох болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн газрын тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүй, хоорондын таарамжгүй харилцаа, хэрүүл маргааны улмаас тусдаа амьдарч байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон зэргийг харгалзан эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан З.А, Д.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Охин Б.Мнь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч нь охин Б.М-ийгээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй, мөн хүүхдийн насны байдал эцэг, эхийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй охин Б.М-ийгэхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Д.Бгээс сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 1,236,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамжид 34,214 төгрөг тооцож гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан З.А /Регистрийн дугаар: /, Д.Б /Регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.М-ийгэх Т.Аын асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А Б.М-ийг11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Б /Регистрийн дугаар: /-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

5.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгож, 34,214 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН