Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

2024       05           03                                       2024/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О овогт Ггийн Гд холбогдох эрүүгийн 2435000000064 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны 4 дүгээр сарын 11-нд Увс аймгийн ....... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын ......... дугаар баг ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй О овогт Ггийн Г /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ширээт” гэх газраас хохирогч С.Гын 1 /нэг/ тооны ямааг хулгайлж, 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Гыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ширээт” гэх газраас хохирогч С.Гын 1 /нэг/ тооны ямааг хулгайлсан болох нь :

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

Хохирогч С.Гын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26, 29, 31 дэх тал),

Гэрч Ж.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

Шинжээч Я.Нгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай “Увс аймгийн Тариалан суманд 2024 оны 02 дугаар сарын байдлаар 2 настай эр, эм ямааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 60.000 /жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50 дахь тал),

Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал)-үүдээр шүүгдэгч Г.Г нь Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ширээт” гэх газраас хохирогч С.Гын 1 /нэг/ тооны ямааг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

Хохирогч С.Гын 1 /нэг/ тооны ямааг Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ширээт” гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Г.Г мориндоо дүүрч авч яваад, арьсыг нь авсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч С.Гын 1 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээч Я.Нгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай “Увс аймгийн Тариалан суманд 2024 оны 02 дугаар сарын байдлаар 2 настай эр, эм ямааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 60.000 /жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50 дахь тал)-ээр 1 тооны ямаа 60.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Хохирогч С.Гын мөрдөн байцаалтын шатанд: “Г.Г надад учруулсан эд хөрөнгө болон сэтгэл санааны хохиролгүй бөгөөд түүнээс нэхэмжлэх ямар нэгэн зүйлгүй тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гарын үсгийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 103-104 дэх тал), 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч С.Гын Хаан банкны 58.........15 тоот дансанд 100.000 төгрөг Г ОМ8.............1, 99.......62 гэх тугаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуулбар (хавтаст хэргийн 105 дахь тал)-ыг тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь урьд яд шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Гын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар 10 /арав/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Гд прокурортой тохиролцсон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Гд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дугаартай “2024 оны 02 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тариалан суманд алдагдсан 6 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57 дахь тал )-ээр шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 6 настай хүрэн морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох ямааны үнэ 60.000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч О овогт Ггийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Гд  хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Гд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, битүүмжлэгдсэн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай хүрэн морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох ямааны үнэ 60.000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ГАНСҮХ