Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

2024      05           03                                        2024/ШЦТ/84

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч С.Б, А.М нарын өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: С.Б, А.М, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн З овогт Сын Б, Б овогт Аийн М, Ч овогт Дгийн Б нарт холбогдох эрүүгийн 2435000000066 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 3 дугаар сарын 18-нд Увс аймгийн ............ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ................ сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй З овогт Сын Б,  /РД:.................../.

Монгол Улсын иргэн, 19.......... оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ......... сумын .......... дугаар багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан Б овогт Аийн М /РД:.............../.

Монгол Улсын иргэн, 19...... оны 11 дүгээр сарын 25-нд Увс аймгийн ................... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ................ сумын ........ дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ч овогт Дны Б /РД:................../.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нар бүлэглэж Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг “Харгайт” гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-аас 26-ны өдрүүдийн хооронд иргэн Н.Нгийн мухар улаан зүсмийн 3 настай эм үхэр, хүрэн зүсмийн эвэртэй 3 настай эм үхэр, улаан хоо зүсмийн эвэртэй охин бяруу, улаан зүсмийн 8 настай сувай эм үхэр зэрэг нийт 4 тооны буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 01 дэх тал);

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал);

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал);

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал);

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-21 дэх тал);

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-23 дахь тал);

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, холбогдох баримтууд (хавтаст хэргийн 22-31 дэх тал );

Хохирогч Н.Нгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37, 39 дэх тал);

Гэрч М.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал);

Гэрч Н.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал);

Гэрч Г.Жны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал);

Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал);

Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал);

Гэрч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал);

Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);

Шинжээч Я.Нгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай “Увс аймгийн Өмнөговь суманд 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 8 настай эм үхэр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 3 настай эм үхэр 800.000 /найман зуун мянга/ төгрөг, бяруу эм 500.000 /таван зуун мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов. 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 1998 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн “hyundai porter” загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал);

Шинжээч Я.Нгийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай “Увс аймгийн Өмнөговь суманд 2024 оны 01 дүгээр сарын байдлаар үйлдвэрлэсэн он тодорхойгүй Мустанг-150 загварын хуучин мотоцикль зах зээлийн үнэлгээ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78 дахь тал);

Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Шүүгдэгч А.Мгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал),

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 208 дахь тал)-үүдээр шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нар бүлэглэж Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг “Харгайт” гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-аас 26-ны өдрүүдийн хооронд иргэн Н.Нгийн мухар улаан зүсмийн 3 настай эм үхэр, хүрэн зүсмийн эвэртэй 3 настай эм үхэр, улаан хоо зүсмийн эвэртэй охин бяруу, улаан зүсмийн 8 настай сувай эм үхэр, нийт 4 тооны үхрийг хулгайлсан үйл баримтууд хэрэгт тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Д.Б, А.М, С.Б нар Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг “Харгайт” гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-аас 26-ны өдрүүдийн хооронд иргэн Н.Нгийн мухар улаан зүсмийн 3 настай эм үхэр, хүрэн зүсмийн эвэртэй 3 настай эм үхэр, улаан хоо зүсмийн эвэртэй охин бяруу, улаан зүсмийн 8 настай сувай эм үхэр зэрэг нийт 4 тооны үхрийг шүүгдэгч А.Мгийн портер машинд ачиж, өөрсдийн эзэмшилдээ бүрэн авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн байна.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”,  “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 4 тооны үхэр нь олон тооны мал болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “3.1 дүгээр зүйлийн 3-д “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Б, А.М, С.Б нар хоорондоо ярилцаж Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг “Харгайт” гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-аас 26-ны өдрүүдийн хооронд хохирогч Н.Нгийн 4 тооны үхрийг шүүгдэгч А.Мгийн машинд ачиж, 2 үхрийг Д.Б, үлдсэн 2 үхрийг А.М, С.Б нар нэг нэгээр авахаар тохиролцон хохирогч Н.Нгийн 4 тооны үхрийг хулгайлсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, А.М, С.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч нар нь хохирогч Н.Нгийн 4 тооны үхрийг шүүгдэгч А.Мгийн өмчлөлийн Hyundai Porter-1 авто машин, шүүгдэгч С.Бын өмчлөлийн Мустанг-150 улсын дугааргүй мотоциклийг  тус тус уналга болгосон байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б, С.Б, А.М нар нь 2024 оны 01 дүгээр сарын 23-аас 26-ны өдрүүдийн хооронд хохирогч Н.Нгийн 4 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б, С.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.Нгийн мөрдөн байцаалтын шатанд: “Би дөрвөн тооны үхэр алдсанаас 3 тооны үхрээ буцааж өөрөө очиж авсан. Нэг тооны үхрийн хохирол болон хайсан зардал, очиж үхрээ ачиж авах болон сэтгэл санааны хохирол болох нийт 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 39  дэх тал)-ийг үнэлээд шүүгдэгч Д.Б, С.Б, А.М нараас шийтгэх тогтоолоор гаргуулж хохирогч Н.Нт олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар маргаагүй болно.

II. Шүүгдэгч С.Б, Д.Б, А.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Б, Д.Б, А.М нар нь бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.М нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 180, 182-186 дахь тал)-уудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б, Д.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139, 160 дахь тал)-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б, С.Б, А.М нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Б, С.Б, А.М нарт прокурортой тохиролцсон хорих ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б, С.Б, А.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

 Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж  тус тус заажээ.

Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Мгийн өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий Hyundai Porter-1 авто машин, шүүгдэгч С.Бын өмчлөлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоциклийг тус тус хураан авч, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Сын Б, Б овогт Аийн М, Ч овогт Дны Б нарыг “Бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нарт тус бүрд нь 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.  Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч С.Б, А.М, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Мгийн өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий Hyundai Porter-1 авто машин, шүүгдэгч С.Бын өмчлөлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоциклийг тус тус хураан авч, улсын орлогод оруулсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ