Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Ц.Ганбаатар, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336002040090 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Ахиад ургийн овогт Цолмонбаатарын Ганбаатар, 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эцэг эхийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багт оршин суух хаягтай, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/20 дугаартай магадлалаар тус зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч Ц.Ганбаатар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 20-ны орой хохирогч Ж.Бүрэнбэхийн эзэмшлийн Iphone-12 загварын гар утсыг гээсэн байхад олж аваад бусдад дамжуулан завшиж хохирогчид 1’300’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ж.Бүрэнбэхээс: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс өөрийн iphone маркийн гар утсаа алдсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);

- Хохирогч Ж.Бүрэнбэх “...Би 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу ажлаар явсан юм. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрөөд цайны газарт орсон. Би нэлээн ядарсан байсан тул хоол идээд байж байгаад тэнд байсан залууд “миний автомашин бариад Ховд аймаг оруулаад өгөөч” гэж хэлээд ээж, ааваас нь зөвшөөрөл авч, мөнгө өгөхөөр болоод тухайн залуугаар автомашинаа бариулаад Ховд аймаг руу явсан. Би замдаа 3 ширхэг 0.5 литрийн пиво уугаад явсан. Манай шавь н.Насан-Очир намайг Говь-Алтай аймаг өнгөрөөд явж байтал урдаас тосож ирээд автомашиныг барьж Ховд аймагт 2023 оны 04 дүгээр сарын 20-ны орой ирсэн. Гар утсаа гаргаж ирээд ярих гэтэл байхгүй байсан. Хайгаад олохгүй болохоор гээчихсэн юм байна гэж бодоод орхичихсон юм. Ховд аймагт ирээд миний байрлах байранд автомашин барьж ирсэн Ц.Ганбаатар гэх залуу бид хоёр 1 хоносон. Тухайн залуу дахин хэд хононо гэж байгаад гэнэт өнөөдөр явна гээд би тухайн залууг автомашин олоод мөнгийг нь өгөөд явуулсан. Явуулчхаад унтаж байсан ор дэрийг нь засаж байтал миний цүнхэнд байсан миний гар утасны цэнэглэгч тухайн Ц.Ганбаатар гэх залуугийн гудас доороос гарч ирэхээр нь тухайн залууг авсан байж магадгүй гэж цагдаад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас);

- Вендо ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №ХЦ23-103 дугаартай iphone-12 маркийн гар утасны үнэлгээ 1’300’000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ц.Ганбаатарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байдрагийн гүүрэн дээр мал маллаад аав ээжийн хамт байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэж санаж байна, өдрөө андуурч байж магадаггүй. Тухайн хүн буюу хохирогч Ж.Бүрэнбэх нь манай эгчийн гуанзад буюу цайны газарт ирж хоол цай идсэн юм. Тэр хүн “би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, намайг Ховд аймагт хүргээд өгөөч, би хөлсөнд нь 200’000 төгрөг өгье” гээд надаас гуйгаад 2-3 цаг болсон. Тухайн хүн гуйгаад суугаад байхаар нь аав шигээ хүн байна гэж бодоод хүргээд өгье гэж хэлээд тээврийн хэрэгслийг нь бариад явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг бариад хохирогч Ж.Бүрэнбэх нь жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Бид хоёр Баянхонгор аймгаас 15 цаг өнгөрч байхад гарсан байхаа Говь-Алтай аймаг дээр 17 цагийн үед орж ирээд цааш яваад “Еэв” нэртэй газарт байж байхад Ж.Бүрэнбэхийн шавь нь гэх нэг эрэгтэй хүн ирээд надаас тээврийн хэрэгслийг аваад бариад явсан. Би арын суудал дээр унтаад явсан. Би унтаж байгаад сэрхэд Ховд аймгийн төвд ороод ирчихсэн байсан. Ж.Бүрэнбэх бид хоёрыг нэг газар буулгасан, буулгасан газар нэг давхар байр байсан. Тухайн тухайн байр руу орох гээд Ж.Бүрэнбэхийн ачааг тээврийн хэрэгслээс нь аваад зөөж байхад жолоочийн эсрэг талын хаалга буюу Ж.Бүрэнбэхийн сууж явсан талын хаалганы хажууд шороон дээр хар саарал өнгийн гар утас уначихсан байхаар нь аваад халаасалчихсан. ...өглөө 08 цагийн үед шавь гэх тээврийн хэрэгсэл барьж ирсэн залуу ирээд бид гурав ЭКО цементийн үйлдвэрийн нээлтэд оролцоод орой нь би Баянхонгор аймаг руу явахаар болоод тохирсон мөнгө болох 200’000 төгрөгөө авах гэхэд Ж.Бүрэнбэх нь өгөхгүй новшроод 40’000 төгрөг өгөөд буцах унаанд суулгаж өгсөн. Би тухайн үед Ж.Бүрэнбэхэд дургүй хүрээд гар утсыг нь аваад Баянхонгор аймаг руу явсан. Баянхонгор аймгийн төвд ирээд гэртээ ирээд тухайн гар утсыг асааж үзэхгүйгээр хогийн жалга руу хаячихсан. Баянхонгор аймагт ирээд 4, 5 хонож байхад Ж.Бүрэнбэх миний дугаар руу залгаад “миний гар утсыг чи авчихсан байна” гэж хэлсэн. ...Би iphone маркийн гар утасны кодыг мэдэхгүй бол ашиглаж болохгүй гэдгийг нь мэддэг болохоор тухайн гар утсыг хаячихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас) зэргээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 20-ны орой хохирогч Ж.Бүрэнбэх Iphone-12 загварын гар утсаа автомашиныхаа хажууд унагаасан буюу гээсэн байхад шүүгдэгч Ц.Ганбаатар олж авсан. Шүүгдэгч тухайн гар утсыг хохирогчид буцааж өгөхгүйгээр эзэмшилдээ авч, хохирогч Ж.Бүрэнбэхэд 1’300’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй гээгдсэн эд хөрөнгө байдаг.

2.2. Шүүгдэгч Ц.Ганбаатар нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Тодруулбал шүүгдэгч Ц.Ганбаатар тухайн iphone-12 загварын гар утсыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж хохирогч, эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрийн өмч адил ашиглаж, хууль бус эзэмшил тогтоосон нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх уг гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинж хангагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 301-ээс 9999 нэгж хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1’300’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангажээ.

2.3. Шүүгдэгч Ц.Ганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ц.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бүрэнбэхэд 1’300’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан. Шүүгдэгч Ц.Ганбаатар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ж.Бүрэнбэхийн Хаан банк дахь 5063056012 тоот данс руу 1’300’000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Ганбаатарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.Ганбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), гэрч Л.Цолмонбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас), Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 70-76 дугаар хуудас), Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/20 дугаартай магадлалын хуулбар (хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас) зэргийг цуглуулж, бэхжүүлсэн байна.

Дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/20 дугаартай магадлалаар тус зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч нь хохирогчийн гар утасны үнэлгээ болох 1’300’000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

3. Улсын яллагч “...өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Уг ялаас урьд цагдан хоригдсон 88 хоногийг хасаж тооцох саналтай. Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа Баянхонгор аймгаас гадагш зорчихыг хориглохоор тогтоох саналтай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Тэнссэн хугацаанаас хойш Ц.Ганбаатарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэх зүйлд холбогдоогүй. ...прокурорын сонсгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоол, өнөөдрийн шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх санал, шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж байсан, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.

3.2. Шүүгдэгч Ц.Ганбаатарт Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/20 дугаартай магадлалаар тус зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ганбаатарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байна. Тодруулбал Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/20 дугаартай магадлалаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээс өмнө шүүгдэгч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тэнссэн хугацаанд бус тэнсэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй болно.

3.3. Мөрдөгч 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Ц.Ганбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, цагдан хориогүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ахиад ургийн овогт Цолмонбаатарын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганбаатарыг 500 (таван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ганбаатар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА