| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0024/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарантуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч Б.Насанбуян,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хард овогт Батбаярын Насанбуянд холбогдох эрүүгийн 2433000000009 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг Их-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Цемент шохой ХХК-ийн краны цахилгаанчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг Сайхан сум ..... дүгээр баг, ............. тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 79 тоот шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хард овогт Батбаярын Насанбуян РД:/........................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Насанбуян нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Насанбуян нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ......... дүгээр баг ........ дугаар байрны .......... дүгээр орцны үүдэнд хохирогч Б.Гэрэлчулууныг “найз охинтой хувийн харьцаа тогтоосон байна” гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж түүний биед их тархины бөмбөлгийн тархины эдийн няцрал, дагз хэсгийн хуйханд шарх, дух, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1.Хохирогч Б.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18, 21-22-р хуудас),
2.Гэрч М.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 46-53, 55-56-р хуудас),
3.Гэрч С.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),
4. Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/
5.Гэрч Г.Анхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/
6. Шинжээч Г.Ганпүрэвээс авсан мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/
7. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай прокурорын зөвшөөрлөөр “Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргуулан авсан Б.Гэрэлчулууны өвчний түүхийн хуулбарууд (хх-ийн 60-69 дүгээр хуудас),
8.Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Ганпүрэвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 76 тоот “Б.Гэрэлчулууны биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт (хх-ийн 3-5-р хуудас),
9.Яаралтай тусламжийн хуудас /насанд хүрэгчид/ (хх-ийн 36-37-р хуудас),
10.Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 28,49- р хуудас),
11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарантуяагийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын хэлтэст гаргасан гомдол, санал, хохирлын баримтууд (хх-ийн 29-35, 114-118-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын газраас шүүгдэгч Б.Насанбуяныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Насанбуян нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Гэрэлчулууныг найз охинтой хувийн харьцаа тогтоосон байна гэх шалтгаанаар зодож толгойн тус газар нь гараараа цохиж түүний биед их тархины бөмбөлгийн тархины эдийн няцрал, дагз хэсгийн хуйханд шарх, дух, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг өөрийн найз охинтойгоо хувийн харьцаа үүсгэсэн гэж хардан шууд санаатай үйлдлээр бие мах бодид нь халдаж гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байгаа болно.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй… гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд уг эрүүгийн хэрэг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч Б.Насанбуянд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Насанбуян хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаар” саналаар нотлогдож байна. /хх-ийн 139 хуудас/
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Насанбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг солихыг Б.Насанбуянд мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарантуяа нь шүүгдэгч Б.Насанбуянаас эмчилгээний болон шатахуун, замын зардалд нийт 7.456.483 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 130, 158-159 хуудас/
Шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарантуяа, өмгөөлөгч Д.Даваахүү нар нь шүүгдэгч Б.Насанбуянаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг үндэслэн хохирогч Б.Гэрэлчулууны эрүүл мэндэд учирсан хохирлыг тухай бүрд нь нэхэмжилж авах, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр, урьд авч байсан цалин хөлсний зөрүү болох 2.029.806 төгрөгийг сар бүр /бүрэн эдгэрч ажил хөдөлмөр эрхлэх хүртэлх хугацаанд/ гаргуулах талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулахаар иргэний нэхэмжлэл гаргасан байна.
Шүүгдэгч Б.Насанбуян шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Би цалингийн зөрүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлнө... гэсэн болно.
Хохирогч Б.Гэрэлчулуун нь гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар тогтоогдсон ба сар бүр 550.000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 650.000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон болох нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 156 хуудас/
Мөн хохирогч Б.Гэрэлчулуун нь ............... компанид ажилладаг бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-т заасны дагуу тооцоход 2024 оны 10 дугаар сард 2.393.590.05 төгрөг, 11 дүгээр сард 2.144.855,78 төгрөг, 12 дугаар сард 3.500.974,82 төгрөгийн цалин авсан байх бөгөөд гурван сарын дундаж цалин хөлс нь 2.679,974 төгрөг байна. /3,500,974,82+2,144,855,78+2,393,590,05=8,039,420,65x3=2,679,806 төгрөг/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн дундаж цалин хөлсний зөрүүг гаргуулахаар нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Б.Гэрэлчулууныг бүрэн эдгэрч ажил хөдөлмөрөө эрхлэх буюу хөдөлмөрийн бүрэн чадвартай болтол нь олох ёстой байсан орлого, цалин хөлсний хөлсний зөрүү / цалин хөлсний дундаж 2,679,806 төгрөг, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр 650.000 төгрөг, зөрүү 2.029.806 төгрөг / 2.029.806 төгрөгийг сар бүр шүүгдэгч Б.Насанбуянаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ шаардлагатай байгаа тул хохирогч, түүний төлөөлөгч нь эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Насанбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хард овогт Батбаярын Насанбуяныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Насанбуянд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Насанбуянд мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь гэм хорын хохиролд 7,456,483 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, хохирогчийг бүрэн эдгэрч ажил хөдөлмөр эрхлэх хүртэл буюу хөдөлмөрийн бүрэн чадвартай болох хүртэл олох ёстой байсан орлого, цалин хөлсний зөрүү 2,029,806 төгрөгийг шүүгдэгчээс сар бүр гаргуулан хохирогч Б.Гэрэлчулуунд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Насанбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН