Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/шш/2021/00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1996 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-32 тоотод оршин суух, Х овгийн Б.Б /регистрийн дугаар ИИ96030201/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 17а-8 тоотод түр оршин суух, Х овгийн Б.Л /регистрийн дугаар РГ97120112/ холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Л танилцаж, хамтран амьдраад бидний дундаас 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр охин Жаргалтогтох төрсөн. Б.Л 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Жаргалтогтохыг өөрийн хүүхэд биш  гээд хамтран амьдрахаа больж Улаанбаатар хот руу өөр хүнтэй нийлж явсан. Миний охин Жаргалтогтох ын охин болохыг баталж, тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Баттулга овогтой Лувсан-Очир миний бие охин Жаргалтогтохыг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Л.Бт холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Л.Бтой 2017 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Жаргалтогтох төрсөн, хүүхдээ нэхэмжлэгч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, “Энхжих Мандираваа” өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн 6101001381 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хариуцагч өөрийгөө 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Жаргалтогтохын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй. Тиймээс Б.Ж эцэг нь Л.Б мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Л.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал, Л.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2. зааснаар охин Б.Жаргалтогтохыг 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүний 50 хувийг 1 жилээр тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгөөр тооцож хариуцагч Л.Боос гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Ж эцэг нь Хайрхан овгийн Б. Л мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Ж 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Л.Боос гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Боос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                           Р.Ү