Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00090

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Л.Оюунтуяа, хохирогч С.Норов, шүүгдэгч Н.Шинэ-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Нацагдоржийн Шинэ-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201714000148 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Алаг адуун овгийн Нацагдоржийн Шинэ-Эрдэнэ.  /ФМ 85122979/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Шинэ-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 93-27 ОРХ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 16 дугаар гудамжинд явган зорчигч С.Норовыг ухрах үйлдэл хийж байхдаа мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Н.Шинэ-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 93-27 ОРХ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 16 дугаар гудамжинд явган зорчигч С.Норовыг ухрах үйлдэл хийж байхдаа мөргөж бие махбодид нь зүүн дунд чөмөгний ясны товгорууд дайрсан хугарал, бага товгорын сэлтэрсэн хугарал, зүүн цавинд цус хуралт, зүүн гуянд 2 тооны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

        Шүүгдэгч Н.Шинэ-Эрдэнэ шүүх хуралдаанд: 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 93-27 ОРХ улсын дугаартай машинтайгаа таксинд явж байсан. Тэгээд 2-1-р байрны зогсоол дээрээс эхнэр, нөхөр 2 гар өргөөд суусан. Тэр 2 Хабитат явна гэхээр нь Сонорхайрханы урд талаас 2 хүн аваад Эрдэнэс хүнсний дэлгүүр дээр бууна гээд эхлээд суусан ах хэлсэн. Их залуу самбар дээр эхлээд суусан ахын эхнэрийг буулгасан. Сонорхайрханаас суусан 2 хүн цаашаа хүргүүлнэ гэсэн чинь эхэлж суусан ах дөхөөд бууя гэсэн. Эрдэнэс дэлгүүрийн арын гудамжаар ертөнцийн зүгээр баруун зүгт эргээд Яргуйт овоотын 16 дугаар гудамжинд өгсүүр газар машин хий эргээд зогссон. Тэгээд хүмүүс буух гэсэн чинь эхлээд суусан ах онгойдоггүй хаалган дээр суусан болохоор би өөрөө бууж гаднаас нь онгойлгож өгсөн. Тэр ах буугаад явахаар нь ухрах үйлдэл хийх гээд толиндоо харахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Тэгээд ухарсан чинь хажуу талын хүн хүн дайрчихлаа гэсэн. Буугаад харсан чинь нэг ах хэвтэж байсан. Би энэ ахыг суулгаад өрхийн эмнэлэг хүргээд гайгүй гэхээр нь явсан юм. Эмчилгээний зардал бэлэн 2 800 000 төгрөг төлсөн. Эмчилгээ унаанд 200 000 төгрөг зарцуулсан. Нийт 3 000 000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

 Хохирогч С.Норов шүүхийн хэлэлцүүлэгт:  ... Надад эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг төлсөн гэж үзэж болно. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Шүүгдэгчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй өгнө үү гэв.

 

     Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтэнд: С.Норовын биед баруун зүүн дунд чөмөгний ясны товгорууд дайрсан хугарал, бага товгорын сэлтэрсэн хугарал, зүүн цавинд цус хуралт, зүүн гуянд 2 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.  Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 20 тал/

 

        Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай: 1. Тоёото приус маркийн 93-27 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Н.Шинэ-Эрдэнэ нь МУ-ын замын хөдөлгөөний хууль дүрмийн 7-р бүлэг. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхэд зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.

   - Явган зорчигч /хохирогч/ С.Норов нь Монгол Улсын замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчөөгүй байна.

   - Тоёото прусс маркийн 93-27 ОРХ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Н.Шинэ-Эрдэний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна  гэсэн дүгнэлт /хх-ийн 23 тал/

 

        Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Н.Шинэ-Эрдэний үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

     

       Хохирогч С.Норов нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэжээ.

  

     Иймд шүүгдэгч Н.Шинэ-Эрдэнэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч С.Норов нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн №В1116531 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Н.Шинэ-Эрдэнэд буцаан олгож, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

      1. Шүүгдэгч Алаг адуун овгийн Нацагдоржийн Шинэ-Эрдэнийг /ФМ 85122979/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Н.Шинэ-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201714000148 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №В1116531 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Н.Шинэ-Эрдэнэд буцаан олгосугай.

       5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        6. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

 

  1.