Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2022/0049

 

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Р,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,

            Гуравдагч этгээд: Д.С нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд Д.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Тилеухавыл, орчуулагчаар Ж.Ахмарал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч М.Р нь шүүхэд анх Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох тухай” (1) нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг захирамжийн М.Рд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар(2) нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

2. Өлгий сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр иргэн Р.Хгийн 031304630 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Рд шилжүүлснээр нэхэмжлэгч Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 750 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болж, газрын даамлаас 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 0368027 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

3. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон дээрх шийдвэрүүдийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр үерийн гамшгийн улмаас өөрийнхөө эзэмшиж байсан газраа хүчингүй болгуулах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчид Өлгий сумын Засаг даргын 2018 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжийн холбогдох хэсгээр тус сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 600 м2 газрыг шинээр эзэмшүүлсэн байна.

4. Маргаан бүхий 750 м2 газрын 720  м2 газрыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/47 дугаар захирамжаар иргэн Д.Сд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр өмчлүүлжээ.

5. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухайгаа мэдсэн үеэс  Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаар захирамжийн талаар дээд шатны Засаг даргад  гаргасан гэх гомдлыг Баян-Өлгий Засаг даргаас шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1-01/254 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө  “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өлгий сумын Засаг даргад 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай газрыг чөлөөлж өгсөн тул 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар олгож өгөх агуулгатай өргөдөл гаргасны дагуу танд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс Өлгий сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжаар 600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг тусган бүртгэсэн байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй.” гэжээ.

6. Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлдээ:

6.1. Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжаар үерийн гамшгийн улмаас өөрийнхөө эзэмшиж байсан газраа хүчингүй болгуулах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр Өлгий сумын  9 дүгээр багт эзэмшдэг газрын эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус. Би газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй.

6.2 Хариуцагч талаас үерийн улмаас орон гэрээ алдсан бүх  иргэдийн газрыг хүчингүй болгож, шинээр газар олгосон гэсэн тайлбар гаргасан боловч надаас бусад иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байна.

6.3. Маргаан бүхий захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгийг үндэслэсэн ба Газрын тухай хууль болон бусад хуулийн ямар нэгэн заалтыг үндэслэл болгоогүй юм. Энэ нь хууль зүйн хувьд ч илт үндэслэл муутай захирамж болсон.

6.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт нь илт хууль бус болох тохиолдлуудыг зохицуулсан. Хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан.  Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг гаргахдаа миний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

6.5. Өлгий сумын 9 дүгээр багт байрлах газрыг аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дүгээр захирамжаар Д.Сд өмчлүүлсэн нь хууль бус гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

7.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 152 дугаартай захирамжийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 750 м2 газрыг тус багийн оршин суугч Р.Хгаас 2011 онд 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 277 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үерийн гамшгийн улмаас өөрийн эзэмшиж байсан газраа хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан гэх үндэслэлээр тухайн газрыг хүчингүй болгосон гэж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгчээс ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй.

7.2. Өлгий сумын Засаг даргын 2016 оны  277 дугаартай захирамж гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байна. Нэхэмжлэгч Казакстан улсаас ирсэн тусламжийн дагуу байр авч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багаас газар эзэмших болсон байна. Үүний дараа тухайн газарт амьдрахгүй болж өмнөх эзэмшиж байсан газарт амьдрахаар очсон боловч өөр хүнд өмчлүүлсэн байна. Энэ талаар 2022 оны 02 дугаар  сард мэдсэн.

7.3. Нэхэмжлэгчийн зүгээс 277 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан.

Захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэл болгосон, энэ нь  аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын эрхтэй холбоотой заалт юм.

7.4. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаартай захирамжийг илт хууль бус гэдгийг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, иймээс маргаан бүхий газрыг Д.Сд өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны А/469 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлага гаргасан гэв.  

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрхийн шийдвэрүүдээ хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаагүй, иймээс иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх ашигт халдсан шийдвэр гаргасан нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч захиргааны акт илт хууль бусад тооцоогдох үндэслэл болно.

8.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан газар эзэмших  эрх дуусгавар болох үндэслэлүүдэд тухайн газарт хүн амьдрах боломжгүй болсон талаарх эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэсэн гэх  хариуцагчийн үндэслэл хамаарахгүй.

 8.3. Гэрч нараас иргэн Д.С нь маргаан бүхий газрыг нөхөн сэргээж авъя гэсэн хүсэлт гаргаснаар эзэмшүүлсэн гэж мэдүүлсэн боловч гуравдагч этгээдээс нөхөн сэргээж авъя гэж хүсэлт гаргаагүй, харин нэг удаа газар эзэмших эрхээ эдэлж газар эзэмшсэн гэж тайлбарласнаар гуравдагч этгээд болон гэрч нарын өгсөн мэдүүлэг хоорондоо зөрсөн.

8.4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, хүний эзэмшилд байсан газрыг шууд өөр хүнд булааж авч өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

8.5. Хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

8.6. Хариуцагч талаас маргаан бүхий газрын оронд нөхөн төлбөр болгож өөр газарт нүүлгэсэн, үерт автагдсан газрыг төр буцаан авсан, энэ талаар тохиролцсон юм шиг тайлбар гаргасан нь бүгд үндэслэлгүй. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч өөр хүнээс худалдаж авсан тул М.Р нэг удаа үнэ төлбөргүйгээр газар эзэмших эрхтэй байсан. 2016 оны 7 дугаар сард үер болсон үед түр оршин суух газар болон байшин олгосон асуудал бол гадаад улсуудын өгсөн хандив тусламж, дотоодын иргэд аж ахуйн нэгж байгууллага, Монгол Улсын Засгийн газраас олгосон хандив тусламжийн ачаар тухайн иргэдийг түр амьдрах орон байртай болгосон. Энэ нь өмнөх газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай асуудалд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

9. Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

9.1 2016 оны 7 дугаар сард Өлгий сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үерийн гамшиг болж тодорхой хэсэг газрууд үерт автсан. Нэхэмжлэгч М.Рйн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан газар цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаар захирамж гарсан.

9.2. Өлгий сумын Засаг даргын  2016 оны 277 дугаар захирамж гарсны дараа М.Р нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай газрыг чөлөөлж өгсөн тул 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар олгож өгөх агуулгатай өргөдөл гаргасны дагуу  тус багаас Өлгий сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжаар 600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг тусган бүртгэсэн байна.

9.3. Ингээд сул чөлөөтэй болсон 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай газрыг хүсэлт гаргаснаар иргэн Д.Сд Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/47 дугаар захирамжаар эзэмшүүлж, улмаар аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дүгээр захирамжаар өмчлүүлсэн нь хуульд нийцсэн шийдвэр болно.

9.4 Нэхэмжлэгч 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үерт автсан газрыг хүчингүй болгуулахаар өргөдөл хүсэлт гараагүй, өөр бусад газар эзэмшээгүй хэмээн дурдсан байх бөгөөд 2018 онд А/146 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан газраа 2020 оны А/337 дугаар захирамжийн дагуу А.З гэх иргэнд шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

10.1. Тухайн үед нэхэмжлэгчийн оршин сууж байгаа газар нь үерт нэрвэгдсэн. Энэхүү байдлын улмаас тухайн газрыг ашиглах боломжгүй болсон талаар мэргэжлийн байгууллагын акт гарсан тул зөвхөн  М. Рыскелди биш тухайн нутаг дэвсгэрт үерт нэрвэгдсэн айлуудад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс шинээр газар олгосон юм. Шинээр олгосон газарт газрын гэрчилгээ олгох үед М.Р нь маргаан бүхий газрыг чөлөөлсөн тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс олгосон газрыг гэрчилгээжүүлж өгөх тухай хүсэлт гаргасан.

10.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тухайн газрыг хүчингүй болгосон гэдэг нь үндэслэлгүй юм. Уг газрыг цаашид ашиглах боломжгүй болсон нөхцөл үүссэн, нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. 2016-2022 он хүртэлх хугацаанд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд ашиглаж байх хугацаанд М.Р ямар нэгэн байдлаар гомдол санал гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

11.1. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч М.Р нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад Өлгий сумын 9 дүгээр багт байгаа газрыг чөлөөлж өгсөн тул 10 дугаар багт байдаг газрыг олгож өгөх тухай хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийн дагуу М.Рйн эзэмшлээс  маргаан бүхий газрыг мэдээллийн сангаас хасаж өгсөн. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар иргэн Д.Сд тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна. Иргэн Д.С нь газар өмчлөх тухай хүсэлт гаргасан тул хүсэлтийг нь хангаж, Баян-Өлгий аймгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн А/469 дугаартай захирамжаар хуульд заасны дагуу газар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

12. Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа:

12.1 Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар 2019 оны 12 дугаар сард Өлгий сумын Засаг даргад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хүсэж өргөдөл гаргасан.

Уг өргөдлийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын Засаг даргын А/47 дугаар захирамжаар 720 м2 газрыг Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 50 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн.

12.2. Дараа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан ба 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/469 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар уг газрыг өмчлүүлсэн.

12.3.Энэхүү захирамжийн дагуу би “Өлгий Ланд” ХХК-ийн инженер С.Зулхупарт хандсанаар нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг тогтоож хүлээлгэж өгсөн акт үйлдсэн. Уг актыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнуудад өгөхөд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэгж талбар нь 8312020834 дугаартай кадастрын зургийг гарган  баталгаажуулж өгсөн.

12.4  2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/469 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж, Улсын бүртгэлийн хэлтсээс 720 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-0213007657 дугаарт бүртгэж, 000479467 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

12.5. 2016 оны 07 дугаар сард үерт авагдсан уг газарт 2020 оноос хойш 600 тооны камаз маркийн тээврийн хэрэгслээр шороо буулган тэгшилж, 8х4 хэмжээний зуны байрыг хөөсөн блокоор, 8х4 хэмжээний гараашийг стандарт блокоор, 4х4 хэмжээний  амбаарыг стандарт блокоор, цэвэр усны худаг, жорлон зэргийг хөлсөөр болон өөрсдөө барьж, нийтдээ 69 000 000 төгрөг зарцуулсан. Эдгээр ажлыг банкнаас 28 000 000 төгрөгийн зээл авч хийх гүйцэтгэсэн. Цаашид уг газарт энэ жилээс эхлэн өвлийн байшин барихаар төлөвлөж материалаа бэлтгэж байгаа болно.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

13.1. Газрын тухай хуулийн дагуу уг газрыг эзэмшиж, дараа нь  өмчилж авч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаа.  Нэхэмжлэгч М.Р 2022 оны 6 дугаар сарын үед Баян-Өлгий аймагт ирж, манай нөхөртэй уулзахдаа “та нарын авсан газар надад хамааралгүй, өөр газраас газар эзэмших гэсэн юм.” гэж хэлсэн байна гэв.

14. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

14.1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээд Д.С нь 2019 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшүүлэх өргөдөл гаргасны дагуу  2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар 720 м2 газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

14.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүсэлт гаргаснаар 2020 оны 6 дугаар сарын 22-ний өдөр А/469 дугаартай захирамжаар Д.Сд газар өмчлүүлсэн байна. Засаг даргын дээрх шийдвэрүүд нь  Газрын тухай хуулийн 29, 30, 31, 32, 34 дүгээр зүйлд зааснаар эрх хэмжээний хүрээнд гаргасан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12, 20, 21, 22, 23 дугаар зүйлд заасантай нийцсэн.

14.3. 2020 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн газар өмчлүүлэх захирамжийг үндэслээд Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаснаар 2020 оны 7 дугаар сарын 8-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байгаа 8312020834 нэгж талбарын дугаартай 720 м2 газрын өмчлөгчөөр Д.Сийг бүртгэж, 00213007657 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

14.4. Маргаан бүхий газарт 69 000 000 төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн.

14.5. Уг газар нь Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшгийн үед усанд автагдсанаас цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 277 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамжаар М.Рд тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироохгүй байх үүднээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын А/146 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт 600 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж зааж өгсөн. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын А/146 дугаартай захирамжаар 10 дугаар багт 600 м2  газар эзэмшиж, ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хууль тогтоомжийн хүрээнд заасан үнэ төлбөргүйгээр эзэмших газар авсан ба маргаан бүхий захиргааны актуудаас болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудал гараагүй.

14.6. Өлгий сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаартай захирамжаар шинээр дахин газар эзэмшиж байгаад 2020 оны 03 дугаар сарын 4-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээгээр иргэн уг газрыг н.Зт 13 000 000 төгрөгөөр худалдан шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдсөн талаар хэрэгт нотлох баримт аваагдаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжийн М.Рд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох (1), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгох (2) шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 750 м2 газрыг нэхэмжлэгч М.Рд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 0368027 дугаартай гэрчилгээг  хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр “үерийн гамшгийн улмаас өөрийнхөө эзэмшиж байсан газраа хүчингүй болгуулах хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс өөрт нь газар эзэмших эрх олгосон дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаагүй, уг газрыг анх иргэн  Р.Хгаас худалдан авч үнэ төлбөртэйгөөр эзэмшсэн гэж маргажээ.

 3. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэж заасан. Нэхэмжлэгч анх Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай маргаан бүхий 750 м2 газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмаар өмнөх эзэмшигч Р.Хн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах замаар  Өлгий сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн байна. Энэ тохиолдлыг нэхэмжлэгч тухайн газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу үнэ төлбөргүйгээр эзэмшсэн гэж үзнэ.

4. Иргэн Р.Х нь шүүхэд гэрчийн хувиар “...ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй 750 м2 талбайтай хоосон газрыг М.Рд 500 000 төгрөгөөр худалдсан.” гэж мэдүүлсэн боловч Газрын тухай хуулийн 29.1 дэх заалтын агуулгыг  уг зүйлд заасан журмаар газар эзэмшихдээ төрд газрын үнэ төлөхгүйгээр авахыг ойлгоно. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д хуулийн 29.1-д заасан газрыг эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар заасан.  Иймд нэхэмжлэгч маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авахдаа  өмнөх газар эзэмшигч иргэнд  500 000 төгрөг төлснийг тухайн газрыг үнэ төлбөртэйгөөр эзэмшсэн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч М.Р нь Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай газартаа амьдарч байсан үед 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4,6,9,11 дүгээр багийн зарим нутаг дэвсгэр нь үер усны гамшигт нэрвэгдэж, тус газарт амьдардаг айл өрхүүдэд эд хөрөнгийн хохирол учирсан байх ба нэхэмжлэгчийн хувьд түүний хашаа байшин, зуны байр, амбаар, гараж, нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд усанд автсанаас бүгд нурсан, худгийн ус бохирдсон, дээрх шалтгаанаар нэхэмжлэгч холбогдох газарт тусламж үзүүлэх тухай хүсэлт гаргасан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19/326 дугаартай албан бичгээр шүүхэд хүргүүлсэн гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн “Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай” 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай акт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/340 дугаартай албан бичиг, Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгч М.Рйн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл, үер болсоны дараах маргаан бүхий газрын фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон.

6. Өлгий сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай захирамжийг гаргасны дараа 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багаас нэхэмжлэгчид гэр бүлийн  хэрэгцээний зориулалтаар 600 м2 газрыг шинээр эзэмшүүлж, газрын даамлаас 000685187 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

            7. Дээрх үйл баримтын талаар шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч Өлгий сумын газрын даамал Б.Аээс “...2016 оны 07 дугаар сард болсон үерийн улмаас Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэдийн амьдарч байсан орон гэр, хашаа нь  ашиглагдах боломжгүй болж, газар нь бохирлогдсон, хүн амьдрах боломжгүй болсон талаар тухайн үед гарсан мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдийг үндэслэн үерт өртсөн айл өрхүүдэд өөр багаас буюу Өлгий сумын 10 дугаар багаас шинээр газар олгохоор болж, тус багт нүүлгэн шилжүүлж суурьшуулсан. Харин газар эзэмшүүлэх шийдвэр нь 2018 онд гарсан.

Тухайн үед үерийн гамшгийн улмаас оршин сууж байсан газартаа амьдрах боломжгүй болсон учраас уг газрын эзэмших эрхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, шинээр газар эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргаж өгнө гэдгийг иргэдэд мэдэгдсэн. Энэ зарчмаар иргэн М.Р хүсэлтээ газрын албанд гаргасан.  Хүсэлтүүдийг газрын даамал Т.З хүлээж авч, өмнөх газрын эзэмших эрхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох, шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах ажиллагааг хариуцаж, харин гэрчилгээ олгох ажиллагааг би хариуцаж ажилласан.” гэж, гэрч Өлгий сумын газрын даамал Т.Заас “...Өлгий сумын 10 дугаар багт нүүлгэн шилжүүлсэн хүмүүст тухайн 10 дугаар багт газар эзэмшиж сууна гэвэл хууль зүйн үүднээс үерт өртсөн өмнөх  газрын эзэмших эрхийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа шинээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг тайлбарлаж хэлж байсан.  Үүний дагуу М.Р нь Өлгий сумын 9 дүгээр багт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтээ гаргасны дагуу Засаг даргын 2016 оны 277 дугаар захирамж гарах болсон. М.Рйн тухайн үед бичгээр гаргасан хүсэлт нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газар болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архиваас олдоогүй, алга болсон байна. Тухайн үед 9 дүгээр багт эзэмшдэг газрын эрхийн шийдвэрүүд нь хүчингүй болсны дараа шинээр 10 дугаар багаас газар эзэмших эрх үүсэхийг М.Р сайн мэдэж байсан. Иймээс Өлгий сумын 10 дугаар багаас шинээр газар эзэмших талаарх гаргасан хүсэлт нь өмнөх газраа би чөлөөлсөн учраас шинээр газар олгож өгнө үү гэсэн агуулгатай байсан.” гэжээ.

            8. Дээрх нөхцөл байдал болон хэргийн оролцогчдын тайлбарыг дүгнэхэд нэхэмжлэгчийн амьдарч байсан Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 750 м2 газар нь үерийн гамшигт өртсөн, ингэснээр нэхэмжлэгч орон байргүй болж,  тус газарт амьдрах боломжгүй нөхцөл үүссэн, үүний улмаас үерт өртсөн бусад айл өрхүүдийн адилаар 2016 оны 07 сард Өлгий сумын 10 дугаар багт нүүж суурьшсан. Үерт өртсөн газраа нэхэмжлэгч цаашид эзэмшиж, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэрүүдийг Өлгий сумын Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 277 дугаартай захирамж гаргаж хүчингүй болгосон. Үүний дараа захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн шинээр суурьшсан Өлгий сумын 10 дугаар багаас 600 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2018 онд  эзэмшүүлсэн байна.

            9. Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаартай захирамж гарсан тухайн  үед Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 750 м2 газрыг өөрт нь эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй боловч маргаан бүхий  газар нь  үерийн гамшигт өртсөний улмаас уг газарт нэхэмжлэгч оршин сууж амьдрах боломжгүй нөхцөл үүссэнээр захиргааны байгууллагаас М.Рд 2018 онд Өлгий сумын 10 дугаар багаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 600 м2 газар эзэмшүүлж,  нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  зааснаар 0,07 га хүртэл газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй эзэмших эрхээр хангасан байна. Энэ тохиолдолд өмнө амьдарч байсан газрыг эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч талаас Өлгий сумын 10 дугаар багаас шинээр газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой Өлгий сумын Засаг даргад гаргасан гэх газраа чөлөөлж өгсөн тул шинээр газар эзэмшүүлэхийг хүссэн агуулгатай өргөдлийг би бичээгүй, хандив, тусламжийн журмаар шинээр газар эзэмшүүлсэн, тиймээс маргаан бүхий газрыг хэвээр эзэмших эрхтэй гэж маргасан.

11. Уг өргөдлийг бичсэн бичиг нь нэхэмжлэгч М.Рйн бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загвартай тохирохгүйг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22/32 дугаартай дүгнэлтээр шинжээч тогтоосон боловч нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргын 2018 оны А/146 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багаас шинээр газар эзэмшүүлснийг зөвшөөрч, тухайн газартаа оршин сууж байгаад 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/337 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар иргэн А.Зд шилжүүлсэн байна.  Энэ тохиолдлыг нэхэмжлэгч М.Р нь Монгол Улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан 0.07 га хүртэл газрыг үнэ төлбөргүйгээр эзэмших эрхээ эдэлсэн гэж үзнэ.

12. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байна;” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж, 29.1-д зааснаар Монгол Улсын  иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг 0.07 га-гаас илүүгүй байхаар тус тус заасан. Хуулийн 29 дүгээр зүйлд заасан хэмжээнээс илүү газар эзэмшихээр бол хуулийн 33 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргын 2018 оны А/146 дугаар захирамжаар тус сумын 10 дугаар багаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн мөртлөө маргаан бүхий 750 м2 газрыг давхар эзэмших эрхтэй гэж үзж маргасан нь  Газрын тухай хуулийн 29.1-д заасантай нийцээгүй, хууль бус байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаас гадна хандив тусламжийн журмаар үнэ төлбөргүйгээр газар эзэмшүүлэхээр хуульд заагаагүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан нь мөн үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

13. Дээрх байдлаар Өлгий сумын Засаг даргаас 2016 онд 277 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгч М.Рйн  маргаан бүхий газрыг эзэмших эрхийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь үерийн гамшгийн улмаас тус газарт нэхэмжлэгч цаашид амьдрах боломжгүй болсонтой холбоотой байх ба нэхэмжлэгчийн хуульд зааснаар газар эзэмших эрхийг хангаж, түүнд Өлгий сумын 10 дугаар багаас Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар шинээр газар эзэмшүүлсэн байх тул хариуцагчаас 277 дугаар захирамж гаргасан нь, уг захирамжид Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул дээрх шийдвэрийн М.Рд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна.

14. Маргаан бүхий  газрын 720 м2 газрыг Өлгий сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/47 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Сд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байх ба энэ талаар гуравдагч этгээдээс “Өлгий сумын Засаг даргад 2019 оны 12 дугаар сард хүсэлт гаргаснаар уг газрыг эзэмшсэн, үерийн ус тогтсон уг газарт 600 камаз маркийн машинаар шороо буулгаж, газрын эвдрэлийг засаж нөхөн сэргээлт хийсэн, уг газарт худаг ухсан, зуны байр, амбаар барьсан зэрэгт нийт 69 000 000 төгрөг зарцуулсан. Гэр бүлийн  хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа.”  гэжээ.

15. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ:” 4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний;”, 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй  өмчлүүлэх;”, 12 дугаар зүйлийн 12.1.3-т “аймгийн төвийн сумын Засаг дарга   болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;“ гэж тус тус заасан.

16. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрүүдийг Өлгий сумын Засаг дарга 2016 онд 277 дугаар захирамжаар хүчингүй болгосноор уг газар нь сул чөлөөтэй газарт хамаарах бөгөөд байгалийн гамшгийн улмаас эвдрэлд орсон уг газрыг гуравдагч этгээд эзэмшихийг зөвшөөрсөн, улмаар тус газарт нөхөн сэргээлт хийсэн, дээрх төрлийн үл хөдлөх хөрөнгө барьж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нь гэрч Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг дарга А.Ж мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

17. Дээрх үндэслэлээр Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж  шүүхээс дүгнэсэн ба маргаан бүхий сул газрыг эрх бүхий этгээдээс гуравдагч этгээд Д.Сд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр мөн зориулалтаар өмчлүүлснийг нэхэмжлэгчийн эрх болон Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдэд өмчлүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж маргасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж  заасан. Гуравдагч этгээд төлөвлөгөөнд тусгасан газрыг өмчлөх эрхтэй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй боловч маргаан бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр Баян-Өлгий аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх, хэрэв тусгаагүй тохиолдолд уг газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлсэн бол эдгээр нь  нэхэмжлэгчийн эрхэд чиглэгдээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж дүгнэлээ.

19. Нэхэмжлэгч талаас Өлгий сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 277 дугаар захирамж гаргаж, М.Рд маргаан бүхий  газрыг эзэмших эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй, тайлбар авч, сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагч талаас уг захирамжийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гаргасан гэж маргасан.

20. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж, харин 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:”, 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;” гэж тус тус заасан.

21. Гэрч Өлгий сумын газрын даамал Т.Заас “М.Р нь Өлгий сумын 9 дүгээр багт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтээ гаргасны дагуу Засаг даргын 2016 оны 277 дугаар захирамж гарах болсон. М.Рйн тухайн үед бичгээр гаргасан хүсэлт нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газар болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архиваас олдоогүй, алга болсон байна. Тухайн үед 9 дүгээр багт эзэмшдэг газрын эрхийн шийдвэрүүд нь хүчингүй болсны дараа шинээр 10 багаас газар эзэмших эрх үүсэхийг М.Р сайн мэдэж байсан.” гэж мэдүүлсэн боловч өөр бусад нотлох баримтаар нэхэмжлэгч тухайн үед хүсэлт гаргасан эсэх нь хөтөлбөргүй тогтоогдоогүй.

Иймээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулах ёстой гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байж болох ч дээр дурьдсан үндэслэлээр Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаартай уг захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй тохиолдолд уг захирамжийг батлан гаргахын өмнө нь захиргааны албан тушаалтны хувьд хариуцагч нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, тайлбар, санал аваагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Рйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Мийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Рд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА