| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/01565/и |
| Дугаар | 142/шш/2021/00011 |
| Огноо | 2020-12-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 142/шш/2021/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овгийн Ц.Л /регистрийн дугаар / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овгийн Б.Г /регистрийн дугаар ФБ98060611/ холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Л, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Л нь Б.Гтэй 2016 оноос үерхэж эхлээд 2017 оноос манайд хамт амьдарч ирсэн. Бидний дундаас охин Наранцэцэг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Б.Г намайг төрөхөөс өмнө буюу 2019 оны 12 дугаар сард манайхаас яваад уулзахаа байсан. Төрөхөөс өмнө болон хүүхдээ төрсний дараа надтай уулзах нь бүү хэл утсаар ч яриагүйгээс гадна хүүхдээ ч хараагүй өдийг хүрч байна. Иймд охин Наранцэцэгийн эцэг нь Б.Г мөн болохыг тогтоож, хүүхдэд маань эцгээс нь тэтгэлэг тогтоон сар бүр олгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Г нь 2016 оноос Ц.Лтай үерхсэн нь үнэн. 2017 оноос Ц.Лгийнд амьдарч байсан юм байхгүй. Хоёр талдаа ирж очин амьдардаг байсан. Хүүхдээ төрөхөөс өмнө байнга сална, наад зулбасгаа миний биенээс гарга, төрөхөөр нь аваад зайлаарай гэдэг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин Наранцэцэг болно. Төрсний дараа эмнэлэгээс гарахад нь очсон. Эхэлж очиход байсан боловч цэцэг, шинэ өлгий авчихаад буцаад ирэхэд явсан байсан. Утсаа ч авахгүй, гэртээ ч байхгүй байсан болно. Надаар ч овоглоогүй, надтай хамааралгүй байснаа гэнэт тэтгэлэг гаргуулна гэхэд нь үнэхээр их гайхлаа. Намайг ажил ч хийлгэдэггүй, таксинд явъя гэхээр явуулдаггүй байсан байж тэтгэлэг гэхээр үнэхээр гайхаж байна. Гэхдээ миний хүүхэд учраас би тэтгэлэгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л хариуцагч Б.Гд холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Л хариуцагч Б.Гтэй 2016 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин Л.Наранцэцэг төрсөн, хүүхдээ нэхэмжлэгч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, Анхны-Оч өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн 6101000024 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Хариуцагч өөрийгөө 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Л.Наранцэцэгийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.Тиймээс Л.Наранцэцэгийн эцэг нь Б.Г мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Гэс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал, Б.Г нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-д зааснаар охин Л.Наранцэцэгийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүний 50 хувийг 1 жилээр тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгөөр тооцож хариуцагч Б.Гэс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Л.Н-ийн эцэг нь Т овгийн Б.Г мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Л.Н-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Гэс гаргуулан нэхэмжлэгч Ц.Лд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.Ү