Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 142/шш/2021/01421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах Б халх овгийн С.Б /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух М овгийн Ш.С / регистрийн дугаар /-д холбогдох 2 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн хэлмэрч Г.М хариуцагч Ш.С, хариуцагчийн хэлмэрч Г.М нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ш.С нь надаас 2014 онд 2 300 000 төгрөгийг сүлжээ хийнэ гэж хэлээд авсан. Миний бие хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 2014 онд надтай адил хөгжлийн бэрхшээлтэй 50 хүнийг Хятад улсын Эрээн хот руу авч явж, бизнесийн сүлжээ гэж Хятад хэл дээр гэрээ байгуулж, 2 300 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд одоог хүртэл мөнгөө өгөхгүй олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хохироож байна. Тухайн үед намайг Ш.Сд 2 300 000 төгрөгийг бэлнээр өгснийг гэрчлэх бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Иймд Ш.Сос 2 300 000 төгрөгийг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч  Ш.С хариу тайлбартаа: “...Миний бие Ш.С нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С.Баас надад ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Хятадын сүлжээнд С.Б бид 2 хоёулаа хамт орсон бөгөөд адилхан хохирол амссан. С.Бын нэхэмжилж буй мөнгийг анхнаасаа би аваагүй, харин тэр Хятадын сүлжээнд сайн дураараа оруулсан тул надад хамааралгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ш.Сд холбогдуулан 2 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 онд Хятад улсад очоод сүлжээний бизнест орохоор болж Ш.С надаас 2 300 000 төгрөгийг авч хятад хүмүүст өгсөн.Тиймээс энэ 2 300 000 төгрөгийг Ш.Сос нэхэмжилж байна” гэж,

Хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг “...С.Бын нэхэмжилж буй мөнгийг анхнаасаа би аваагүй, харин тэр Хятадын сүлжээнд сайн дураараа оруулсан тул надад хамааралгүй” гэж тус тус тайлбарлаж байгаа.

С.Б, Ш.С нар 2014 оны 04 дүгээр сард БНХАУ-ын Эрээн хотод очсон байх ба нэхэмжлэгч С.Б нь “Жинжоу Арилжаа Холдинг” компанид 2 300 000 төгрөгийн буюу 3000 юаны хөрөнгө оруулалт хийж, компани нь компанийн ашгаас хөрөнгө оруулагч С.Бд хөрөнгө оруулалтын өгөөж төлнө, хөрөнгө оруулагч хамгийн сүүлд авах мөнгөн дүн нь хөрөнгө оруулсан мөнгөн дүнгийн 200%-300% байна гэж тохиролцон гэрээ хийж, С.Б гэрээнд гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Жинжоу хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хятад хэл дээрхи гэрээний эх хувийг “Арфа” ХХК-ийн орчуулгын товчоогоор орчуулж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан тул шүүх шийдвэрийн үндэслэл болгосон.

Нэхэмжлэгч С.Б нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр “Жинжоу Арилжаа Холдинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, түүнчлэн С.Б Ш.С нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “...Ш.С нь надаас 2 300 000 төгрөгийг сүлжээ хийнэ гэж хэлээд авсан” гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч С.Б хариуцагч Ш.Сд 2 300 000 төгрөгийг өгсөн, шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх ба харин шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, Жинжоу хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтаар С.Б нь “Жинжоу Арилжаа Холдинг” компанид 2 300 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь буюу сүлжээний бизнест элсэн орсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ш.С-ыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Бын хариуцагч Ш.Сд холбогдуулан гаргасан 2 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Р.Ү