| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/01421/и |
| Дугаар | 142/шш/2021/01414 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/шш/2021/01414
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овгийн Б.О /регистрийн дугаар/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Э” ТӨҮГ-т холбогдох авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.О 2004 оны 10 дугаар сард “Э” ТӨҮГ-т гагнуурчны ажлын байрны сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Энэ үеэс хойш 16 жил “Э” ТӨҮГ-ын авто тээврийн байгууллагад гагнуурчнаар тогтвор суурьшилтай ажилласан. Миний бие нь арьс харшил, хордлоготой бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ээлжинд гарах байсан боловч харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уугаад нойрмог байдалтай болсон. Энэ тухайгаа ээлжийн мастер З.Гочоосүрэнд 99355604 дугаарын утсаар мэдэгдсэн боловч “ энэ ээлжинд ганцхан гагнуурчинтай, ир” гэсэн боловч би биеийн байдлаас болж очиж чадаагүй. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа ирэхэд надаар тайлбар бичүүлж авсан ба мастер удирдах хүмүүстэй ая эвийг нь олж уучлах байх гэж итгээд “шалтгаангүйгээр ирээгүй” гэж бичиж өгсөн. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цехийн дарга санал гаргаж, халагдах тушаал 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр гарсныг 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авлаа. Миний биеийн байдал ямархуу байдгийг хамт ажиллагсад мэднэ. Тэдэнтэй хамт усанд ороход ч хэцүү байдаг. Би одоо эхнэр 3 хүүхдийн хамт, өөрийн гэсэн орон байргүй, эхнэр А.Баянжаргал БНСУ яваад гацсан тул 6 микрт 2 хүүхэдтэйгээ /том охин оюутан/ айлын байранд амьдарч байна. Би ажлаас халагдсан асуудлаа өөрийн ажлын газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон холбоогоор танилцуулж, хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр энэ гомдлыг шүүхэд гаргаж байна. Би үнэхээр биеийн байдлын улмаас ээлжийн доторх 12 цагийн ажилд очиж чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6.3.1-д заасан 3 хоногийн ажил таслаагүй, хуульч намайг ажлаас халж Хөдөлмөрийн гэрээ цуцалсан Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хууль зүйн хувьд зөрчилтэй, шүүхээр дүгнэлт өгүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн амьдралын байдлаа үндэслэл болгож, олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг зэргийг үндэслэл болгож байна. Иймд намайг “Э” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд буцаан тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Оаас “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэгчийн гаргасан давтан зөрчлийн талаар
Нэхэмжлэгч Б.О нь “Э” Т^ӨҮГ-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт цахилгаан хийн гагнуурчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул “Э” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Нэхэмжлэгч Б.О нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр тайлбар гаргасан бөгөөд энэхүү тушаалд гомдол гаргаагүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн ээлжинд гарах үүрэгтэй байсан боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 тоот тушаалаар түүнгэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
“Э” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-т Ажилтан “Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/-ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл г.м/ мэдэгдэх /үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх” үүрэгтэй гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уусан. ... биеийн байдлаасаа болж очиж чадаагүй” гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх баримтаа огт ирүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь үнэн болно” гэх тайлбарыг өөрийн гараар бичиж өгч, давтан гаргасан зөрчлөө хүлэон зөвшөөрсөн байдаг. Тиймээс нэхэмжпэгч Б.Оын гаргасан биеийн эрүүл мэндийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх тайлбар холбогдох оаримтуудаар нотлогдоогүй учраас ажил олгогч түүнийг ажил тасалсан зөрчил давтан гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, “Э” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс хэтрээгүй байхыг ойлгодог. Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж Автотээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зуйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... биеийн байдлын улмаас 12 цагийн ажилд очиж чадаагүй” гэх боловч энэ нь холбргдох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд мөн “... 3 хоногийн ажил таслаагүй” гэх хэрэгт хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгчийн гаргасан өмнөх сахилгын зөрчлүүдийн талаар
Нэхэмжлэгч Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан тул “Э” ХХК-ийн Автотээврийн байгууллагын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/202 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул “Э” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/183 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслахад цехийн даргаас дахин анхааруулга өгч байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлж, үнэнчээр хөдөлмөрлөх нь ажилтны гол үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас зөвшөөрөлгүй эрт буух, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг мөртлөө үнэхээр биеийн байдлын улмаас ажилд очиж чадаагүй, ... 3 хоногийн ажил таслаагүй, ... Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны Б/1670 тоот тушаал хууль зүйн хувьд зөрчилтэй, ... олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг” гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О “Э” ТӨҮГ-т холбогдуулан авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГ-ын Автотээврийн байгууллагад 2004 оноос хойш гагнуурчнаар ажиллаж байсан бөгөөд хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 дугаар тушаалаар Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тушаал гарсан өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын дээрх Б/1670 дугаар тушаал, 20/19/994 дугаартай хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., “Э” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 заалтуудыг үндэслэн ....Б.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласугай гэжээ.
Ажил олгогч ажилтан Б.От 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн дотор ажил тасалсан” гэсэн үндэслэлээр Б/175 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба Б.О энэ шийдвэрт гомдол гаргаагүй байна.
Ийнхүү сахилгын шийтгэл хүлээснээс хойш Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан нь Б.Оын “...09 дүгээр сарын 20-ны шөнийн ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь үнэн болно” гэсэн тайлбар, ажлын цаг бүртгэлийн тайлан зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно” гэж заасан ба Б.О сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна.
“Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д “өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүсээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессэж, факс, өргөдөл гэх мэт / мэдэгдэх, үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/ ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногт бүрдүүлж өгөх” гэж заасан байна.
2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.О өөрийн шууд удирдлага болох н.Гочоосүрэнд ажилдаа ирэх боломжгүй болсон гэдгээ утсаар мэдэгдсэн нь тогтоогдож байх боловч тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 15 хоногийн хугацаанд ажилд ирж чадахгүйд хүргэсэн шалтгаан нөхцлийг нотолсон баримтыг бүрдүүлж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба тэрээр “...би арьс харшил, хордлоготой учраас эм уусан. Эм ууснаас шалтгаалаад ажилдаа очих боломжгүй байсан” гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Тиймээс нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оын “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.Ү