Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/шш/2021/01386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овгийн Д.Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б овгийн Б.А-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 174 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Б миний бие хариуцагч Б.Аззаяагийн хүсэлтийн дагуу түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд зээлийн хүүг 5 хувиар тогтоосон. Уг зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссан ба Б.А үндсэн зээл 60 000 000 төгрөг болон нэг сарын хүү 3 000 000 төгрөг нийт 7 сарын хүү 21 000 000 төгрөгийн хүүгийн төлбөр нийт 81 000 000 төгрөгийг огт төлөөгүй.

Мөн Б.А-тай 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 72 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 25-наас 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үндсэн зээл 72 000 000 төгрөг болон 1 сарын хүү 3 600 000 төгрөг 6 сарын хүүгийн төлбөр 21 600 000 төгрөг нийт 93 600 000 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу төлбөл зохих нийт 174 600 000 төгрөгийг төлөхийг хариуцагч Б.А-с удаа дараа шаардахад элдэв шалтаг тоочих, утсаа авахгүй байх, хугацаа өгөхийг хүсэх гэх мэтээр төлөхгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд хариуцагч Б.А-с 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 60 000 000 төгрөг 7 сарын хүү 21 000 000 төгрөгийн хүүгийн төлбөр нийт 81 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 72 000 000 төгрөг 6 сарын хүүгийн төлбөр 21 600 000 төгрөг нийт 93 600 000 төгрөг нийт 174 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 174 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, мөн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 72 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч Б.А-н Хаан банк дахь 5127025028 тоот дансанд 60 000 000 төгрөг, 72 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Б шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээнүүд, зохигчдын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаан дээр хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн данс руу мөнгө шилжиж орсон гэдэгтэй маргаагүй.

Зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Б.А-н өмчлөлд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 72 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Б.А шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүүний талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нийт 132 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул тэрээр хариуцагчаас үндсэн зээл болон гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй.

Зээлдэгч Б.АД.Бээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 72 000 000 төгрөгийн үндсэн зээлийг авсан байх ба дээрхи зээлийн гэрээгээр тохирсон хүүг төлөөгүй байх тул 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60 000 000 төгрөг, 7 сарын хүү 21 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 72 000 000 төгрөг, 6 сарын хүү 21 600 000 төгрөг, нийт 174 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч нь зээлийг авсан талаар, мөн хүүгийн хэмжээний талаар маргаагүй, шүүхээс өгсөн хугацаанд тайлбар гаргаагүй байна.

Хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж өгөх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн материалыг 2020 оны 09 дүгээр сарын 07, 2020 оны 10 дугаар сарын 22-нд тус танилцуулсан байх ба тэрээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулсан, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн сонгон авсан өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан хүсэлтийг үндэслэн хойшлуулсан байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  гар утсаар нь холбогдож 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагт шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 030 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1 030 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А-с 174 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 030 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.А-с 1 030 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4912 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Р.Ү