Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0342/З |
Дугаар | 128/ШШ2022/0573 |
Огноо | 2022-08-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х*********" ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т*********,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*********,
Маргааны төрөл: “Х*********" ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар цуцалж, хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х*********" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Х*********" ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч “Х*********" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын “Баруун богины ам” нэртэй газарт 1.62 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгосныг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2016/185 дугаар гэрчилгээг, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/129 дүгээр газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулжээ.
Дээрх газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч тус газарт “Б*******”-ын барилга барихаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17/009 дүгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
3. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мөрдөгчийн 15 дугаар мэдэгдлийг хүргүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх бүхий иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдсэн байна.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8032 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцлах захиргааны акт гаргах болсон тул тайлбар, санал, нотлох баримтуудаа [email protected] хаягаар ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуг тус хаягт хүргүүлжээ.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах санал бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байна.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “Х*********” ХХК-ийн 0.53, 1.18 га газрын газар ашиглах эрхийг цуцалжээ.
4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 297 дугаар, 323 дугаар албан бичгүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хувийг хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн аваад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0309 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай гомдлыг, харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09/42 дугаар албан бичгээр уг тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай саналыг гаргаж өгөхийг хүссэн байна.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уламжилж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж, дахин 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09/21 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсэлт гаргажээ.
Улмаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09/29 дүгээр албан бичгээр дахин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандахад тус яамны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09/1342 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй талаар мэдэгдснийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2946 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцаахад нэхэмжлэгчээс дахин 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлснийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай компани нь 2018 оноос хойш өөрийн эзэмшлийн 1,62 га газарт амралт, аялал жуулчлалын зориулалттай цогцолборын барилга угсралтын ажлыг эхлүүлэн 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр нийгэм цаг үеийн нөхцөл байдал болох “Ковид-19" өвчний цар тахлын үед бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан үйл ажиллагаа түр зогссоноос бусдаар газраа зориулалтын дагуу ашиглан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/50 дугаартай тушаалд зааснаар газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлгүй болно. “Х*********" ХХК нь газрын төлбөр төлөлттэй холбоотой ямар нэгэн зөрчилгүй. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан үүргээ биелүүлж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай тооцоо нийлсэн 820190121 тоот актыг үйлдэж, 2016-2019 оны хооронд газрын төлбөрт нийт 85,276,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2021 оны газрын төлбөр болох 11,189,375 төгрөгийг төлсөн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/50 дугаар тушаалд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохоор заасан байхад манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/50 дугаар тушаал нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломж, нөхцөлийг хааж, боогдуулан хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж “Х*********” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/50 дугаар тушаалын “Х*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х*********” ХХК 2016 оноос хойш тухайн газраа ашигласан. Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон Хан-Уул дүүргийн Газрын албатай гурвалсан гэрээ байгуулж, уг гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан. Уг үйл ажиллагааны үндсэн дээр аялал жуулчлалын зориулалттай отоглох объектийг барьж байгуулахаар зураг төсөл боловсруулан батлуулж 2016 оноос хойш барилгын үйл ажиллагаа явагдаж байсан. Тухайн үйл ажиллагаа явуулахдаа 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн зарцуулж хэвийн явагдаж байсан. Гэтэл үйл ажиллагаа явуулаагүй гэж үздэг. Тэгэхээр үйл ажилгагаа явуулаагүй гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна.
2016, 2017, 2018, 2019 онд дарааллаад газрын төлбөрөө тухай бүрд нь төлөөд тооцоо нийлсэн акт хийгээд явж байсан. Үүгээр гэрээнд заасны дагуу газрыг тогтмол ашиглаж байсан гэж үзэж байна. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзээд байна. Газрын төлбөрийг 2016 оноос хойш 2019 оныг хүртэл тогтмол хэвийн төлж явсан. Гэтэл 2020 оны нөхцөл байдал нь дэлхийн нийтийн хувьд “Ковид-19” цар тахал таарсан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газрын захиргаанд хүсэлт гаргасан. Газрын төлбөрийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг авсан, аваагүй нь мэдэгдээгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр акт тавьж, газар ашиглах эрхийг шууд цуцалсан. Эдгээр 3 үндэслэлд “Х*********” ХХК хамаарахгүй байна. Газрын албанаас 2020 оны төлбөрийг төлөөгүй гэдэг нэхэмжлэл гарч ирээд байна. Гэтэл 2020 оны нөхцөл байдалд газрын төлбөр 20,000,000 төгрөгөөр байсан учраас цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж төлбөр төлөх хугацааг сунгаж өгнө үү гэдэг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын захиргаанд хүргүүлсэн байдаг. Хариу ирээгүй байхад шууд цуцалж байгаа нь газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлд хамаагүй гэж үзэж байна.” гэв.
7. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д "...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгосон байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Х*********" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Баруун богины амны хязгаарлалтын бүсэд 1.72 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан болно.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох, актыг мэдэгдэх ажиллагааг хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хавтаст хэргийн 121 дүгээр талд байгаа Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн тооцоо нийлсэн акт байна. Үүнээс төлбөрийг харахад 2015 онд 0 төгрөг, 2017 онд 0 төгрөг төлсөн. 2018 онд 21,000,000 төгрөг төлөхөөс 20,197,000 төгрөгийг төлсөн байна. Эцсийн үлдэгдэл нь 26,513,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хугацаандаа төлбөрийг төлсөн төлөөгүйтэй холбоотой асуудал дээр 2016, 2017, 2019 онуудад төлөөгүй байна. Үүгээр төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь нотлогдож байна. Тусгай хамгаалалттай газар ашиглах түр журам гэж байдаг. Газар ашиглах эрх авахад иргэн, аж ахуйн нэгж нь санхүүгийн чадвартай, үйл ажиллагаа явуулах боломжтой байх ёстой байдаг. Санхүүгийн чадамжтай аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших эрх авдаг. Хуульд газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлөх асуудал болохоос дараа нь нөхөж төлөх асуудал биш. Газрын төлбөрийг урьдчилаад төлж болно. Газрын тухай хуульд зааснаар тухайн онуудад төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй асуудал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байна.
Газар ашиглах эрхийг авахдаа ийм зориулалтаар ашиглана гэх төслөө хэрэгжүүлээд, байгаль орчны үнэлгээ хийлгэдэг. Байгаль орчны үнэлгээ гэдэг нь тухайн бүс нутагт сөрөг нөлөөтэй байна уу, үгүй юу гэдгийг харгалзан үзэн зөвшөөрөл олгодог. Тэгэхээр анх олгосон зөвшөөрлөөс өөр зориулалтаар ашигласан. Нэхэмжлэгч компани нь А, Б гэсэн хоёр талбайтай. Газрын үйлчлэлээр нэг талбай дээр барилга байгууламж барьсан нь нотлогдож байна. Нөгөө газар дээрээ барилга байгууламж бариагүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрлөө. Хэзээ барилга байгууламж барих нь тогтоогдохгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар;
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4.”Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заажээ.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8032 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг нэхэмжлэгч хүлээн авч, тус яамны [email protected] хаяг руу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тайлбар, холбогдох баримтуудаа хүргүүлсэн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4015 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь мэдэгдлийг хүлээн аваад газрын төлбөр төлсөн болон тухайн газарт барилга барьж байгаа талаарх хариуг хүргүүлсээр байхад хариуцагч хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлж нэхэмжлэгчээс хүргүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.
2. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын үндэслэлийн тухайд;
2.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход нэгд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, хоёрт зориулалтын дагуу ашиглаагүй байх, гуравт 2 жил дарааллан ашиглаагүй байх нөхцлийг хуульд заажээ.
Нэхэмжлэгч нь тус газарт “Б*******”-ын барилга барихаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17/009 дүгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилга барих үйл ажиллагааг эхлүүлсэн байгаагаас үзвэл 2016 онд газар газар ашиглах эрхтэй болсноос хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл газраа ашиглахын тулд барилга барихаар гэрээ байгуулж, барилга барих ажлыг эхлүүлсэн үйл ажиллагаа нь ашиглах эрх бүхий газар дээрээ бодитоор үйл ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл болох бөгөөд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Хэдийгээр хариуцагчаас “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон” гэж маргаж байгаа ч нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын Баруун богины аманд буюу хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг олгосон нь нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нь хуульд нийцэхгүй гэж үзлээ.
2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.3.”газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заажээ.
Хэрэгт авагдсан “Х*********” ХХК-ийн газар ашиглах 2018/129 дүгээр гэрээний газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөрийн хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байсан болон маргаан бүхий акт гарснаас хойш буюу 2021 онд 11,189,375 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 024 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил түр зогссон тул 2020 оны газрын төлбөрийг 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэж хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн авсан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, “Х*********” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад тушаал гаргаж газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2020 оны газрын төлбөрийг төлөөгүй байсан боловч тухайн ондоо багтааж төлөх талаар урьдчилан мэдэгдэж хүсэлт гаргасныг хариуцагч нь уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь дээр дурдснаар Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
2.3. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Нэхэмжлэгч нь А, Б гэсэн хоёр талбайтай. Нэг талбай дээр барилга байгууламж барьсан нь нотлогдож байна. Нөгөө газар дээрээ барилга байгууламж бариагүй …” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчид нэг нэгж талбар буюу 1,62 га газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар олгож, газар ашиглах 2016/185 дугаар гэрчилгээг олгожээ.
Улмаар газрын кадастрын мэдээллийн санд ашиглах эрх бүхий 1,62 га газрыг 0.53, 1.18 га-гаар хоёр нэгж талбар болгон бүртгэсэн боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.”Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж зааснаар нэгж талбар бүр дээр гэрчилгээ олгоогүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь 2 тусдаа нэгж талбар байх боловч ашиглах эрхийн гэрчилгээ нь нэг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Х*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*********” ХХК-иас Байгаль орчин аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Х*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН