Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/шш/2021/01382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Ү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч:  Т овгийн Д.Д 

Нэхэмжлэгч: Г овгийн Б.Ш

Нэхэмжлэгч:  Г овгийн Б.Б нарын нэхэмжлэлтэй,   

  Хариуцагч:  Г овгийн Л.Б-д холбогдох,   

Хашаа байшин үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш, Д.Д, Б.Ш, хариуцагч Л.Б нар онлайнаар, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь

  Нэхэмжлэгч Б.Ш, Д.Д, Б.Ш нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай аав ээж хоёр 2015 онд салаад 5 жил болж байна. Бидний дундын өмчлөлийн хашаа байшин Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 32-8б тоотод байдаг. Энэ хашаанд ээж маань амьдардаг. Тухайн хашааг анх 2008 онд хцдалдаж авахдаа аав Л.Бы нэр дээр худалдаж авч байсан. Аав ээж хоёр маань тусдаа амьдраад олон жил болсон тул бичиг баримтаа солих хүсэлт аав Л.Бд гаргасан. Гэвч бид гурваас 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн жил дүү бид 2 оюутан, ээж ажлаасаа цалингийн зээлтэй гарчихсан, хашаа байшин банкны барьцаанд зээлтэй байсан. Аав амьдралын хүнд үед гэр орон, бид гурвыг орхиод явсан. Бид банкны өрөө дарж хашаа байшингаа барьцаанаас гаргаж байсан. Бид гурав ярилцсны үр дүнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хашаа байшингаа албан ёсоор үнэлгээ хийлгэсэн. Үнэ 9 872 943 төгрөг болсон.

Иймд бидний нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Хамтран нэхэмжлэл гаргаж байгаа гишүүд маань миний нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн тул бидний дундын өмчлөлийн хашаа байшинг миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Л.Б миний бие эхнэр Д.Дтай 1991 онд ханилан сууж, 2007 онд бид Эрдэнэт хотод шилжин очихдоо Баянхонгор аймаг дахь хоёр 5 ханатай гэрийг түрээслэн амьдарч байсан. 2008 онд Эрдэнэт дэх хашаа байшингаа найз нөхдөөсөө зээлийн байдлаар мөнгийг нь хуваан өгч авч байсан. Уг хашаа байшинг авахад Шижиртуяа 11 дүгээр анги, Шижирбаатар 9 дүгээр ангийн сурагч байсан бөгөөд ямар ч мөнгө төгрөг өгч нэмэр хандив ороогүй болно. Харин ээж бид хоёр нь ажил хийж байсан. Шижиртуяа нь миний дагавар хүүхэд бөгөөд би багаас нь өөрөөрөө овоглож, сургууль соёлыг нь төгсгөж, өөрийн хүүхэд адил өсгөж өндийлгөсөн. Шижиртуяаг ШУТИС-ийг 4 жил, дараа нь магистрт 1 жил, дүү Шижирбаатарыг Улаанбаатар дээд сургуульд суралцуулах хугацаанд 2 өрөө байр түрээслүүлж, хоол унд, хувцас зэргийг хангаж, /сургалтын төлбөр/ ээжийнх нь хамт өөрийн үүргээ биелүүлсэн. Уг хашаа байшинг банкны барьцаанд тавих үндэслэл нь 2 хүүхдийн сургалтын төлбөр, хүүдээ машин авч өгсөн юм. Гэрээсээ явах болсон шалтгаан нь намайг тэр гэрт хэн ч үнэлдэггүй нь сэтгэл хөргөсөн. Намайг явснаас хойш зээлээ төлж чадахгүй 6 000 000 гаруй төгрөг болгосон байсныг 2015 онд очиж 4 200 000 төгрөгийг төлөөд үлдсэн мөнгийг Д.Д төлөхөөр болоод тохирч үлдсэн. Миний бие 2008 онд Оросын холбооны улсад нүдний болор, торлог солиулах мэс засал хийлгээд зүүн нүдний торлог ховхорч дахин хагалгаанд явж амжилтгүй болсон. Энэ хагалгааны зардлыг миний аав, ээж, ах дүү нар төлж би нэг нүдтэй болсон. Дахин нүд муудаж, Улаанбаатар хотод “Солонго” эмнэлэгт нүдний болор суулгуулж, торлог наалгаж нэг нүдтэй болсон. /75%-ийн группт орсон/ 2008 оноос 2014 он хүртэлх хугацаанд ажил хийж олсон цалин мөнгөө энэ 2 хүүхдийг боловсролтой болгоход зарцуулж байсан. Би архи ууж, тамхи татдаггүй. Миний хувьд эд нараас мөнгө төгрөг нэхэж байсан зүйл байхгүй. Харин өмнө нь хашаа байшингийн нэр шилжүүлье гэхээр нь 2 хувааж авъя гэж байсан. Түүнээс хойш сураггүй байж байгаад хэдэн төгрөг авах вэ? гэрчилгээний нэрээ солиулъя гэхээр нь 6 000 000 төгрөг өгчих, би нүдэндээ хагалгаа хийлгэнэ гэсэн. Одоо энэ хашаа байшинг Шижиртуяад өгөхгүй. Би ядрахын цагтаа орох оронтой байх ёстой. Энэ бол хүний үндсэн эрх гэж бодож байна. Би хүүхдүүдээ өсгөж өндийлгөх үүргээ биелүүлсэн. Яагаад Шижиртуяад өгч эзэмшүүлэх ёстой юм бэ. Би эхнэрээсээ салахдаа бүх тавилга юмаа үлдээгээд өмссөн хувцастайгаа л гарсан. Түүнээс хойш 5 жил эзэмшээгүй, эд нар шилжиж явсан. Би одоог хүртэл ах дүү, найз нөхдөөрөө туслуулж, түрээсийн байранд амьдарч байна. Миний гэх юм энэ хашаа байшин байгаа. Түүнээс дундын өмч биш. Иймд Шижиртуяагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш, Д.Д, Б.Ш нар нь Л.Бд холбогдуулан хашаа байшин үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Д.Д, Л.Б нар 1991 онд гэр бүл болж хамтран амьдарч, 1994 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 1994 оны 08 сард хүү Г.Шижирбаатар төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 онооос хойш одоог хүртэл 5 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа нь Г.Шижирбаатарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 32 дугаар гудамж 08б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 625м2 газар, 40м2 талбайтай хувийн сууцыг үнэлсэн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үнэлгээгээр буюу 9 872 943 төгрөгийг 4 хувааж 1 хүнд ногдох 2 468 235 төгрөгийг хариуцагч Л.Бд өгч Л.Бы нэр дээр байгаа дээрхи үл хөдлөх хөрөнгийг Д.Дгийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргаж байгааг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч “...би “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үнэлгээ буюу 9 872 943 төгрөгийг зөвшөөрч байгаа. Харин үнэлгээний 50% болох 4 936 471 төгрөгийг би авна.Г.Шижиртуяад ногдох хэсэг өгөхгүй” гэж маргаж байгаа.

Д.Д, Л.Б нар 1994 онд гэр бүл болсноос хойш 2007 онд Эрдэнэт хотод шилжин ирэхдээ одоогийн Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 32 дугаар гудамж 08б тоотод байрлах газар, хувийн сууцыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Л.Бы нэр дээр авсан болох нь зохигчдын тайлбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Д.Д, Л.Б нар гэрлэлтээ цуцлуулаагүй боловч эд хөрөнгийн ногдох хэсэг, эрх шилжүүлэх асуудлаар маргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1., Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.-д заасныг баримтлан маргааныг шүүх шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126 дугаар зүйлийн 126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан.

Д.Д, Л.Б нар 1994 онд гэрлэснээс хойш 2008 онд Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 32 дугаар гудамж 08б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 625м2 газар, 40м2 талбайтай хувийн сууцыг худалдан авсан буюу бий болгосон байх тул уг хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм.

Хариуцагч Л.Б “...Б.Ш миний дагавар охин, түүнчлэн эд хөрөнгийг бий болгоход түүний оролцоо байхгүй тул түүнд ногдох хэсэг өгөхгүй” гэж маргаж байгаа. Б.Ш нь Л.Бы дагавар охин болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, зохигч хэн аль нь энэ асуудлаар маргаагүй.

Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т зааснаар дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-.д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.

Түүнчлэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан.

Тиймээс Б.Ш Л.Бы дагавар хүүхэд гэдэг нь эд хөрөнгийн түүнд ногдох хэсгийг хасах, хязгаарлах үндэслэл биш юм.

Харин Б.Ш нөхөр, үр хүүхэдтэй болж, эрх бүхий байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртүүлсэн, өөрөөр хэлбэл тусдаа өрх айл болж амьдарч байгаа тул Д.Д, Л.Б нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг ногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үнэлгээ болох 9 872 943 төгрөгийг 3 хувааж 1 хүнд ногдох 3 290 981 төгрөгийг Д.Д, Б.Ш нараас гаргуулж хариуцагч Л.Бд олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 32 дугаар гудамж 08б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 625м2 газар, 40м2 талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг Д.Д, Б.Ш нарт шилжүүлэн өгөхийг хариуцагч Л.Бд даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 67 606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                     

                                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 32 дугаар гудамж 08б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 625м2 газар, 40м2 талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг Д.Д, Б.Ш нарт шилжүүлэн өгөхийг хариуцагч Л.Бд даалгаж, Д.Д, Б.Ш нараас 3 290 981 төгрөг гаргуулж хариуцагч Л.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 67 606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.Ү