| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0129/э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатиган овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001240141 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ******* ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатиган овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Хатиган овогт ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч “...найз гэрт ганцаараа орж “Сэнгүүр” гэх шошготой 2,5 литрийн савлагаатай 2 пивог юм ярьж суунгаа ууцгаасан ба ингээд тэдний гэрээс шөнийн 01 цагийн орчимд ******* сумын 2 дугаар баг, “Төв” хорооллын 1-12 тоотод оршин суудаг аавынхаа гэр рүү явлаа гэхэд хамт архи уусан найз Батбэх надад хандан “чи аавынхаа гэр рүү явах гэж байгаа бол намайг замдаа ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах /зурагтай шар байр/ буюу 42 дугаар байрны гадаа буулгачих, би хүнтэй уулзана” гэж хэлэхээр нь зөвшөөрч хамт тэдний гэрээс гараад миний хувьд өөрөө маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. ...******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зурагтай шар байр буюу 42 дугаар байрны гадаа найз буулгаад ганцаараа буцаж төв замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байхад замын цагдаа улаан модоор дохиж зогсоогоод ... миний согтуурлыг шалгахад надаас 1,38 хувийн согтолтын зэрэг гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...2024 оны 03 дугаар сарын 25-ны орой шөнийн 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаа хамтаар үүрэг гүйцэтгэсэн ба шөнийн 01 цагийн орчимд ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй төв зам дээр тээврийн хэрэгсэл шалгаж байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй саарал өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирэхээр нь зохицуулагчийн дохиогоор буюу улаан модоор дохиж зогсооход жолооны хүрдэн дээр ******* гэх залуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба тухайн үед ганцаараа явж байсан. Миний хувьд согтууруулах ундааны зүйл шалгадаг тандагч багажаар эхлээд шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдон улмаар тээврийн хэрэгсэл түр хадгалах журмын хашаанд аваачин драгер багажаар шалгахад 1,38 хувийн согтолт илэрсэн. Тухайн үед маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 25/, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч амьсгал дахь спиртийн агууламж 1.38 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул ******* Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатиган овогт ******* .........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ........ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА