Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/шш/2020/01269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х овогт П.Б-д холбогдох автомашины үнэ болон сэлбэг, үйлчилгээ авахад зарцуулсан нийт 11 787 500 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.  

ТОДОЙРХОЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр П.Баас 3293 ОРО улсын дугаартай GWS204-0006289 аралын дугаартай Toyota Crown-204 маркын сувдан цагаан машиныг 11 379 500 төгрөгөөр худалдаж авсан. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус машиныг “Авто Прайм” ХХК-ийн барьцаанд 1 513 500 төгрөгийн барьцаанд байсныг чөлөөлж өөрийн нэр дээр авсан. Үлдэгдэл 9 366 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөө 4 удаа тасалж Хаан банкны Эрдэнэтуяа гэх данс руу хийсэн. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тухайн машин нь цэнхэр машин байсан бөгөөд цагаан өнгөөр гадна хэсгийг бүтэн будаж байсныг мэдээд П.Бд мэдэгдэж зарсан машинаа буцааж ав, мөнгөө авъя, чи гупернээс өөр газар будаггүй гэсэн мөртлөө бүтэн будсан байна гэж хэлснээс хойш утсаа авахаа больсон. Facebook чатаар намайг блок хийсэн байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр уулзахдаа Улаанбаатар хотоос Бенз маркын авто машин ачуулсан, Одоо Булган аймаг явж авч ирэх гэж байгаа гэж хэлсэн. Гэтэл П.Б 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны хооронд Хөвсгөл аймгаас Subaru forester машиныг худалдаж авсан байсан юм байна лээ. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч залилангийн хэрэг биш гэж прокурор руу шилжүүлсэн боловч шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр надад мэдэгдсэн. Прокурорын тогтоолоос харахад П.Б нь худлаа мэдүүлэг өгсөн нь нотлогдож байгаа. П.Б нь 3293 ОРО улсын дугаартай авто машинаа приүс30 автомашинаар сольж, Эрдэнэтэд наймаа хийсэн нь нотлогдож байна. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөр хаягнаас над руу чат бичиж доромжилсон. Би 11 379 500 төгрөгийг 10 жил банкинд ажиллаж хуримтлуулж, мөн ээж С.Жаргалмаагаар 6 000 000 төгрөгийн зээл авахуулж байж авсан машин юм. Дээрх машинд маш яаралтай хийгдэх байсан засваруудыг хийлгэсэн. Үүнд: Хропны маслоны насос засвар- 50 000 төгрөг, угаалга- 110 000 төгрөг, моторын лапны суурь- 40 000 төгрөг, урд 2 пүрш- 50 000 төгрөг, моторын тос 68 000 төгрөг, тиаг, ажлын хөлс 90 000 төгрөг зэрэг засварыг хийлгэсэн, 500 000 төгрөгөөр хропны маслоны насос авсан, нийт 11 787 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Миний бие П.Б /ФА94101917/ 2020 оны 08 сарын 17-ны өдөр иргэн Төмөрсүх овогтой Батзоригт GWS204-0006289 арлын дугаартай Тоуоtа Сгоwn-204 маркийн сувдан цагаан өнгийн машиныг 11 379 000 төгрөгөөр худалдсан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уг машиныг Төмөрсүх овогтой Батзориг нь 2 ч удаа шалгасан мөн машиныг унаж үзсэний эцэст авахаар болсон. Машины хропны маслоны насосыг солиулах шаардлагатай байсан тул 500 000 төгрөгийг машины үндсэн мөнгө болох 11 500 000 төгрөгөөс хасч янзлуулж өгнө гэж тохиролцсон боловч сэлбэг захиалах хропны маслоны насос нь 800 000 төгрөг гэсэн. Тэр үед би өөрөөсөө 300 000 төгрөг гаргаж захиалан янзлуулсан. Т.Б нь машины үнээ дахиад хямдруулаач гэж гуйхад би дахин 100 000 төгрөг хасаж нийт 10 900 000 төгрөгөөр машинаа зарсан. Тухайн үед миний зарсан гэх GWS204-0006289 арлын дугаартай Тоуоta crown-204 маркийн сувдан цагаан өнгийн машин нь “Авто Прайм” ХХК-д З 514 000 төгрөгийн зээлтэй байсныг мөн 32 93 ОРО улсын дугаартай машин дээр 20 000 төгрөгний торгуулийг Т.Б машины төлбөр болох 10 900 000 төгрөгөөс 3 514 000 төлж үлдэгдэл болох 7 366 000 төгрөгийг манай төрсөн эгч болох П.Эрдэнэтуяагийн “Хаан банк” дах 5096231054 дугаар данс руу шилжүүлэн өгсөн. Т.Бийн нэр дээр машины бичиг баримтыг шилжүүлэн хүлээлгэн өгч Улаанбаатар хот руу хропны маслоны насосны сэлбэгийг захиалахдаа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т.Боос сэлбэгийн үнэ болох 500 000 төгрөгийг төрсөн эгч болох П.Эрдэнэтуяагийн “Хаан банк” дах 5096231054 тоот данс руу шилжүүлэн авсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Т.Бтой уулзаж машины хропны маслоны насосыг “Ирээдүй төв” гэх засварын газраар солиулж янзлуулсан. Тухайн үед нь би энэ машиныг бүтэн будагтай гэдгийг өөрөө ч мэдээгүй байна. Би 2019 оны 08 дугаар сард авч өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан гэж үнэн учраа хэлсэн. Одоо наймаа буцаах боломжгүй гэдгийг мөн хэлэхэд Т.Б нь маргаашнаас буцаад холбогдъё гээд явсан. Т.Бийн би фэйсбүүк болон утасны дугаарыг блок хийгээгүй мөн ор сураггүй алга болоогүй. Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Тэшиг сум руу ажпаар 3 хоног яваад ирэхэд Т.Б нь над руу зөндөө олон залгаж, мессеж бичиж мөн миний нэр дээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт залилан хийсэн гэх утгатай өргөдөл бичиж өгсөн байсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн мөрдөгч ахлах дэслэгч Цэнд-Аюуш гэх цагдаа залгаж мэдүүлэг авсан. Би мэдүүлэгтээ нэг ч худлаа зүйл дурдаагүй, бодит үнэнийг хэлсэн. Цагдаагийн газраас залилангийн хэрэг биш болох нь тогтоогдож. Прокуророос иргэний хэргийн маргаан тул шүүхэд шилжүүлсэн. Т.Б нь намайг хуурамч РасеЬоок хаянаас чиний дансыг чинь хаалгаж дахиж зээл авч чадахгүй болгоно гэж өөрийн ажил мэргэжлийг урвуулан ашиглаж намайг дарамталсан. GWS204-0006289 арлын дугаартай Тоуоta crown-204 маркийн сувдан цагаан өнгийн 32 93 ОРО гэх улсын дугаартай авто машиныг би Н.Мөнх-Эрдэнэ гэх танилаасаа урьд нь унаж байсан приус-30 маркийн авто машинаар сольж авсан. Тухайн машиныг Н.Мөнх-Эрдэнэ бид хоёр будганд орсон гэдгийг мэдээгүй мөн би худлаа ярьж Т.Бт машинаа зарсан зүйлгүй. “Авто тээврийн үндэсний төв”-д шалгуулаад үзэхэд Монгол улсад импортлогдож орж ирснээсээ хойш ямар нэгэн будаг хийлгээгүй ба өнгө нь солигдоогүй болох нь тогтоогдсон тул Т.Бийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч П.Бд холбогдуулан автомашины үнэ 10 879 500 төгрөг, сэлбэг авах, үйлчилгээ хийлгэхэд зарцуулсан зардал 908 000 төгрөг, нийт 11 787 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа.

Т.Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр П.Баас 32-93 ОРО улсын дугаартай GWS204-0006289 аралын дугаартай Toyota Crown-204 маркын сувдан цагаан өнгийн машиныг худалдан авсан үйл баримт болсон байх ба энэ тухайд талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний худалдах авсан машин сувдан цагаан өнгөтэй байсан.2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр машинаа угаалгаж байгаад цэнхэр өнгөтэй машиныг цагаан өнгөөр бүтэн будсан болохыг мэдсэн.Гол асуудал бол бүтэн будсан машин гэдгийг мэдсээр байж надад гуперээс бусад хэсэг нь будаггүй гэж хэлсэн, би үүнд итгэсэн.Мөн хропны маслоны насосыг 500 000 төгрөгөөр авсан. Машиныг авсны дараа хропны маслоны насос засвар хийхэд 50 000 төгрөг, автомашиныг угаалгахад 110 000 төгрөг, моторын лапны суурь 40 000 төгрөг, урд 2 пүрш 50 000 төгрөг, моторын тос 68 000 төгрөг, тиаг, ажлын хөлс 90 000 төгрөгөөр хийлгэсэн тул автомашины үнэд шилжүүлсэн болон сэлбэг, үйлчилгээ хийлгэхэд гарсан зардалд нийт 11 787 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэж,

Хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг “...би энэ машиныг Н.М гэх танилаасаа өөр машинаар сольж авч байсан.Машиныг будганд орсон гэдгийг Н.М бид 2 мэдээгүй.Худлаа хэлж Т.Бт зараагүй. Монгол улсад импортлогдож орж ирснээс хойш ямар нэгэн будаг хийлгээгүй ба өнгө нь солигдоогүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарлаж байгаа.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч нь биет байдлын доголдолтой буюу хропны маслоны насос, моторын лапны суурь, урд 2 пурш, тиаг эвдэрхий, будганд орсон автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн “...тухайн машиныг Н.Мөнх-Эрдэнэ бид хоёр будганд орсон гэдгийг мэдээгүй, ...машины хропны маслоны насосыг засуулах шаардлагатай байсан” гэсэн тайлбар, фото зургууд, зарлагын баримт, нэхэмжлэх зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах боломжгүй учраас гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан нь, мөн гомдлын шаардлага гаргах хугацаанд шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд нийцэж байна.

Нэхэмжлэгч 32-93 ОРО улсын дугаартай Toyota Crown-204 маркын автомашиныг барьцаалсан байсан Автопрайм ХХК-ийн дансанд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1 513 500 төгрөг, 2 000 000 төгрөг, хариуцагчийн эгч н.Эрдэнэтуяагийн дансанд 7 366 000 төгрөг, нийт автомашины үнэд 10 879 500 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд хариуцагч П.Баас автомашины үнэд шилжүүлсэн 10 879 500 төгрөгийг, мөн доголдлыг арилгахад гарсан зардал болох хропны маслын насос авсан 500 000 төгрөг / 2020 оны 08 дугаар сарын 18-нд н.Эрдэнэтуяа руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа /, 2 ширхэг пүрш авсан 50 000 төгрөг / 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зарлагын баримт /, тиаг, ажлын хөлс төлсөн 90 000 төгрөг, брилтекс 58 000 төгрөг / 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зарлагын баримт / нийт 11 577 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас автомашиныг угаалгахад гарсан зардал 110 000 төгрөг нь доголдолтой холбоотой зардал биш учраас, үлдэх 100 500 төгрөгийн зардал нь нотлох баримтгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчаас автомашины үнийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь 32-93 ОРО улсын дугаартай GWS204-0006289 аралын дугаартай Toyota Crown-204 маркын автомашиныг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэйг дурьдав.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 505 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Баас 200 182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дугаар зүйлийн 254.1.-д заасныг баримтлан хариуцагч П.Баас 11 577 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210 500 төгрөийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 505 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 200 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

              3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.Ү