Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 192

 

                               

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч  Б.Алтанцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ш.Бадраамаг  ҮД:07-52,

шүүгдэгч Т.Самбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд  1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, 04 настай  хүүхдийн  хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 02 дугаар хороо баг 4-16 тоотод оршин суух хаягтай, боловч одоогоор Баянзүрх дүүргийн  17-р хороо, Холбоо толгойн 36-925 /б/ тоотод  түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Шарайд овогт Төмөрбаатарын Самбууд /РД:ЖЕ88100874/,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2396 дугаартай, 105/2017/0195/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

          Т.Самбуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хороо, Цайзын гудамжинд хохирогч Д.Чалхаасүрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 10.000 төгрөг, “Самсунг-Галакси-Ви” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Самбуу мэдүүлэхдээ:  Яллах  дүгнэлтэнд үнэн зөв  бичигдсэн тул  хэргийн талаар ярихгүй  гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд  хохирогч Д.Чалхаасүрэнгийн:.. машинтайгаа ирээд дөнгөж зогстол арай намхан залуу нь миний араас хоолой боогоод тухайн үед би тэр хүмүүстэй ноцолдож байгаад суудлын бүсээ тайлаад машинаасаа буусан…намайг мөнгөө, гар утсаа өг эсвэл амиа өг гэж намхан биетэй залуу нь айлгасан….цагдаа дуудчихаад машиныхаа арын суудлыг үзтэл бор түрийвчтэй бичиг баримт байхаар нь үзтэл намайг эхэлж боодог намхан биетэй залуугийн бичиг баримт, түрийвч байсан. Та хоёр дэмий зүйл хийгээд хэрэггүй сүүлд өөрсдөө асуудалд орно гэж хэлэхэд намхан биетэй залуу нь машиныхаа түлхүүрийг машинтайгаа хамт өг янз бүрийн асуудал гаргах юм бол машины чинь дугаарыг харсан, хаана байгаа газар чинь чамайг ална шүү. Цүнхэнд хутга байгаа тэрийг аваад ир гээд хамт байсан залууд хэлээд байсан….уг залуу намхан залууг миний хоолойг боож байхад тавиулах гэж үзээд ард намхан залууг болиоч гээд байх шиг байсан..гэх мэдүүлэг /хх-н 27, 79-р тал/

 Мөрдөн байцаалтанд  яллагдагч  Т.Самбуу  өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр  жаахан пиво уучихсан мөнгөний хэрэг гарсан тул  таксины жолооч ахыг араас нь боогоод  гар утас болон 10.000 төгрөгийг нь дээрэмдсэн юм  гэх мэдүүлэг / хх-н 85-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-н  72-р тал/

           -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 20-р тал/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 23-25-р тал/,

 -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹8957 тоот  дүгнэлтэнд :

           1. Д.Чалхаасүрэнгийн биед далны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, завжны зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэсэн дүгнэлт /хх-ийн 41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд  Т.Самбуу  2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Чалхаасүрэнгийн  биед халдаж эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 10.000 төгрөг, “Самсунг-Галакси-Ви” маркийн гар утсыг зэрэг нийт 90.000 төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт  болсон  байна.

 Иймд  Т.Самбуу 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хороо, Цайзын гудамжинд хохирогч Д.Чалхаасүрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 10.000 төгрөг, “Самсунг-Галакси-Ви” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх  ба  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  147 дугаар зүйлийн  147.1-т заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй тул гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Самбуу нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 67-р тал/

Шүүгдэгч Т.Самбуу нь хохирогчийн  гар утсыг  хүлээлгэн өгсөн байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 23-р тал/

Шүүгдэгч  Т.Самбуу нь 2016 оны  06 дугаар сарын 26-ны өдрөөс сэжигтнээр,  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс  2016 оны 08 дугаар  сарын 26-ны өдөр  хүртэл  яллагдагчаар нийт 61 хоног цагдан хоригдсон байна. /хх-ийн 44-50-р тал/

Шүүгдэгч Т.Самбуу нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар бусдад  учруулсан хохирлоо сайн дураараа  нөхөн төлсөн,  55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шарайд овогт Төмөрбаатарын Самбууг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Т.Самбууг 3  /гурван/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Самбууд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5.Эрүүгийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Т.Самбуугийн нийт цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Т.Самбууд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын   хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг  Дорнод аймгийн Хэрлэн  сумын   Цагдаагийн тасагт  даалгасугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Самбууд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш   14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Самбууд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ